“Авьяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлгийн ялагч, CBS телевизийн "The World's Best" шоунд амжилттай оролцсон гэдгээр нь дуучин О.Энх-Эрдэнийг олон нийт андахгүй. Тэгвэл О.Энх-Эрдэнэ өнгөрөгч оны аравдугаар сард саяхан нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болоод буй "Тал нутгийн зомби" киноны дуу болох "Арван тавны сар" нэртэй уран бүтээлээ цацсан. Тус дууны үг, ая дээр Quiza, Д.Мөнхболд нар ажилласан бол Э.Бат-Үүл продюсерээр ажиллажээ.
Энэ талаар Э.Бат-Үүл "Монголчууд зохиолын дууг яаж сонсдог шиг л Америк, Австралид коунтри чиглэлийн дууг сонсдог юм билээ. Австрали, Америкийн ковбойнууд, Монгол малчдын ахуй хоёр яг ижил юм байна. Хөндийгөөр, уулын дундуур явах байдал бас дууг нь сонсохоор яг л Монголчуудын ийм л аялгуулаг юманд дуртай даа гэсэн олон зүйлийн ассоциоц бий болж, түүнийгээ бодоод л яваад байсан юм. Энэ төрлийн дуу, урсгал манайд бий болвол явах юм байна даа гэж бодсон. Ингээд л Quiza, Д.Мөнхболд нарт хүсэлт тавьсан юм" гэж ярьжээ.