Бусдын дээр кофе асгасан МУИС-ийн Хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа мэдээлэл өгсөн. Тэрбээр "Энэ асуудлыг бид өчигдөр мэдэж, бодит эсэхийг судалсан. Ингээд асуудлыг ул суурьтай авч хэлэлцсэн. Ингээд тухайн оюутныг Хууль зүйн сургуулиас хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргүүлж байна. Түүний үйлдэл хүмүүнлэг ёсны наад захын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн асуудал. Тиймээс МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналаа хүргүүлж байна" гэсэн юм.
Мөн тус сургуулийн багш, академич С.Нарангэрэл "Захиргааны зөвлөл нэлээн удаан хуралдсан. Оюутан залуусаа оюутны эгнээнээс хасч байгаа дэндүү хатуу зүйлтэй багш нар тулгарч байна. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина гэж заасан. Түүнчлэн МУИС-ийн дүрмэнд суралцагч нь ёсзүй, эерэг зан үйлийг чандлан сахиж, эрдмийн нэр хүндийг өргөж явна гэж заасан. Гэтэл энэ заалтууд зөрчигдсөн. Хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм асуудалд холбогдож байгаа оюутанд монголын иргэдийг өмгөөл, хамгаал, шүү гээд гаргах итгэл найдвар алдагдсан. Тиймээс ийм шийдвэр гаргаж байна. Шүүх эцэслэн шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй. Энэ нь хүмүүний ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйд хуульч болох хүний асуудал яригдаж байна" гэлээ.