Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮЭК: “Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй” гэсэн нь хүний эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа ХЭЛБЭР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 53 секунд

“Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй” гэх ажлын зар саяхан олон нийтийн анхаарлыг ихэд татаж, уг сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Ажил олгогчоос энэ төрлийн шаардлага тавих нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Энэ нь тухайн ажил горилогч оюутнаас шалтгаалсан зүйл биш бөгөөд коронавирусийн цар тахлаас шалтгаалан дэлхий нийтийн асуудал болоод буй.

Гэтэл энэ “кейс” нь зөвхөн нэг жишээ бөгөөд ажлын олгогчоос ажилтныг ялгаварлан гадуурхах, тэдний эрх зөрчсөн тохиолдол ХЭҮК-т ирдэг гомдлын дийлэнх хувийг эзэлдэг байна.

Энэ талаар ХЭҮК-ийн Олон нийттэй харилцах ажилтан Ж.Алтантуяагаас тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирустай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний комисст ажлын байртай холбоотой санал, гомдол хамгийн их ирсэн. Үүн дотор ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол их ирсэн байна.

Саяхан болсон “ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй” гэсэн зарыг нэгэн судалгааны байгууллага ажлын шаардлагадаа тусгасан байсан. Энэ үйлдэл нь хүний эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр мөн. Яг энэ жишээгээр манай ХЭҮК-т ямар нэг гомдол санал ирээгүй.

Харин бусад тохиолдолд ХЭҮК-т ирсэн санал гомдлыг шалган эрх нь зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд комиссын гишүүний зөвлөмж шаардлагыг хүргүүлэн шийдвэрлэдэг” гэлээ.

"Ковидын үеийн төгсөгчийг ажилд авахгүй гэх нь хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл гэж үзнэ"

Ажлын байрны нөхцөлд гарч буй хүний эрхийн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар Хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн үеийн жишээг авч үзье. Тухайлбал нэгэн байгууллага “Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй” гэх шаардлагыг ажил горилогчид тавьсан байгаа юм. Үүнийг ямар үндэслэлээр хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх вэ?

-Энэ нь хүнийг ялгаварлан гадуурхаж буй үйлдэл юм. Ялгаварлан гадуурхахтай холбоотой асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-т зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин сууж буй хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэх заалтаар баталгаажиж байдаг. Эрх тэгш байдал гэдэг нь хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал үүсэл, эрхэлсэн ажил, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг үндсэн хуульд зааж, баталгаажуулсан байдаг.

Тиймээс ковидын төгсөгчийг ажилд авахгүй гэх нь хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл гэж үзнэ.

Манай улс “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт” гэх олон улсын гэрээнд нэгдсэн. Тусгаар тогтносон улс болхийнхо хувьд эдгээр гэрээгээр хүлээсэн үүргүүдээ даган биелүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь бодит байдалд иргэд өөрсдөө ялгаварлан гадуурхалд орж буй эсэхээ мэдэхгүй, хэрэв ялгаварлалтад өртсөн бол хаана хандах талаарх мэдээлэл ойлголт багатай байдаг.

-Хүмүүс ялгаварлан гадуурхахтай холбоотойгоор ихэвчлэн ямар төрлийн гомдлыг шийдвэрлүүлэхээр ханддаг вэ?

-2019-2021 он хүртэл зургаан төрлийн ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдлыг иргэд гаргасан. Эдгээрийн заримыг нь шүүх рүү шилжүүлсэн бол үлдсэн нь тухайн шатандаа хэрэгсэхгүй болгосон байна.

Хамгийн түгээмэл хэлбэр нь бэлгийн чиг хандлага, ажил үүрэг, цалин, шашин зэргээр ялгаварлан гадуурхах байдаг.

-Ажил олгогч нь энэ хүрээнд ямар үүрэг хүлээсэн байдаг вэ?

-Ажил олгогч байгууллагууд ялгаварлан гадуурхахтай холбоотой мэдээ мэдээллийг ил тод байршуулсан байх үүрэгтэй. Мөн тухайн ажилтан ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзэж байгаа бол байгууллагынхаа удирдах албан тушаалтанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой.

-Хэрэв тухайн иргэн ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзвэл хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх ёстой вэ?

-Энэ тохиолдолд тухайн иргэн холбогдох газруудад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, ХҮЭК-т хандахад комиссоос тухайн байгууллага руу шаардлага хүргүүлдэг. Ялгаварлан гадуурхахтай холбоотой эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт энд үйлчилнэ.

-Ажлын чиг үүрэг, цалин, боловсролоор гадуурхахтай холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа нь “Хөдөлмөрийн тухай хууль”-тай холбох шаардлага гарч байна. Тус хуулийн шинэчлэлтэд ахиц дэвшил гарсан уу?

-“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тодруулж өгөх гэж оролдсон. Хөдөлмөрийн гэрээ балгуулалгүйгээр түр хугацаанд ажилласан ажилтан хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх тохиолдол олон гардаг. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаар энэ тохиолдолд хуулийн байгууллагууд шалгалт хийж ажиллаж байсан нь үнэн бол цалингаа авах боломжтой болсон. Өмнө гэрээ хийгээгүй л бол тухайн ажилтанг хөдөлмөр эрхэлсэн гэх баталгаагүй байсан.

БШУЯ: Ёс зүй, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой 577 захидал ирэв
БШУЯ: Ёс зүй, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой 577 захидал ирэв
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.