Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож нэг хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 13-ны өдрийн 16:42 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайн осол нь тус сумын 2 дугаар баг “Хонгорын элс” гэх газарт гарсан бөгөөд суудлын автомашин онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд суман дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Урьдчилсан байдлаар “хэсэг, бүлгээрээ малчид сунгаа хийж морьд дагаж яваад онхолдсон” гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш байжээ.
Иймд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.