Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭД ЮУ ХЭЛЖ БАЙВ: Хөгжлийн банкны асуудалд улс төрчдийн илэрхийлж байсан байр суурь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 48 секунд

Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь зээл аваад, эргүүлж төлөөгүй эрхмүүдийн шуугиан сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулан саяхан Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг ч өрнөөд амжсан. Тэгвэл Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхааралд өртөхөөс өмнө буюу урьд жилүүдэд улс төрчид энэ талаар ямар байр суурь илэрхийлж байсан талаар хүргэе.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ хүмүүсийг барьж шоронд хийх ёстой

Хөгжлийн банктай холбоотой асуудлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд дараах байр суурийг илэрхийлж байжээ. Тэрбээр "Энэ бол авлигал. Бондын хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгаа. Үүнийг л хуулиар хаачихсан хэрэг шүү дээ. Хуулиа нээе гэхээр хууль нь өөрөө төвөгтэй байгаад байдаг. Зээл авсан жирийн ААН, байгууллагууд ч бий. Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтад алдаа завхрал байгаа нь харагдаж байгаа. Ер нь асар их хэмжээний мөнгийг нэг системээр оруулаад хууль хяналтын байгууллагынхантай нь хамт хуваадаг жишиг сүүлийн 10 орчим жиолд тогтсон. Одоо бүгдийг нь барьж авч шоронд хийх хэрэгтэй. Дараагийн хүмүүс хашрах ёстой. Энд хүний эрх ярьж болохгүй. Зүгээр нурууг нь илээд, соён гэгээрүүлээд авлигал буурахгүй" гэж байжээ.

З.Энхболд: Хөгжлийн банк бол БАНК биш

З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЧӨЛӨӨЛНӨ | News.MN

Хөгжлийн банкны удирдлагуудын зүгээс "Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан. Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор нэг ч төгрөгийн санхүүжилт өгөөгүй. Хөгжлийн банкны тухай хуулиар хөрөнгийн чөлөөт үлдэгдлээ зүй зохистойгоор удирдах шаардлагыг тавьдаг” гэжээ. Харин тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Хөгжлийн банк бол БАНК биш” хэмээн удирдлуудыг зандраад авав.

У.Хүрэлсүх: Хулгайч нарт мөнгө өгч байснаас ажил хийж байгаа хүмүүст өг

Харин 2019 У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Хөгжлийн банктай холбоотой дараах байр суурийг илэрхийлж байв. Тэрбээр "Хөгжлийн банкнаас хулгайгаар өчнөөн луйварчингууд зээл авсан юм билээ. Хулгайч нарт мөнгө өгч байснаас ажил хийж байгаа хүмүүст мөнгө өг. Гэмт хэрэгтнүүдийг илрүүл, байх ёстой газарт нь явуул. 14 мянган жолоочийн амь настай холбоотой асуудлыг шийдээд өгье, амралтын газар байгуулья, усанд оруулъя, хоол ундаар хангаж эмнэлгийн үйлчилгээ үзүүлье гээд хувийн хэвшлийнхэн санал санаачилга гаргаад төр, засагтайгаа нийлээд ажиллахаар 5,10 төгрөгийн зээлийг нь өгөхгүй. Ингээд тэнд 14 мянган жолооч хоолгүй, унтах газаргүй, зарим нь шатаж үхэж байна. Тийм учраас энэ ААН-үүдээ дэмж. Энэ хүмүүстэй би ямар ч холбоогүй. Зөв юмыг нь дэмжээд өг. Ард түмний өмнө нүдэн дээр нь өгчих, энэ хүмүүс гараад зугтчихгүй байх.

С. Амарсайхан: Хөгжлийн банкныхан танил талаараа зээл тараадаг

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр ажиллаж эхлэх үедээ Хөгжлийн банкны хүнд суртал, нөхцөл байдлын талаар ийнхүү хэлж байв. Тэрбээр "Капитал банк нийгмийн даатгалын төлбөртэй холбоотой өр авлагатай байгаа. Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл аваад төлөөгүй хэчнээн ААН байгууллага байгаа юм. Хөгжлийн банкныхан өөрсдөө танил талаараа дамжуулан тараасан хэдэн зуун тэрбум төгрөгийн өглөг авлага байгаа. Өр авлагаа дуусгаагүй байж өөрсдөө мөнгөгүй гээд суугаад байдаг. Хөгжлийн банкныхан шийдвэрээ ер гаргадаггүй. Хэдэн том толгойлсон нөхдүүд байгаад байдаг. Өөр зориулалтаар болохоор зээлээ өгчихдөг, хот нийслэл улсын асуудал шийдэх гэхлээр хойш суугаад байдаг. Манай нийслэлийнхэн бүр үгээ хэлчихсэн байгаа. Очихоор хараадаг, загинадаг, зандардаг хэдэн нөхдүүд байгаа. Энийг цэгцлэх ёстой. Хоёрдугаарт, нийслэлээс бичиг биш баталгаа гаргаж өг гээд байх юм. Төсвийн тухай хуулиар баталгаа гаргаж өгөх ямар боломж байхгүй" гэжээ.

