Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхгүйгээр өнөөдрийн тогтолцоог зөв зам руу нь чиглүүлэхгүй гэдэг байр суурийг олон судлаачид илэрхийлдэг. Гэвч нөгөө талд нь улс төрийн намаас сонгогдсон гишүүд парламент дээр уг хуулийг “явуулдаггүй”, өөрчлөлтийг хүсдэггүй. Тэгвэл энэ удаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэхээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Сонирхолтой нь хэрвээ хуулийг төсөл бэлэн болж, намууд зөвшилцсөн нөхцөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хуулийг парламентад өргөн барих гэж буй явдал юм. Хэрвээ хуулийн үндсэн концепцоо сайн гаргаж чадвал давдаггүй “даваагаа” давах магадлалтай гэж харж буй юм.
Ингээд хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-Хаврын чуулганы хамгийн хүлээлттэй хуулийн төслүүдийн нэг бол Улс төрийн намын тухай хууль. Өөрчилж чаддаггүй энэ хуулийг шинэчлэх ажлыг Ерөнхийлөгчийн институт манлайлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Төсөл боловсруулах ажлын явц хэр урагштай явагдаж байгаа вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс олон намын тогтолцоо, олон ургалч үзэл рүү шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид улс төрийн намын тухай хуулиа батлаад, дараа нь 2005 онд энэ хуулиа нэг удаа шинэчилж баталсан. Үүнээс хойш улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой, шинэ шатанд гаргах ёстой гэдэг асуудал сүүлийн гурван парламент дамжиж яригдаж байна. Харамсалтай яг парламент дээр орж ирээд дэмжлэг аваад ажил хэрэг болж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Миний хувьд сүүлийн хоёр парламентын ажлын хэсэгт нь орж ажиллаж, тодорхой төслүүд гаргаж байсан гишүүдийн нэг.
Энэ удаагийн парламентад суудалтай улс төрийн намууд болон бусад улс төрийн намууд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд өнгөрсөн намраас хойш тодорхой хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Мөн судлаачидтай хамтраад төслүүд гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулинд Ерөнхийлөгч улс төрийн нам, эвслүүдийн хоорондын эв нэгдлийг хангах, ойлголцуулах чиглэлийн үүрэг байдаг. Улс төрийн намуудаар дамжиж засгийн эрх, төр засгийн эрх мэдэл шилжиж байгаа учраас маш чухал хууль юм. Тиймээс энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барихад болохгүй юм байхгүй гэдэг зүйл яригдсан. Энэ хүрээндээ Ерөнхийлөгч зарлиг гаргаж улс төрийн намын тухай хуульд эрх зүйн шинэчлэл хийх, боловсронгуй болгох чиглэлээр ажиллах ажлыг хэсгийг байгуулаад байна.
Энэ ажлын хэсэгт парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намуудын төлөөллүүд, УИХ-ын холбогдох байнгын хороод, удирдлагуудын төлөөлөл, энэ чиглэлээр гол судалгааг хийж ирсэн МУИС, МУБИС зэрэг сургуулиуд тэргүүтэй судлаачдыг багтаан ажиллаж байна. Мөн дэд ажлын хэсгүүд гарчихсан судалгааны ажил үргэлжилж байна.
"Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн гол хэсэг бол санхүүжилтийг ил тод болгох"
-Өмнөх парламентуудын үед хэд хэдэн хуулийн төслүүд бэлтгэгдэж байсан. Энэ удаагийн улс төрийн намын тухай хуулийн гол концепц нь юу байх вэ. Санхүүжилтээс эхлээд олон зүйлийг л яригдаж байх шиг байна?
