Бид ТЭМДЭГЛЭЖ байхад тэд сүйрч, эвдэрч, өөр хоорондоо буу шагайлцав. Эцэст нь “хамгаална” гэх лоозон бариад гадны цэргүүд орж орхилоо. Ийнхүү тусгаар улсын ЭРХ АШИГ гэдэг зүйлтэй казахстанчууд албан ёсоор салах ёс хийлээ. Одоо тэдний ирээдүйг Кремлиэс “зурна”. Энэ нүцгэн үнэнтэй эвлэрэхээс өөр сонголт байхгүй. Асуудлын цөм нь баялагийн тэгш бус хуваарилалт. Уг нь улс нь хөгжсөн. Улс нь хөгжсөн ч гэж дээ Н.Назарбаиевыг тойрсон бүхэн хөлжиж, хөгжсөн юм л даа. Түүнээс биш хот тосгоных амьдрал 90 оны өмнөхөөс ч долоо дор болсон гэлцдэг. Тэгвэл тэд юун дээр алдсанг хамтдаа “оношлоё”. Угаасаа бөөнөөрөө Казахстан судлаач болж байгаа биз дээ.
Өнөөдөр манай ҮНДСЭН ХУУЛИЙН баярын өдөр. Эцэг хуулийн хүчээр бид эрх ашиг нь дэлхийгээс том болчихсон хоёр гүрний дунд “амьд” хавчуулагдаж буй. Парламентын засаглал, ардчилал, хүний эрхийг Үндсэн хуулиараа бид хамгаалж байна. Үндсэн хуульд заачихсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо ачаар бид ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Хүний хорвоо л юм хойно бидэнд асуудал зөндөө бий. Энийг харин хуулийн хүрээнд засч залруулаад явах боломжийг Үндсэн хууль давхар бидэнд өгсөн. Улстөрчид чинь таалагдахгүй бол сонгуулиа хийгээд бүгдийг нь соль. Төр засаг чинь болохгүй бол хуулийн хүрээнд жагс, цугла. Үзэл бодлоо үнэн бодитой, баримт нотолгоотой илэрхийлээд “байранд” нь тавь. Өөрөөр хэлбэл, бүхнийг засч, залруулах боломж таны, миний гарт байгаа шүү. Тиймээс парламентын ардчилал руу нулимж, хэн нэг “чанга гар”-ыг мөрөөдөж биш ахмадуудын бидэнд үлдээсэн үнэт өв Үндсэн хуулиа хайрлаж, илүү сайжруулан сахиж мөрдөх нь ёстой.
Бид уг нь хуулийн дор амьдраад сурчихсан ард түмэн. Аль Чингисийн үед л хууль хийгээд хэрэглэчихсэн. Үндсэн хуулийн тухайд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлаад бас Азидаа анхдагч шахуу болчихсон. Үүнээс хойш 1940, 1960, 1992 онуудад дөрвөнтөө Үндсэн хуулиа шинэчилж бичив. Мөн хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Анхны үндсэн хуулиар бид тусгаар улсаа зарласан. 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар хөгжил дэвшил, соёл, боловсрол орчин үеийн нийгмийн амьдралыг олж авч, улсаа сэргээсэн. 1992 оны Үндсэн хуулиар өнөөдрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тусгаар тогтнолыг олж авсан. Хамгийн сүүлд Г.Занданшатар тэргүүтэй 2016-2020 оны парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, өнгөрсөн аравны алдааг засч, ирээдүйн аравны ололтыг шингээсэн. Гишүүдийн тоог нэмэх гэх мэт бага зэрэг дутуу зүйл үлдсэн хэдий ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд дампуураад байсан тогтолцооны гажгийг үндсэндээ засчихсан. Хонгил, Засаг төрийн тогтворгүй ойлгомжгүй харилцаа холбоо, гурван засаглалын хоорондын хяналт тэнцлийг хангасан гэж судлаачид дүгнэдэг. Одоо л бидний “тоглоом”-ын дүрэм арай ойлгомжтой, алдаа дутагдал багассан. Товчхондоо дордуулсан долоон өөрчлөлтөөс бусад бүх тохиолдолд бид Үндсэн хуулиа машид сайжруулж, ололт шингээсээр ирлээ.
Тиймээс Үндсэн хуулийн ач тус, гавьяаг өнөөдөр бид илүүтэй ойлгох. Энэ хуулийнхаа үг үсэг бүрийн цаана байгаа агуулгыг ойлгох хэрэгтэй. Зөв Үндсэн хууль байгаа учраас манайх Киргиз, Казахстан шиг асуудалд орохгүй. Туурга тусгаар байгаа юм. Эхэнд өгүүлсэн Казахстаны Үндсэн хуулийг Н.Назарбаев гэгч товарш далайн эрэг дээр хэвтсээр байгаад өөртөө зориулж бичүүлээд, Ерөнхийлөгчийн засаглалыг гүн бат оршоочихсон. Тэдний Үндсэн хууль 1995 онд батлагдсан, манайх 1992 онд батлагдсан. Тэд 1991 онд туурга тусгаар болсон. Бид 1990 онд эрх чөлөө, ардчиллаа олж авсан. Бараг нэг гараан дээрээс эхэлсэн хоёр улсын түүх өнөөдөр ямар байгааг бүгд харж байна. Яахав, тэд эдийн засгийн хувьд манайхаас лаг ч, мөнгөөр үнэлшгүй эрх чөлөөгөөр манайх лаг.
Өөрөөр хэлбэл, бид Казахстанд болсон үйл явдлаас суралцах биш. Тэд биднээс эрх чөлөө, тусгаар тогтнол, парламентын ардчилалтай Үндсэн хуулиас маань суралцах хэрэгтэй. Казахстан шиг баян биш ч, дэлхийгээс том эрх чөлөө надад байна.
Үндсэн хуулийн ачаар би сэтгүүлчийнхээ хувиар, та хууль тогтоогч, үйлдвэрлэгч, иргэнийхээ хувиар үгээ хэлж, эрх чөлөөг мэдэрч байна. Хүний эрх, эрх чөлөөг өмч хөрөнгө, эд баялгаас илүүд үзсэн тул Үндсэн хуулийн энэ хэсгийг өнөөдөр чухалчлан онцлов.
Хүн бүр эцэг хуулийнхаа хоёрдугаар бүлгийг үг үсэггүй ойлгож, Үндсэн хуулиа сахин хэрэгжүүлцгээе. Эрх чөлөөгөө хайрлацгаая.
Г.Лхагвадорж