Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнхтулга: “ДүДү“-д хайртай олон эцэг эх, хүүхдүүд “ДүДү“-гээ авч үлдэхээр хийж байгаа нь маш гоё жишээ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 37 секунд

Цар тахлын улмаас олон ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сул зогсож, эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас "хаалгаа барихад" хүрсэн ААН-ийн нэг бол "ДүДү хүүхдийн музей" билээ. ДүДү хүүхдийн музейн захирал Д.Мөнхтулга цахим хуудсаараа дамжуулан үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаар мэдэгдсэн. Үүний дараагаар олон байгууллага, иргэд, эцэг эхчүүд "ДүДү-дээ тусалъя" уриан дор нэгдэж "savedudu", "supportdudu" аяныг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд "ДүДү хүүхдийн музейн" үүсгэн байгуулагч, захирал Д.Мөнхтулгатай ярилцлаа.

- Сайн байна уу. Анх хүүхдийн музей байгуулах болсон шалтгаан юу вэ. "ДүДү" хэзээ байгуулагдаж байсан бэ?

-Анх 2008 онд олон улсын хүүхдийн зусланд зуны турш ажиллаж байгаад буцахдаа Чикагод байх ахындаа очсон. Тэр үед "Kohl children's museum" гээд асар том байшинг харсан. Тэнд ороод үнэхээр гайхширсан. Маш том ертөнц дотор хүүхдүүд аав ээж, эмээ өвөөтэйгээ хоорондоо үйлчилгээний ажилтан, банкны ажилтан зэрэг болж тоглож байсан.

Үүнийг хараад хэрэв Монголд ийм зүйл байсан бол Монгол хүүхдүүдийн нүд яаж гэрэлтэж, шилэн хананы цаанаас орж ирэх гэж яаж яарах байсан бол гэдгийг төсөөлж, энэ зүйлээр хөглөгдөж 10 гаруй жил явсан.

Түүнээс хойш 2018 онд "ДүДү хүүхдийн музей"-г байгуулж 10 жилийнхээ мөрөөдлийг бодит болгосон. Нэг жилийн дараа хоёрдох салбар болох "Зайсан хилл" дэх салбараа "ДүДү шинжлэх ухааны музей" нэртэйгээр нээсэн. Сүүлд нээгдсэн салбар маань байгуулагдаад гурван жил болж байгаа хэдий ч хоёр жил нь хаалттай байсан. Мөн хөрөнгө оруулалтын зээл авсан байсан. Хэдийгээр зээлээ хойшлуулж байгаа ч хүүгийн хуримтлал зэргээс шалтгаалан өнөөдрийн байдалд хүрээд байна.

"ДүДү" музей бол хүүхэд тоглохын хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ хамт шинжлэх ухаанд суралцах орчныг 100 хувь өөрсдийн гараар бүтээн байгуулсан. Бусад тоглоомын төвтэй харьцуулахад худалдаж тавьсан зүйл байхгүй. Сансрын станц, инженерийн хана, усны тоглоом гээд бүгдийг өөрсдийн гараар бүтээн байгуулсан. Бидэнд олдож буй байр талбайн булан тохой бүрийг ашигладгаараа онцлогтой.

-Таныг мэдэгдэл гаргаснаас хойш олон байгууллага, хүмүүс дэмжиж, туслахаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар урьдчилсан тасалбар хэд зарагдсан байна вэ?

-Сүүлийн гурав хоногийн дотор маш санаанд оромгүй үйл явдал болоод байна. Өнгөрсөн баасан гарагт түрээслүүлэгч байгууллагатайгаа уулзаад "Цаашид гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ерөнхийдөө цар тахал буюу эдийн засгийн нөхцөл байдалдаа ялагдсан. Нөгөөтээгүүр манай баг хамт олон ДүДү музейг олонд таниулж чадаагүйн улмаас хөдөлгөөний урсгал багассан гэж үзсэн. Энэ олон зүйлүүдэд бууж өгч хаагдаж байна" гэж мэдэгдсэн. Үүний дараагаар маш олон хүн "ДүДү-гээ авч үлдье" гэж давлагаалсан нь санаанд оромгүй зүйл боллоо. .