-Гурван ч парламентаар дамжаад УИХ дээр гаргаж байсан төслүүд байна. Мөн Хөдөлмөрийн Үндэсний нам, Монгол Ардын нам зэрэг хэд хэдэн намууд энэ чиглэлээр төслүүд гаргаж байсан юм билээ. Эдгээрийг бүгдийг нь нэгтгэн, судалж байна. Ер нь энэ удаагийн улс төрийн намын тухай хуулийн гол концепсийг дөрвөн зүйл дээр анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн намууд нийгмийн хурд, хөгжлийн хурдаа гүйцэхгүй байна. Үүнээс улбаалаад намууд дээр асар их шүүмжлэл ирж байна. Намууд үнэт зүйлээрээ, улс орныг манлайлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Ялангуяа намгүй байх, намаас ангид байх үзэл нийгэмд илүү гарах боллоо. Энэ бол улс төрийн намуудын нэр хүнд муу байгаагийн шинж. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл улс төрийн намаар дамжиж улс төрийн бодлого нь явж, улс төрийн намаар дамжиж боловсон хүчнүүдээ бэлтгэдэг, төрийн эрхийг авах процесст оролцож ирсэн. Ардчилсан нийгэмд ч, тоталитор тогтолцоотой улсад ч, хаант засагтай нийгэмд ч энэ үйл явц адилхан. Тиймээс үнэт зүйл дээрээ түшиглэсэн иргэдийн нэгдэл болсон энэ чиглэлд нам явах ёстой. Тэр утгаараа улс төрийн намууд бодлогын байгууллага байх хэрэгтэй. Бодлогоороо уралддаг, бодлогын мэтгэлцээн хийдэг, бодлого гаргадаг ийм байгууллагууд байхын тулд нэгдүгээр өөрчлөлтийг хийх ёстой.
Хоёрдугаарт, улс төрийн намуудыг дагасан санхүүжилтийг ил тод нээлттэй болгох, ойлгомжтой тодорхой болох асуудлыг иргэд, сонгогчдын зүгээс хамгийн их ярьж байгаа. Олон улсын жишгээр соён гэгээрүүлдэг, бодлого боловсруулдаг, бодлогын институт байдлаар ажиллах чиглэлд санхүүжилтийг нь чиглүүлж, ил тод нээлттэй болгох юм. Дэлхийд улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй хоёр хэлбэр бий. Голдуу хандиваар санхүүждэг Америкийн хэлбэр. Сонгогчдын өгсөн саналтай уялдуулж төсөвтэй уясан Европын санхүүжилт. Энэ санхүүжилт нь иргэдэд улс төрийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, бодлогын чиглэлээр сурталчилгаагаа хийх зэрэгт зарцуулагддаг. Тэгэхээр бид энэ хоёр чиглэлийн алийг нь сонгох вэ. Магадгүй Европын загварчлалаар явах нь илүү дөхүү гэж үзээд санхүүжилтийг төсвөөс сангаар дамжуул олгох хувилбар төсөл дээр урьдчилсан байдлаар яригдаж байна. Гэхдээ төсөл хараахан боловсруулагдаж дуусаагүй байгаа.
Гурав дахь зүйл бол улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт. Намуудыг бодлогын институт болох чиглэл рүү нь дотоод зохион байгуулалтыг нь хуульчилж өгөхгүй бол зарим улс төрийн намууд гучин жил хурлаа хийгээгүй. Тэр байтугай парламентад суудалтай, тэргүүлэх гэгддэг намууд нь 7, 8 жил хурлаа хийдэггүй. Дотроо хоёр, гурав хагардаг. Тодорхой нэг лидер гарч ирээд дотоод ардчилал байхгүй болгочихдог гээд намуудын дотоод асуудал маш их байна. Наанаа намын нэр нь яваад байдаг. Цаана нь хүмүүсийн нэгдэл байхгүй. үзэл бодлын нэгдэл байхгүй, үнэт зүйлийн нэгдэл байхгүй хэсэг бүлэг хүмүүсийн нам гэдэг нэртэй бүлэглэлүүд байна.
-Иргэд төрдөө итгэл улам бүр багасаад байна. Намуудын эв түнжингүй, нэгдэлгүй, тамга тэмдгээ булаацалдсан байдал ихээр нөлөөлж байна. Дөнгөж сая таны хэлсэн гуравдугаар шинэчлэлийг хийхээр жишээлбэл ямар зүйл заалтуудыг төсөлд тусгаж байна вэ?
