Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банктай холбогдуулан гурван Ерөнхий сайд, хоёр экс Ерөнхийлөгчийг шалгах улс төрийн чиглэл яригджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 3 секунд
Edited by Ubn.mn

Хөгжлийн банкны хэрэг жижиг “түлхээс” ороход л араасаа олон хүнийг хөлдөө чирэхэд бэлэн байгаа. Хууль хяналтынхан уг хэргийг аль 2016 оноос хойш “эргүүлдэж” шалгалтын ерөнхий чиг шугам, ноён нуруугаа гаргаад удаж буй. Гагцхүү улстөрчид л хяналт, шалгалтад нь саад учруулж, өнөөдрийг хүртэл хав дарсаар ирсэн билээ.

Тэгвэл яг одоо Хөгжлийн банкны асуудал нэн хурцадмал байдалд хүрч МАН-ынхан нэг талдаа бусдыгаа буулгаж авах “зэвсэг”, нөгөө талдаа ирэх сонгуульд хэлэх үгтэй байхын тулд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүд, дарга нартайгаа хуулийн хүрээнд асуудлыг ярих. Цаашлаад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг дотроо хөндөөд эхэлжээ.

Ардын намын цагаан байраар ойрын өдрүүдэд дараагийн сонгуулийн “салхи” сэвэлзэж, үүнд зориулсан улс төрийн “тоглолт”-уудыг хийхээр зэхэж буй сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөгжлийн банкны хэргийг зүгээр орхиж болохгүй. Дараагийн сонгуульд МАН дахиад олонх болох ёстой. Тэр тусмаа үнэмлэхүй олонх болохын тулд одооноос бэлтгэлээ базаах. Энэ хүрээндээ элдэв хэрэг төвөгт холбогдсон гишүүдээсээ “салах”.

Нийгэм Ардын намыг асуудалд хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж буй энэ цаг үед Хөгжлийн банкны асуудал эхэлж, үргэлжилж, ужигарч байх үед төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан эрхмүүдийг шалгаж, хариуцлагын асуудал ярих улс төрийг чиглэл гарчээ.

Тодруулбал, Хөгжлийн банк анх утгаа алдах замналыг эхлүүлсэн тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. “Дамартах” үйл явцыг зогсоохын оронд үргэлжлүүлсэн Ерөнхий сайдууд болох Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах аж.

Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёрын хувьд ойлгомжтой. Хөгжлийн банкны гадаад удирдлагуудыг явуулсан цагаас хойш Н.Батбаярын зөвлөх байсан Н.Мөнхбатыг тус банкны захирлаар томилсон. Энэ цагаас эхлээд барьцаа хөрөнгөгүй зээл гаргахаас эхлээд бусад давуу байдал олгох ажлыг Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нар эхлүүлсэн. Үүний дараагаар Ч.Сайханбилэг уг үйл явцыг таслан зогсоохын оронд мөн л үргэлжлүүлсэн. Тэр ч байтугай “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой бүх зээл түүний үед гарсан байдаг. Улмаар 2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан Хөгжлийн банкны удирдлагуудыг бүрэн өөрчилж өөрийн хүмүүсээ тавьсан. Жишээлбэл, гүйцэтгэх захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Ч.Энхбат нар нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын ойрын найз нөхөд байсан гэх мэдээлэл тухайн үед саарал ордны булан тохойд яригддаж байв.

Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас тус банканд шалгалт хийсэн ч шалгалтын дүнг нь нууцад оруулаад хав дарчихсан. Өөрөөр хэлбэл алдаа завхарлыг арилгахын оронд өөрсдөө нэмж зээл гаргаж, дамруулах ажилд гар бие оролцсон гэсэн үг. Эдгээр Ерөнхий сайдуудын үед төр 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг гаргачихсан. Энэ чанаргүй зээлийнх нь бараг 762.6 тэрбум төгрөгийг нь төрийн өмчит компаниуд аваад “залгичихсан” байгаа юм. Энэ мөнгө эргэн төлөгдөх нь эргэлзээтэй. Тиймээс өрийг нь Засгийн газарт авах саналыг Хөгжлийн банкнаас гаргасан. Хэдийгээр Сангийн сайд “тийм юм байхгүй” гэж зугтаж буй ч ирэх жил бондын мөнгөний эргэн төлөлт ирэхэд улсын төсвөөс гаргахдаа л гаргана.

Харин Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрыг шалгахын тухайд гэвэл мань хоёр хоёулаа Хөгжлийн банктай нэр холбогдоод амжсан. “Сахал” Д.Эрдэнэбилэгийн компаниудад олгосон зээлийг улс төрийн агуулгаараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогж тайлбарлах нь бий. Эрдэнэтийн хувьчлалаас эхлээд “Сахал”-ыг Монголын өнгөтэй өөдтэй төрийн өмч бүхэн дээр туйлахад ард нь Ц.Элбэгдоржийг байсан гэж Ц.Нямдорж сайдаас эхлээд олон хүн ярьдаг. Үүнээс гадна тэрбээр, АСЕМ-тай холбоотой Хөгжлийн банкны зээлд нэр холбогдоод амжсан.

Х.Баттулгын хувьд гэвэл Хөгжлийн банкны дуулианы үеэр түүний зөвлөх, туслах нь их хэмжээний зээл авсан. Үүнийгээ эргүүлж төлөөгүй бөгөөд МоАХ-ны газраа хүртэл барьцаалуулж Хөгжлийн банкнаас зээл авахад нь тусалсан гэх мэдээлэл цацагдсан. Тиймээс Хөгжлийн банкны их дүн бүхий чанаргүй зээлтэй холбоотой хэрэгт хоёр экс Ерөнхийлөгчийг эдгээр шалтгаанаар татаж шалгах бололтой.

Ерөнхийдөө Хөгжлийн банкны асуудал хурцдах тусам иргэдээс ирэх “гал”-ын буулт улам хүнд байх болно. Мэдээж эрх барьж буй намын хувьд нэн яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол ЖДҮ-ийн хэрэг шиг тэгж ингэсгээд өнгөрвөл Хөгжлийн банкны асуудал МАН-д жинхэнээсээ дараагийн сонгуулиар гай болж мэднэ. Үүнээс зугтахын тулд нэр холбогдсон гишүүдийн үнэн мөнийг тогтоохоос гадна дээрх гурван Ерөнхий сайд, хоёр Ерөнхийлөгчийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгах бололтой.

Г.Лхагвадорж

Танктай тэмцсэн үзэл суртал
Танктай тэмцсэн үзэл суртал
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.