Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.23/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт "Цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан Монголын эдийн засгийн форумыг Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн форум чуулга уулзалт нэрээр дөрөвдүгээр сарын 7,8-нд зохион байгуулах шийдвэр гарсан. Форум зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланг томилох шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа. Тус эдийн засгийн форумыг зохион байгуулах үндсэн нөхцөл бүрдсэн. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргуу бууруулж, хилээ нээсэн.
УИХ-аар хөгжлийн томоохон төслүүдийг батлуулсантай холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын урих шаардлага байгаа. Нөгөөтэйгүүр, энэ нь шинэ сэргэлтийн бодлогыг дэлхийн эдийн засгийн форумд танилцуулах ажлын бэлтгэл ажил болж байгаа юм.
Хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн арга хэмжээг авна. Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн форум. Хоёрдугаарт, наадмын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээг зохион байгуулна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын дунд энэ оны аравдугаар сард "Инвест Монголиа"-г зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.