-Жил болгон намуудаас тайлан авдаг болъё, хоёрдугаарт дүрмийн хэрэгжилт дээр нь аудит хийдэг болъё. Тэгээд татан буулгадаг эрх зүйн системийг нь ойлгомжтой болгож өгье. Санхүү, үйл ажиллагааны тайланд нь жил бүр аудит хийдэг болно. Ингээд ирэхээр дотоод ардчилалгүй болсон, дүрмийн дагуу урлаа хийдэггүй, санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаж өгөөгүй намууд уучлаарай татан буугдах хэмжээнд очно. Гишүүдийн оролцоо нь үнэ цэнэгүй болчихсон ямар ч дотоод ардчилалгүй гэр бүлийн болчихсон намууд байна. Эдгээрт сануулгын өгнө, хуулийн заалтуудаар арга хэмжээ авдаг болно. Ерөөсөө ийм байдлаар асуудлыг тодорхой болгож өгөхгүй бол нэг хүн 3, 4 намтай болчихсон байна. Тиймээс энэ процессуудыг хуулиар тодорхой болгож өгөх шаардлагатай байна.
"Дэмжигч гишүүний статусыг хуулиар тодорхойлж өгөхөөр судалж байна"
-Дөрөв дэх томоохон өөрчлөлтийн тухайд?
-Улс төрийн намууд бол эргээд төрийг байгуулах, эмхлэх ажилд ордог институт. Тиймээс тэдгээрийн хариуцлагын тогтолцоог жаахан тодорхой болгож өгье гэж харж байна. Улс төрийн намууд хэрвээ хариуцлагатай байгаад зөв хүн дэвшүүлбэл эргээд парламент, иргэдийн төлөөлөгчдийн хурлууд зөв болно. Бодлого тодорхойлох үйл явц зөв болно шүү дээ. Тэгэхгүй бол намууд хэн нэгэн мөнгөтэй хүнийг халаасанд яваад орчихсон. Эсвэл цөөн бүлэглэлийн гар хөл, дуу хоолой болчихоод байна. Үүнийг өөрчлөхийн тулд хариуцлагын тогтолцоотой холбоотой зүйл заалтуудыг нь тодорхой болгож өгье гэж байгаа юм. Хоёрдугаарт хатуу гишүүнчлэлтэй байх уу, сул гишүүнчлэлтэй байх уу гэдэг асуудал яригдаж байна. Олон улсын улс төрийн шинжлэх ухааны үндсээр харвал манай улс хатуу гишүүнчлэлтэй ангилалд орохгүй. Бид энэ удаагийн хуульд дэмжигч гишүүнчлэлийн эрх үүргийг тодорхойлж өгч байгаа. Дэмжигч гишүүн бол намд сонгох, сонгогдох эрхгүй. Гэхдээ байр сууриа илэрхийлдэг, бодлого тодорхойлцдог, хуралдаа оролцоод явах боломжтой. Ийм байдлаар гишүүнчлэлийн асуудлыг нь хоёр салгаж үзье гэж ярилцаж байна.
-Санхүүжилт дээр нэмээд нэмээд хандивын асуудал давхар яригдана гэж байсан. Хандивыг хэрхэн зохицуулах талаар төсөл боловсруулах явцад яригдаж байна вэ?
-Төсвийн санхүүжилт байхаас гадна намын өдөр тутмын үйл ажиллагаа, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр нь хандив байя. Гэхдээ хандив нь маш хатуу босготой байя. Одоо сонгуулийн хуулинд хандивын босго байгаа шиг улс төрийн намын хуулинд босго тавьж өгье. Эцсийн өмчлөгч жилд нэг удаа 5 сая төгрөгийн хандив, иргэн жилд нэг удаа 1 сая төгрөгийн хандив өгнө гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хандивын үйл явцыг нээлттэй, хатуу босго, хяналттай болгоё. Ингэснээр нэг нам, улс төрийн хүчнийг нэг бүлэглэл, нэг компани бүтэн дөрвөн жил санхүүжүүлээд байдгийг болиулъя л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг тодорхой цөөн тооны хүмүүсээс хараат биш болгох нь зүйтэй.
-Намын улс төрийн зорилготой, өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тооцож үзэхэд маш их мөнгөн дүн гардаг. Энэ мэтийн бараг төрөөсөө давчихсан намуудын данхайсан бүтцийг хэрхэн зохицуулах юм вэ?
