Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дамба: Миний зөв байсан, аль ч намын олигархууд нүүрсийг автомашинаар зөөх бодолтой явдаг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 36 секунд
Гэрэл зургийг Ubn.mn

Цар тахлын хямралаас үүдэж тээвэр, ложистикийн асуудлын хямрал шийдэгдэж амжаагүй байхад ОХУ, Украин хоёрын хооронд дайн дэгдсэн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөв. Харин энэ сөрөг үзүүлэлт түүхий эдийн зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэж манайх тэргүүтэй нүүрсний экспортоос “хоолоо” олж иддэг улсуудын арааны шүлсийг гоожуулж байна. Харамсалтай нь бид тонн тутам нь 400 ам.долларын босгыг давсан үнэтэй байхад нүүрсээ зарж чадахгүй дэмий “хий эргэж” сууна. Тэгвэл төмөр замгүйн горыг ирээдүйд амсана гэж одоогоос арван жилийн өмнө хэлж суусан Д.Дамба гуайг тухайн үед бүгд үгүйсгэж, элдвээр дуудаж байв. Өнөөдөр харин бүгд энэ тухай эргэж эргэцүүлж, түүний хэлсэн үгийг дор бүрнээ тунгаан бодож эхэлжээ. Тэгвэл нүүрс тээвэртэй холбоотой асуудлууд болон Монголын нүүрс цаашид хэрхэх вэ гэсэн асуудлын хүрээнд Монголын уул уурхайн ассоциацийн тэргүүн асан Д.Дамба гуайтай шуугиант нэвтрүүлгийнх нь бараг арван жилийн ой дээр цөөн хором ярилцах боломж тохиосон юм.

-Юуны өмнө ярилцлага хийх саналыг хүлээж авсан танд талархал илэрхийлье. Өнөөдөр хоёулаа нүүрсний үнийн өсөлт ба бидний алдсан тээврийн боломжийн талаар ярилцлагаа өрнүүлнэ?

-Сайн байцгаана уу. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өмнө нь байгаагүй дүнгээрээ өслөө. Өнгөрсөн явдлын тухайд гэвэл би үнэн юм л ярьсан. Үүнээсээ болж адлуулж, доромжлуулж, сошиал сүлжээгээр их л юм хүртсэн. Гэхдээ би тэр үнэнээсээ хэзээ ч ухрахгүй. Яагаад гэвэл миний зөв байсан. Яагаад гэвэл одоо бүх үр дүн нь харагдаж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж монголчууд ярьдаг даа. Энэ чинь л байхгүй юу. Үнэн юмны төлөө явсан хүн ямар нэгэн байдлаар ялдаг юм. Худлаа зүйл ярьсан хүн замын дунд замхраад алга болдог л байхгүй юу. Эцсийн эцэст хэн хохиров гэхээр Монголын ард түмэн л хохирчихлоо.

-Бид төмөр замаар нүүрсээ зөөвөрлөх боломжоо алдаж арван жилийг үдэх хооронд Хятад тэргүүтэй нүүрсний хэрэглэгч улсуудын бодлого өөрчлөгдөөд эхэллээ. Бид цаашдаа нүүрсээ зараад мөнгөтэй болдог ажил хэр удаан үргэлжлэх бол?

-Яваандаа нүүрс хэрэггүй болох гээд байна. Дэлхийн ертөнцийн экологийн чиг хандлагыг харвал нүүрс хэрэггүй болох төлөвтэй. Нүүрсээ боловсруулаад өөр олон бүтээгдэхүүн гаргадаг нарийн технологи руу шилжих хандлага дэлхийд шинээр эрчимтэй хөгжиж байгаа. Гэтэл Монгол тийм болтлоо бас зай байна. Бид чинь хадаас ч хийж чаддаггүй улс шүү дээ. Ийм улс нүүрсийг нарийн технологиор боловсруулаад түүнээс бүтээгдэхүүн гаргаж автлаа их хугацаа орно шүү.

Тэгэхээр бид энэ “үүлэн чөлөөний нар” гэдэг шиг энэ жоохон боломжийг ашиглаад аль болох нүүрсээ ахиухан гаргаж авахаас өөр гарц алга. Ер нь цаашдаа ирээдүй муутай болоод ирлээ. “Удахгүй үнс болно” гэж хэлж байсан Баабарын үг биеллээ олж байна. Үнэн нь ерөөсөө энэ. Дэлхийн хандлага ийм болчихоод байгаа үед бүх юмаа нүүрс дээр төвлөрүүлээд байж болохгүй.