Өмнө хэлсэнчлэн бид "деталь" бүрд сэтгэлээ шингээж бүтээн байгуулсан гэдгийг мэдэрсэн ДүДү-д хайртай, ДүДү-г зорин ирдэг олон хүн энэ хөдөлгөөн өрнүүлсэн. Хамгийн эхэнд "Yoshinayo" япон хоолны газар болон бусад байгууллагууд буюу бидний өмнө огт уулзаж байгаагүй, танихгүй хүмүүс холбогдон өөрсдөө энэ аяныг эхлүүлээд явсан.

Энэ даваа гарагт "Лантуун дохио", "Ид шидийн орон" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзсан. Тэндээс маш олон хүмүүсийн өгөхийг хүссэн хандивыг авахгүйгээр үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох эсвэл хандив авах бус музейд орох тасалбараа урьдчилсан байдлаар борлуулж үйл ажиллагаа хэвийн болсон үед тасалбараар үйлчлэх гэсэн сонголтод хүрсэн. Маш олон туслахыг хүссэн, ирж тоглохыг хүссэн хүмүүс байсан учир тасалбараа урьдчилан борлуулахаар болсон. Шууд хандив, зээл тусламж, хөрөнгө авалт авахгүйгээр өөрсдөдөө байгаа тасалбар буюу бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулж, дараа нь үйлчлэх гэсэн энэ аргаар ажиллах болсон. Энэ нь бараг л Монголдоо хамгийн анхны тохиолдол болж байгаа.

Бидний зорилго бол 10 мянган тасалбарыг 20.000 төгрөгөөр буюу 200 сая төгрөгийг долоо хоногийн хугацаанд олохоор зорилт тавьсан. Ингэснээр цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж ДүДү-д хайртай хүмүүсийн итгэлийг дааж ажиллахаар болж байгаа юм.

Одоогийн байдлаар 2000 мянган тасалбар буюу зорилтынхоо 20 хувийг борлуулаад байна. Өнөө өглөө гэхэд /өчигдөр/ хэд хэдэн байгууллагаас холбогдож, ажилчдынхаа хүүхдүүдэд тасалбар захиалсан. Маш шуурхай арга хэмжээ авч олон зүйлс өрнөсөн учир зарим зүйлийг ойлгохгүй яваад л байна. Жишээлбэл shoppy.mn, MonPay, HiPay, Zochil - Онлайн худалдааны платформ зэрэг онлайн худалдааны платформууд ямар ч шимтгэлгүйгээр тасалбарыг маань онлайнаар борлуулж өгөхөөр болсон. Мөн дээрээс нь 10 гаруй сайн дурын хүүхдүүд ирж, цөөн тасалбар авч байгаа хүмүүсийн түгээлтэд явж байгаа. Зарим хүмүүс олноор нь тасалбар худалдан авч гэр хорооллын, алслагдсан дүүргийн, асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна.

Маш олон хүмүүс хандив өгөхийг хүссэн. Гэхдээ бид огт хандив авахгүй. Харин хандивын мөнгөнд нь тасалбар өгөх юм.

-Зорилтдоо хүрээд урьдчилсан байдлаар 10 мянган тасалбар борлууллаа гэж бодъё. Үйл ажиллагаа хэвийн болсон үед эдгээр хүүхдүүдийг хэрхэн зохицуулж, хүлээн авах вэ?

-Энэ бол маш том хариуцлага. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө засвар үйлчилгээ, өөрчлөлт шинэчлэл хийх яаралтай шаардлагатай байгаа. Ковидоос өмнө ямар нэг цагийн хязгаарлалтгүй байсан бол цар тахал гарснаас хойш хоёр цаг тутам ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай болсон. Үүнээс шалтгаалан хоёр цаг хязгаарлалттай болсон. Одоо үйл ажиллагаа хэвийн үргэлжилэхээр хоёр цагийн хязгаарлалттайгаар маш сайн зохион байгуулалт хийж ажиллана. Одоо борлуулагдаж буй тасалбар маань энэ оныг дуустал хүчинтэй. Тиймээс тасалбар авсан хүүхдүүд төрсөн өдөр, тэмдэглэлт баяраараа ирээд тоглох боломжтой. Ачаалал их үед тасалбар авсан хүмүүстээ урьдчилан мэдээлэл өгөх болно.

Олон нийтийн дэмжлэгтэйгээр буюу олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хайртай бүтээн байгуулалтыг авч үлдэхийг хичээж байгаа нь маш гоё жишээ болж байна.