-Санхүүжилтийг ил болгоод, хандивыг нь багасгаад олон урсгалтай болгоод ирэхээр данхайсан бүтэц нь багасна. Герман загварын сангуудаар санхүүжилт нь ороод ирэхээр дотоод үйл ажиллагаа гэхээс илүүтэй бодлогын асуудал руугаа санхүүжилтээ хийдэг болно. Ингээд ирэхээр улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг байдал нь ч багасна. Үүнийг дагаад “Би их хэмжээний хандив өгсөн учраас дэвшинэ, албан тушаал дээр очно” гэдэг ойлголт байхгүй болох учиртай. Ийм байдал урт хугацаандаа мөнгөтэй групп, том компаниудын нам болчих гээд байх эрсдэлийг дагуулдаг.
-Санхүүжилт, хандивын асуудлыг ярьж байгаа дээрээ манай улс төр руу чиглэсэн гадны санхүүжилт, ил далд санхүүжилтийг хэрхэн хязгаарлахаар төсөлд тусгаж байна вэ?
-Гадны санхүүжилтийг маш хатуу хаах хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрд гадны гар хөл болсон нөхдүүд ороод ирэх магадлалтай. Эргээд сонгуулийн санхүүжилтийг улс төрийн намын санхүүжилттэй ижил түвшинд авч үзэх нь зүйтэй.
"Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хязгаарласан зүйл байхгүй, ҮХЦ-ийн дүгнэлтийг л эргэж харах асуудал бий"
-ХҮН тэргүүтэй зарим намууд сонгуулийн тогтолцоогоо хүртэл энэ улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэйгээ уялдуулаад ярих нь зүйтэй гэж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Яахав, зарим намууд сонгуулийн тогтолцоог хамтад нь яръя гэдэг саналыг тавьж л байгаа. Бид энэ удаагийн хуулиар ерөнхий зохицуулаад дараа нь сонгуулийн хуулиар нь нарийн зохицуулалтыг нь тусгаж өгөх үү гээд ярилцаж л байна.
-Энэ хаврын чуулганаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуулиа өөрчлөх зүйлийг ч ярих хэрэгтэй гэж зарим намууд үзээд байна?
-Яг сонгуулийн тогтолцоотой холбоотой хязгаарласан зүйл Үндсэн хууль дээр байхгүй. Гэхдээ оруулж болно. Ганцхан ҮХЦ-ийн дүгнэлт л байгаа юм. Энэ дүгнэлтээр одоогийн хуулийг тайлбарлахдаа шууд санал өгнө гэдгийг мажоритараар санал өгнө гээд тайлбарлачихсан байдаг. Гэтэл дэлхийн ихэнх орны Үндсэн хуулинд шууд санал өгнө гэдгийг мажоратри, пропорционал, холимгоор ч өгч болохоор буюу ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй байгаа. Уг нь шууд гэдэг нь АНУ-ын сонгууль шиг төлөөлөгч сонгоод тэр нь саналаа өгдгийг л болохгүй гэж хэлж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн тэр дүгнэлтийг л парламент эргэж авч үзэх асуудал байгаа юм. Сая батлагдсан ҮХНӨ дээр сонгуулийн тухай зүйл заалт дээр нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Бид 1992 оноос хойш холимгоор ч, пропорционалаар ч сонгуулиа хийж байсан. Шууд гэдэг үгийг хувь хүн нэр дэвшигчийг төлөөлөгчөөр дамжуулж биш, өөрөө шууд сонгох үйл явцыг л хэлээд байгаа хэрэг.
-Ардын намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн институт улс төрийн намын тухай хуулийг оруулж ирэх гээд байгаа нь олонхоо ашиглаад “бярдах” вий дээ гэх хардлагыг төрүүлж байгаа?