Гэрэл зургийг Ubn.mn

-Биднийг төмөр замаа барьж чадахгүй мунгинаж байх зуур Орос, Хятад хоёр манайхыг тойруулаад хос царигтай төмөр замаар холбогдчихлоо. Энд л чухам манайхыг нурааж, өөрийнхөө юмыг явуулах том гүрний бодлого явсан гэж олон хүн харддаг, бас таамагладаг?

-Орос, Хятад хоёр манайхыг тойруулаад Алс дорнодод төмөр зам тавьчихлаа. Амур мөрөн дээгүүр асар урт бетон гүүр тавиад өргөн, нарийн хос царигтай төмөр замаа холбосон. Энэ төмөр замаараа нүүрсээ Хятад руу хангалттай зөөж байна. Манайх яагаад ийм байдлаар шийдчихэж болдоггүй юм бэ. Яачихаад байгаа юм бэ. Энд чинь л нэг юм байгаад байнаа даа. Үүнийг хийчих зоригтой, ухаантай хүн энэ улсад байдаггүй хэрэг үү. Гэтэл Хятадын нарийн царигийг тавьчихвал дээгүүр нь танк ачиж орж ирээд биднийг ална, хядна, хорлоно, сүйтгэнэ гэсэн ийм л ой ухаан, мэдээлэл мэдлэгтэй байна шүү дээ манайхан.

-Төмөр замын маргаан болсон цагаас хойш арав орчим жил өнгөрлөө. Үүнээс хойш хэд хэдэн Засгийн газар солигдлоо. Яагаад зөв хувилбарыг нь сонгоод, төмөр бодлогоо өөрчилж болоогүй юм бол. Эсвэл өөрчлөхийг аль ч намын улстөрчид хүсэхгүй байна уу?

-Энэ бол ойлгомжтой. Аль ч намд байгаа олигархууд нүүрсийг авто машинаар зөөх бодолтой байгаа юм. Энэ зорилгын үүднээс олон машин оочерлуулаад, олон хүний амь нас сүйтгээд, байгаль орчин сүйтгүүлээд байна. Цагаан хад гэдэг ямар ч хэрэггүй нүүрс борлуулдаг цэг байгуулчихсан. Энэ бол мөнгө угаадаг хүмүүсийн булхайгаа нуух арга. Түүнээс биш ямар ч хэрэггүй цэг.

-Төмөр замын маргаан үргэлжилж, үргэлжилж арай гэж бариад төмөр замаа холбох гэтэл цариг нь зөрчихсөн. Манай цариг өргөн, айлынх нарийн. Одоо яах вэ. Энэ төмөр замын стратегийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг буурчихаж байгаа юм биш үү?

-Хорлож байгаа юм шиг ийм зүйл хийчихсэн улс. Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлаад ирэхдээ энэ асуудлаар Хятадын тохиролцож Монголын хил дотор шилжүүлэн ачих терминал байгуулахаар болсон гэж байна лээ. Энэ бол үр дүнтэй сайн ажил. Нэгэнт өргөн царигаар тавьчихсан юмыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Дамба хоёр мянга эсэргүүцээд яах юм билээ. Барьчихсан төмөр замаа аль болох цааш нь боломжоороо ашиглахыг л бодох нь зөв. Уг нь энийг ингэж тавихгүй л байх ёстой байсан. Гэтэл зүтгүүлсээр байгаад хорлонтой юм шиг ийм ажил хийчихсэн. Одоо шилжүүлэн ачихад ахиад их бага хэмжээний зардал гарна.

Гэрэл зургийг Ubn.mn

-Дэлхийн хандлага ч тэр, манай нүүрсээ зөөж зарах үлгэр ч тэр аль дуусах тал руугаа хандаж эхэллээ. Бидэнд өөр ямар боломж байна. Үнэндээ бид үйлдвэрлэгч улс биш. Газрын баялгаа л ухаалгаар нааш цааш нь худалдаалахаас өөр гарцгүй улс?

-Дайнаас үүдээд металлын үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байна. Манай улс металлын нөөц баялгаараа гайгүй. Зэс, төмрийн хүдэр, поль металын ордууд бий. Одоо үүний нөөцийн талаарх судалгааг хийх хэрэгтэй байна. Хайгуулын лиценз олгож байгаа гэж дууллаа. Энэ бол сайшаалтай шийдвэр. Нүүрсний үнэ дайнаас болж өссөн ч буцаад буурна. Тиймээс бид Хятадыг нүүрсээ авахаа больтол аль болох ахиухан нүүрсээ зөөж гаргах, цаашлаад бусад газрын ховор үнэт металлын зах зээлд л төвлөрөх хэрэгтэй байх даа.

Ярилцсан танд баярлалаа

Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.