Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал олон нийтэд ил болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус асуудал нэлээн хэдэн улстөрчдийг сандаргаад авав. Одоо ч Хөгжлийн банкны дуулиан үргэлжилж буй. Асуудал өндрийг авсныг илтгэж Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Үүнд ч олон нийт сайшаалтай хандаж байв. Гэвч “үсэг дотор тоо” гэдэг шиг ажлын хэсгийн дотор Хөгжлийн банкны хэд хэдэн чанаргүй зээлийг гаргах үед тухайн үед салбарыг нь толгойлж явсан эрхэм тууж яваа. Тэрбээр Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Салбарын сайд байхдаа эрчим хүчний чиглэлээр авсан зээлүүдийг төлүүлэх тал дээр дорвитой бодлогоор зохицуулалт хийгээгүй хэр хожим нь “том” дуугарах сэдвийнхээ нэг болгожээ.
Тодруулъя. Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгээс гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр /2022.03.22/ төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлийн талаар өгсөн байр суурь нь олоны дургүйцлийг төрүүлээд авлаа. Тэрбээр "Эрчим хүчний салбартай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлийг төр хариуцахаас өөр ямар ч арга байхгүй. Хэрвэ төр төлөхгүй бол зээлийг төлөхийн тулд цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Гэвч бодит байдал дээр инфляци дагасан үнийн өсөлт иргэдийн нуруун дээр дарамт болж буй энэ үед цахилгаан, дулааны үнэ нэмэгдвэл юу болох вэ гэдгийг энд бодолцох нь зүйтэй. Товчхондоо, алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбар, төлж чадахгүй байгаа зээлээ иргэдийн халааснаас гаргуулж бүрдүүлэх шинжтэй үйлдэл.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2017-2020 онуудад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Түүний толгойлж байсан Эрчим хүчний яамтай холбоотой нэр бүхий гурван зээл Хөгжлийн банканд данстай байна. Тодруулбал, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компанид 2018 оны долдугаар сарын 20-нд 220 тэрбум, Эрчим хүчний яаманд 2014 оны нэгдүгээр сарын 30-нд 25 тэрбум, Эгийн голын усан цахилгаан станцын нэр дээр 2017 оны есдүгээр сарын 26-нд 26 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байдаг. Үүнээс Эрчим хүчний яам болон ДЦС-4 ТӨХК-ийн зээлүүд эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалтад орсон. Харин Эгийн голын усан цахилгаан станцын зээл шүүхэд нэхэмжлэл гаргах жагсаалтад багтсан байна.
Ц.Даваасүрэн гишүүний хэлж буйгаар эрчим хүчний үнэ тарифыг барьчихсан учраас ашиггүй, алдагдалтай ажиллаж буй эрчим хүчний салбарынхан өнөөдрийг хүртэл энэ асуудлаа шийдвэрлэх арга замаа олох юугаа хийж байсан бэ. Мань хүн өөрөө салбарынх нь сайдаар ажиллаж байхдаа дулаан, эрчим хүчний үнийн асуудлыг цэгцлэх, төрөөс хүчээр тогтоодог байдлыг чөлөөлөх тал дээр дорвитой бодлого авч хэрэгжүүлэхгүй гурван жил юу хийв.
Одоогийн нөхцөлд тус яамтай холбоотой нэр цохогдсон гурван зээлийн дундаас хамгийн асуудалтай нь Эгийн голын усан цахилгаан станцын зээл. Төр санхүүжүүлж чадаагүй учраас Хөгжлийн банкнаас зээл авсан гэж салбар толгойлж явсан сайд нь хэлж зогсоно. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сайдаар томилогдохоос нэг сарын өмнө Хөгжлийн банкнаас тус зээл гарсан байдаг. Гэтэл сайд болсныхоо дараа ч ажил нь удааширалтай, ОХУ-ын талаас асуудалд бүрэн хаалттай ханддаг болохыг мэдэхийн дээдээр мэддэг хэр яагаад Эгийн голын усан цахилгаан станцын зээлд анхаарлаа хандуулаагүй вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад дорвитойхон урагшилсан зүйл ч харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас гарсан зээл нь хэдэн дарга нарын тансаглал, ажилчдынх нь цалин хөлс зэрэг урсгал зардалд зарцуулагдсан уу.
Энэ мэт асуудал салбарт нь өрнөж байхад тодорхой бодлого ч боловсруулаагүй байж өнөөдөр төрийн өмчит компаниуд зээлээ төлөх боломжгүй гээд зогсож байх юм. Түүний хэлснээр бол төр төлсөн ч бай, цахилгааны үнийг нэмээд төрийн өмчит компаниуд нь өөрсдөө төлсөн ч бай эцсийн дүнд иргэд л төлөх болж байна. Эдийн засгийн тооцоо судалгаа зээл авсан, гаргасан хүмүүсийн өмнөөс татвар төлөгчид Хөгжлийн банкны зээлийг төлөх ёсгүй. Ер нь өөрийг нь сайд байхад Хөгжлийн банкны зарим зээл нь авагдсан. Сайдаар ажиллаж байхад бусад зээлийн төсөл хөтөлбөрүүд нь үргэлжилж байсан. Ийм хүмүүсийг ажлын хэсгээс чөлөөлөх нь зүйтэй. Энд ашиг сонирхлын зөрчил явахгүй гэх газаргүй.
Эгийн голын төсөл шиг төрийн мөнгийг зээлж аваад үр ашиггүй хэдэн тэрбумаар нь "идсэн" ажлын төлбөрийг иргэд халааснаасаа төлөхгүй. Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц энэ Ц.Даваасүрэн гишүүнээ Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгээсээ гаргах нь зүйтэй. Өөрийнх нь толгойлж явсан салбар тэр тусмаа ажиллаж байсан цаг үед өндөр дүн бүхий зээлийн асуудал байхад шалгах ажлын хэсэгт нь багтаад дүгнэлт гаргаад явах нь ч зохимжгүй биз ээ.