Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Паркийн газарт бий болох ногоон байгууламж, спорт тоглоомын төвүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байна“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 24 секунд

No description available.Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэлсэн. Ингэхдээ гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих талаар албаныхан мэдэгдээд буй. Тэгвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалт тохижилтын ажилтай холбоотойгоор худалдаа, үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр ногоон байгууламж хэлбэрээр зохион байгуулах саналыг иргэдийн зүгээс гаргаж байна. Ногоон байгууламж чиглэлд ямар ажил хийх вэ?

-Хүүхдийн паркийн 31.4 га газарт оффис, орон сууц, зочид буудлын зориулалт бүхий барилга бариулахгүй. Үүнийг Хотын дарга маш тодорхой хэлсэн. Өнөөдрийн байдлаар 31.4 га газрын 5.8 орчим га талбайд хүүхдийн тоглоомын бүс бий. Түүнчлэн хиймэл нуур, ногоон байгууламж зэргийг үзвэл 14.8 га газар нь тохижилттой. Харин үлдсэн хэсэгт тохижилтгүй. Тиймээс энэ хэсэгт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд залуусын цуглаж амарч тухлах цэг болгон тохижуулна. Энэ ажлын эхлэл болгож паркийг хашсан байсан хашааг нурааж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүүхэд багачууд хаанаас ч ирсэн парк руу чөлөөтэй нэвтэрдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг болно.

Түмэн эх чуулгын байрыг засварлаж, 300 хүний суудалтай болгон барилгыг нь шинэчлэх юм. Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилэх асуудал яригдаж байгаа гэж ойлгох нь зөв.

-1000 автомашины зогсоол барих асуудал ч яригдсан гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Энэ асуудал яригдсан. Өнөөдрийн нөхцөлд паркийн газарт 2.2 га талбайд автомашины ил зогсоол бий. Энэхүү зогсоолыг газар доорх далд зогсоол хэлбэр лүү шилжүүлвэл тухайн 2.2 га газар чөлөөлөгдөнө. Тухайн газарт ногоон байгууламж, тохижилт хийх боломжтой гэх хувилбар яригдсан. Энэ ажилд иргэд олон нийтийн саналыг авна. Хэрвээ үнэхээр шаардлагагүй гэж үзвэл заавал далд зогсоол болгох шаардлагагүй. Харин одоо байгаа хэлбэрээр нь явуулна. Хотын өнцөг булан бүрээс иргэд олон нийт паркийг зорьж ирдэг. Тиймээс ямар нэг байдлаар автомашины зогсоол төлөвлөж л таарна.

-Ашиг гэхээсээ илүү ая тухтай байдал талаас нь ашиглалтыг нь төлөвлөж байгаа юм уу?

-Одоогийн зохион байгуулалтаар тоглоомуудад тодорхой хэмжээний төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү мөнгө нь тухайн тоглоомныхоо ашиглалтын болон бусад хэрэгцээт засвар үйлчилгээнд зарцуулагддаг байсан. Харин Хотын даргын шийдвэрийн хүрээнд бий болох тохижилт бүтээн байгуулалт тэр дундаа ногоон байгууламж, спорт тоглоомын талбай төвүүд үнэ төлбөргүй байна.

-Өнгөрсөн хугацаанд паркийн газар дээр нэлээдгүй асуудал гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан. Одоогийн нөхцөлд газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн үү, ямар нэгэн маргаан бий юу?

-Өнөөдрийн нөхцөлд яригдаж буй 31.4 га талбайд ямар нэгэн газрын маргаан байхгүй. Тус газар нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК гэх нийслэлийн өмчийн оролцоотой компанийн мэдэлд бий. Газар нь өөрөө 100 хувь төрийн өмч.

-Нийслэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар Хотын дарга мэдэгдсэн. Тухайлбал, паркийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хэр хэмжээний хөрөнгө төсөвлөсөн бэ?

-Паркийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв түүнийг дагасан төсөв хөрөнгө хараахан эцэслэгдээгүй. Улаанбаатар хотын нүүр царай болсон паркаа олон улсын томоохон хотуудын жишгээр тохижуулах нь бидний зорилго. Энэхүү зураг төсөл удахгүй тодорхой болно. Шаардлагатай тохиолдолд төсвийг хэсэгчилэн үе шаттайгаар хийнэ. Тус ажилд ТББ, хувийн хэвшлийнхний зүгээс дэмжиж оролцохоо илэрхийлж байгаа. Хүүхдийн паркийг олон улсын жишгээс дутхааргүй орчин болгохын талаа ажиллана.

-Хэдийгээр иргэн бүрт нээлттэй амарч тухлах цэг болгоно гэж байгаа боловч нөгөөтээгүүр үйлчилгээний газрууд байгуулна гэж байгаа нь паркийн газраа далд наймаалцаж байгаа хэрэг гэх хардлага олон нийтийн дунд байна?

-Урьд өмнө нь зочид буудал, рестораны зориулалтаар газар олгосон асуудал байсан юм билээ. Өнөөдрийн байдлаар паркийн тохижилт хийх 31.4 га талбайгаас нэг сөөм газрыг ч хувь хүмүүст өгөхгүй. газар нь 100 хувь төрийн өмч.

-Иргэдийн санал хүсэлтийг авах талаар та яриандаа дурдсан. Ямар байдлаар хүлээн авах юм бэ?

-Иргэдийн зүгээс маш хэрэгцээт чухал саналыг гаргавал олонх нь дэмжиж байвал хүлээн авна. Хамгийн гол нь нийтийн эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй. Тэнд очсон хэн ч та тухтай, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь л бидний зорилго шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын төв хэсэгт зургаан давхраас өндөр барилга бариулахгүй
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын төв хэсэгт зургаан давхраас өндөр барилга бариулахгүй
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.