-Ер нь бол улс төрийн намуудыг мөнгөнөөс хол байлгах. Мөнгөний нөлөөллийг нь багасгаж, дотоод ардчилал, үнэт зүйл, бодлогын байгууллага болгох чиглэлд л анхаарч байна. Хэтэрхий их хайрцаглаад ирвэл иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг нь хаахгүйгээр аль нэг улс төрийн хүчний байр суурийг хатуу дэмжихгүй. Ерөнхийлөгчийн институт бидний бодлогыг авахгүй Ардын намаа дэмжээд явчих вий дээ гэсэн хардлага байгаа үнэн. Тиймээс л Ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн намууд санал нэгдэхгүй бол бид өргөн барихгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. Парламентад суудалтай хоёр нам нь нөгөө хэдээ шахаад өөрсдөдөө тохирсон хууль батлаад цаашдаа хоёрхон намын тогтолцоо руу орчих магадлалтай юу гэвэл магадлалтай. Тиймээс Ерөнхийлөгч аль нэг намыг биш нийт ард түмнийг төлөөлж буй эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар үүнд анхааралтай хандаж байгаа юм. Ер нь мажоратори тогтолцоо бол сууриараа аажмаар ганц нэг том намууд руу явдаг. Хэрвээ холимог тогтолцоо, пропорционал тогтолцоо ороод ирвэл олон намын тогтолцоо руу явдаг болно. Энэ мэтийн суурь зүйлсийг нь хуулинд хийгээд өгчихье гэсэн байр суурьтайгаар Ерөнхийлөгчийн институт хандаж байна.
-Парламентад суудалтай намууд өөрсдийн эрх ашгийг нь зөрчих гээд байдаг тул улс төрийн намын хууль, одоогийн энэ тогтолцоог өөрчлөхийг хүсдэггүй. Тийм ч учраас сүүлийн гурван парламент дээр ажил хэсгээс хэтэрсэнгүй. Энэ удаад өргөн баривал батлуулж чадах уу. Хоёр ч удаа “тогоонд” нь суучихсан хүний хувьд дотроо “тойм зураг”-аа гаргасан байгаа байх?
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж байна. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдэл. Монголчууд бид дэндүү цөөхүүлээ. Эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдал байдал тун амаргүй байна. Бүс нутгийн хэмжээнд ч адилхан. Тиймээс бид үндэснийхээ эв нэгдлийг маш хатуу барихгүй бол болохгүй байна. Энэ утгаараа төрийн бус байгууллагуудаас эхлээд улс төрийн намуудын хоорондоо ойлголцдог байх. Үндэснийхээ үнэт зүйл дээр хагарч, бутрахгүйгээр нэгдэж чаддаг байхыг зорьж байна. Та бүхэн анзаарч байгаа бол спортын холбоодыг нэгтгэх, ойлголцуулах ажил нэлээд явж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг эвлэлдэж нэгдээд, дотроо битгий хагарч бутраачээ гэдэг зүйлийг хэлж, уулзалтуудыг хийж байна. Хоёрт нь, нийгмийг соён гэгээрүүлэх ажил рүү Ерөнхийлөгч манлайлж орох ёстой юм байна гэж үзэж байгаа. Энэ хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах, архины эсрэг тэмцэх, эрчүүд эмэгтэйчүүдийнхээ хүн болох боловсролыг дэмжих зэрэг ажлууд байна. Үүнтэй зэрэгцээд хийгдэх ёстой ажил бол улс төрийн намуудын ёс зүй, эв нэгдэл, манлайлал үзүүлэх чиглэлд анхаарах ёстой. Төсөл бэлэн болоод, намууд санал нэгдвэл Ерөнхийлөгч өргөн барина. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд шийдэх байх. Энэ хуулийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай.
-Нэлээд өргөн хэлэлцүүлэг өрнөх ёстой хуулийн төсөл. Хэдийгээр УИХ-д өргөн барих төлөвтэй байна вэ?
-Хуулийн төсөл хараахан эцэслэгдээгүй байна. Намууд саналаа өгч байна. Үүний дараагаар дөрөвдүгээр сарын эхээр хуулийн төслийн эхний хувилбар гараад ирнэ. Энэ төслөө дахиад намууд, судлаачдаар хэлэлцүүлнэ. Эндээс зарчмын томоохон асуудлууд дээрээ намууд ойлголцчих юм бол Ерөнхийлөгчийн институт тэр төслийг нь өргөн барина. Энд яригдсан зүйл бол намуудын болон судлаачдын түвшинд урьдчилсан байдлаар яригдсан зүйлс гэдгийг төгсгөлд нь тодотгож хэлье.
Г.Лхагвадорж