"ДүДү" нь өөрийн хөтөлбөрийн хүрээнд олон зүйлсээр дамжуулан хүүхдүүдийг шинжлэх ухаанд дуртай болгох зорилготой. Энэ чиглэлээрээ тууштай явахад олон хүнд зүйлүүд тулгардаг байсан ч тэр бүгдэд чимээгүй явсаар өнөөдөр тэсэрч гарч ирж байна. Нөгөө талаас бидний хийсэн үнэ цэнэтэй зүйл болох "ДүДү" маань бидний өмнөөс ярьж эхэлж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

-Цар тахлаас үүдэн яг хэдэн сар зогсолт хийсэн бэ?

-Өнгөрсөн хоёр жил ерөнхийдөө ажиллаагүй. Дунд нь ганц нэг сар ажилласан. Хамгийн хэцүү зүйл нь энэ үйл явц дунд бид хүний нөөцөө их алдсан. Хоёр жилийн хугацаанд 37 ажлын байр бий болгосон. Өнгөрсөн жил нэг салбар маань хаагдахад тал ажлын байраа алдсан. Өнгөрсөн баасан гараг гэхэд үлдсэн ажилчдынхаа өмнөөс санаа зовж байсан бол одоо манайхан маш аз жаргалтайгаа ажлаа хийж байгаад, ажлын байраа хадгалж үлдсэнд баяртай байна.

-Өнгөрсөн онд Засгийн газраас ААН-үүдийн урсгал зардлыг хөнгөлөх, түрээсийн төлбөрийг тэглэсэн. Энэ нь тухайн үедээ хир бодитой дэмжлэг болсон бэ?

-Тэр бол дэмжлэг болж чадсан. Тухайн үед гарсан шийдвэрийн дагуу түрээслэгч байгууллага маань түрээсийн төлбөрийг тэглэж бусад урсгал зардлуудыг хөнгөлсөн. Хэрэв тэр дэмжлэг байгаагүй бол бид өнөөдөр илүү хүнд байдалтай байх байлаа.

- "ДүДү" нэг удаадаа хэдэн хүүхэд хүлээн авах боломжтой вэ?

-Манайх нэг удаадаа 150-160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Маш сайн зохион байгуулалт хийвэл ачааллыг бууруулж болно гэж бодож байна.

-10 гаруй жилийн өмнөөс хүсэж, зорьж байсан зүйлээ ажил хэрэг болгоод өнөөдрийг хүрэхэд тэрхүү анхны зорилгоосоо хазайж, өөрчлөгдсөн зүйл байгаа юу, тэр зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу?

- Мэдээж өчигдөрхөн энэ талаар бодож байсан. ДүДү бол бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Анх ДүДү гээд модон машинаар эхэлсэн. Машин дү дү гэж авиа гаргадаг учир ингэж нэрлэж байсан.

ДүДү пуужин, ДүДү шувууны үүр гэх мэт нэртэй байсан бол одоо ДүДү музей болоод явж байна. Тухайн үед 10 жилийн өмнө бодохдоо одоогоос 10 жилийн дараа гэхэд ДүДү гэх нэрийг сонссон бүх хүн гэр бүлийнхээ хамгийн нандин дурсамжийг төсөөлдөг болсон байгаасай гэж хүсч, ярьж байсан. Одоо болж буй зүйлээс харахад энэ зорилгодоо хүрчээ гэсэн бодол төрсөн.

- Та бүхний бүтээсэн "ДүДү" таны өмнөөс ярьж байна гэлээ шүү дээ. Одоо болж буй үйл явдлаас танд төрж буй сэтгэгдэлдээ хуваалцаач?

- Би найзууд, хамт олондоо хэлэхдээ бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол дурсамж байдаг. Энэ үйл явдал бол бидний бүтээх хамгийн сайхан дурсамжийг авч үлдэж байна гэж хэлмээр байна.

ДүДү-г дэмжиж буй бүх хүмүүстээ маш их баярлаж байна. Та бүхний урьдчилан захиалсан тасалбараар ДүДү-гээ авч үлдээд илүү өргөн хүрээнд далайцтайгаар ажиллах урам зоригийг авсан өдрүүд байна.

- Ярилцсанд баярлалаа.

Харааны бэрхшээлтэй иргэдийн барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх н.Даваадагва түрүүлжээ
Харааны бэрхшээлтэй иргэдийн барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх н.Даваадагва түрүүлжээ
 
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна 
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.