Дэлхий нийт цар тахалтай нүүр тулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ цаг үе манай улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж байгааг хэн хүнгүй мэднэ. “Азаар” ковидын нөхцөл байдал өмнөх үеэс сайжирч, түүхийн эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж эдийн засаг “сэхэл” авах болов уу гэсэн хүлээлт дээр дооргүй байсан. Гэсэн хэдий ч хүлээлт талаар өнгөрч бид дахин эдийн засгийн томоохон хүндрэлтэй нүүр тулж магадгүй нөхцөл байдал үүсч буй нь ажиглагдаж эхэллээ. Энэ нь төгрөгийн ханшийн сулралтай холбоотой юм.
Одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2013-2015 оны үед манай улс төлбөрийн тэнцлийн хямралд “өртөж” эдийн засгийн уналтад орж байсан. Одоо үүсээд буй төгрөгийн ханшийн сулрал нь өмнөхтэй ижил нөхцөл байдлыг туулахад хүрэх вий гэсэн хардалтыг төрүүлж байгаа юм.
Харин төлбөрийн тэнцэл бол валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулж байдаг эдийн засгийн нэн чухал үзүүлэлт болдог.
Төлбөрийн тэнцэл дээр ашигтай гарвал улсын валютын нөөц ихсэх, төлбөрийн чадвар сайжрах, төгрөг чангарах, валютын ханш буурах олон сайн талтай. Манай улсын хувьд төлбөрийн тэнцэл дээр 2013 онд хамгийн их алдагдалтай гарсан.
Яагаад төлбөрийн тэнцлийн хямрал дахин болох магадлалтай вэ
Хил гаалийн асуудлаас үүдэн улсын зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хувцас хэрэглэл, барилгын материал гээд бүхий л бүтээгдэхүүний хомстол үүссэн.
Гадаад зах зээл дээр нүүрсний ханш 400 ам.долларыг давсан. Бид энэ боломжийг ашиглаж валютын эргэлтээ сайжруулах боломжоо ч алдсан. Мөн гадаад орчин, тэр дундаа Оросын түрэмгийлэл тодорхой түвшинд нөлөөлж байна. Харин дотоодын валютын нөхцөл байдлын хувьд банкнууд 10 мянгаас дээш ам.доллар зарах сонирхолгүй болсон. Бидний очиж валютаа солиулдаг Найман шаргын ам.долларын зарах ханш 2920 төгрөг хэдийнээ давчихсан “муу” мэдээтэй байна.
Дээрээс нь манай улс энэ жил 37 сая тонн нүүрс зарах “мөрөөдөл” дэвшүүлсэн. Одоогийн байдлаар 1.2 сая тонныг л зарсан. Гэтэл 2021 оны өдийд хөл хориотой байсан ч бид 4.5 сая тонн нүүрс зарчихсан байсан. Төлбөрийн тэнцлийн хямралыг төсөөлөхөд эдгээр асуудлууд голлох байрыг эзэлж байгаа юм.
Төлбөрийн тэнцлийн хямрал болсноор төгрөгийн ханш суларна
Төгрөгийн ханш сулрахад гол нөлөө үзүүлэх шалтгаанд АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэгч АНУ-ын холбооны нөөцийн сангийн /АНУХНС/ бодлогын хүүг чангатгах бодлого нөлөөлөх магадлалтай.
Мөн энэ жилийн хувьд манай улсын төлбөрийн тэнцэл тэр дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого буюу иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагшаа төлдөг зээлийн хүү, хөрөнгө оруулалтын орлогын тэнцлийг харуулах урсгал дансны алдагдал 402 сая ам.долларт хүрсэн. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
Ташрамд сануулахад урсгал дансны алдагдал нь оны эхний улирлын дүн учир эдийн засгийн хямралыг үүгээр төсөөлөх нь арай эртэдсэн үйлдэл болох юм. Учир нь жил бүрийн эхэнд урсгал дансны алдагдал өндөр гардаг ч оны төгсгөлд өөрчлөгддөг “жамтай”.
Эдгээрээс гадна Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наяадын хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хямралыг нэмэгдүүлж байна.
2013 онд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1392.76 - 1733.45-д хүрсэн нь өмнөх оноосоо даруй 330 орчим төгрөгөөр суларсан. Хэрэв энэ жил 13 оны үйл явдал давтагдвал долларын ханш 3000-д хүрэхийг үгүйсгэхийн аргагүй юм. Уг нь "Алсын хараа 2050" хөтөлбөрийн дагуу манай улс 4 тэрбум ам.долларын нөөцтэй болох ёстой. Гэтэл валютынх нь зах дээр "ноён доллар"-ын ханш 3000 төгрөг давж, эдийн засагт сигнал дуугаргах нь.
Ийнхүү төлбөрийн тэнцлийн хямрал болсноор бид юуг даван туулах вэ гэвэл. Товчхондоо зах зээлд эрэлт үгүй болж, ханш суларч, инфляц өснө. Үүний дараагаар иргэдийн худалдан авах чадвар буурч дифляци үүсэх юм.
Харин доллар хэдийн 3000 төгрөгт хүрсэн хэвээр үлдэнэ...
Э.Дэлэгнанзадмаа