Ч.Хүрэлбаатар: Улстөрийн нөлөөгөөр өгчихдөг зээл зогссон

Харин Хөгжлийн банкны удирдлагуудыг сольсон бөгөөд чанаргүй зээлүүд байгаа гэх мэдээллийг тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өгч байжээ. Тэрбээр "Хөгжлийн банк Сангийн яаман дээр ирээд нэлээн эмх цэгцэндээ орж байгаа. Далайлгаж аль эсвэл улс төрийн нөлөөгөөр өгчихдөг зээл зогссон. Олгох ч үгүй. Яагаад гэвэл тэр бол хэн нэгний мөнгө биш. Энэ бол татвар төлөгчдийн болон төрийн мөнгө. Хатуу шүүлтүүрээр гаргаж байгаа. Нийтийн тээврийн санхүүжилтийг төлж чадахгүй тохиолдолд нийслэл төлнө гэдэг бичгээ өгчих гэж байгаа. Тэр бичгээ өгөхгүй байгаа юм билээ. Хөгжлийн банканд асуудалтай зээлүүд их байгаа. Энэ байдал дээр төрийн бүх л механизмыг ашиглаж хөдөлгөж байгаа. Чанаргүй, эргэн төлөлтгүй байсан дөрвөн зээл төлөгдөөд эхэлсэн. Сангийн яамд ирснээс хойш Хөгжлийн банкны удирдлагуудыг бүгдийг нь өөрчилсөн. Сангийн яам болон хуучнаар төрийн банканд ажиллаж байсан хүмүүсээр удирдлагуудыг нь өөрчилж ажиллаад явж байгаа. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр болон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байв.

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүхэлдээ ХУУЛЬ ЁС алдагдсан
Б.Энхбаяр: Шүүхээс буцаадаг байдал Орос, Монгол хоёрт л үлдлээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 онд Хууль зүйн дэд сайдаар томилогдсон дараахан Хөгжлийн банкинд шалгалт хийх ЗГ-ын Ажлын хэсгийг ахалж байсан. Таван жилийн өмнө тэрбээр “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүхэлдээ ХУУЛЬ ЁС алдагдсан ба УИХ, ЗГ-ын хяналтаас гарсан” тухай танилцуулж байжээ.
Тэрбээр "Хөгжлийн банкны тухай хууль, компанийн тухай хуульд зааснаар Засгийн газар, яамдад Хөгжлийн банканд төвлөрүүлсэн хөрөнгө түүнээс зээл гаргах ямар нэгэн эрх олгогдоогүй байна. 160 орчим шийдвэр дээр нэг бүрчлэн эрх зүйн үнэлгээ өгсөн. Зарим шийдвэрүүдийг онцлон авч танилцуулья. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөс санхүүжүүлэх төслийн хэрэгжүүлэхэд баримтлах журмыг баталсан. Энэ журмаар тодорхой төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг яамдуудаас, томоохон төслийн нэгжүүдээс Хөгжлийн банкны эх үүвсэрүүдийг зарцуулдаг, гэрээ хийдэг ажлууд явсан.
Өөрөөр хэлбэл, сая хэлсэнчлэн УИХ, ЗГ-ын хяналтаас гарсан. Сүүлдээ сайд дарга нар нь эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхэд холбогдох журмуудыг баталдаг болж ирсэн. Энэ журмууд нь захиргааны хэм хэмжээгээр тогтоосон шийдвэрүүд. ХЗДХЯ-нд бүртгэлгүй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй, хуулиас давсан хэм хэмжээ, стандартыг баталсан мөн тухайн журмаараа тодорхой төслийн нэгжүүд болон бусад сайд нартаа хуулиас гадуур эрх олгосон хууль бус шийдвэрүүд байсан.
Энэ шийдвэрүүдийн дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж явсантай холбоотойгоор мэргэжлийн удирдлага, зээлийн бодлого, хяналтын удирдлагууд бүхэлдээ алдагдсан. Товчхондоо, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүхэлдээ хууль ёс дээдлэх зарчим алдагдсан байна" гэжээ.

О.Энх-Эрдэний “Арван тавны сар“ дууны продюссер Э.БАТ-ҮҮЛ
О.Энх-Эрдэний “Арван тавны сар“ дууны продюссер Э.БАТ-ҮҮЛ
 
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.