Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ технологийн алдаа гарснаас утаа нэмэгдсэн үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 20 секунд

Өвлийн эхэн сарын нүдэнд харагдах төдий утаа бол зүгээр л трейлер байсныг бид одоо мэдэрч сууна. Аз жаргалтай гэх тодотголтой Улаанбаатар нь өнөөдөр Утаанбаатар болчихлоо. Нийслэлчүүд сайжруулсан түлш түлж эхэлснээс хойш даруй гурван жилийн нүүрийг үзэж байна. Аливаа зүйл эхлэлдээ ёслол төгөлдөр байдаг хойно амтай бүхэн нь утаа алга болсныг гайхаж, сайшаалынх нь шагналыг сайжруулсан түлш "хүртэж" байсан. Эхлүүлсэн ажил нь жил ирэх тусам сайжрах ёстой атал энэ жил нэг л учраа олсонгүй бололтой. Учир нь өнөөдөр сайжруулсан түлшээ түлсээр суугаа иргэд нь түүхий нүүрс хэрэглэснээс ялгагдахааргүй орчинд амьдарч байна. Харамсалтай нь, утаа нэмэгдсэн шалтгааныг төр нь иргэд рүүгээ чихэв. Сайд, дарга нар нь шахмал түлшний үнэ хямд байгаатай холбож нэг үзээд эцэстээ хэрэглэж буй хэмжээтэй нь холбоод тайлбарлачихлаа. Хар ухаанаар бодоход шалтгааныг олсон мэт харагдуулахад байж болох "хөнгөхөн" л гаргалгаа. Гэхдээ энэ нь хэр үндэслэлтэй байсныг бид хэлж мэдэхгүй.

Нийслэлд утаа нэмэгдсэн нь шахмал түлшний хэрэглээ бус түүнээс ч өмнөх үйлдвэрлэлийн шатанд гарсан технологийн алдаатай холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх шийдвэр гарснаас үүдэн мөн оны дөрөвдүгээр сард нөөц бүрдүүлэлтэд асуудал үүсч эхэлсэн аж. Харин технологийн алдаа тухайд, оны өмнөхөн шахмал түлшний хомсдол үүсэж, түлш борлуулах цэгүүдэд иргэдийн дараалал үүссэн. Энэ үед холбогдох албаныхан хангалттай нөөц бүрдүүлсэн, өвөлдөө хангалттай гэх зүйлийг ярьж байсан ч төд удалгүй нөхцөл байдал өөрчлөгдсөн нь энэ байв. Ингэхдээ нөөцөө яаралтай бүрдүүлэхийн тулд үйлдвэрээс дөнгөж гарсан шахмал түлшийг бүрэн хатаалгүйгээр савлаж, хэрэглэгчдэд нийлүүлсэн гэх. Үүнээс шалтгаалан бүрэн хатаагүй шахмал түлшийг хэрэглэхэд чийглэгийн хэмжээ их байхын сацуу уугилт их байгаа болохыг ард иргэд хэлж байгаа юм. Тэгвэл утаа нэмэгдэж буй нь иргэд аль эсвэл эвцэлдүүлэх гээд байгаа зуухтай нь огтоос холбоогүй байж ч мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, алдаа нь түлш үйлдвэрлэх явцад гарсан байж болзошгүй.

Н.Тавинбэх: Шахмал түлшинд технологийн алдаа гараагүй, хэрэглээ өссөн нь гарцаагүй үнэн

Харин тус асуудалд Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх "Шахмал түлшинд технологийн алдаа гараагүй. Хэрэглээ өссөн нь гарцаагүй үнэн. Өвөл эхлэхэд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байсан. Хэрэглээ өссөнөөс өнөөдрийн байдлаар 24 мянган тонн түлшний нөөцтэй ажиллаж байна. Энэ бол зөвхөн миний хийсэн ажил биш. Таван толгой түлш компанийн салбарын хамт олны ажил. Хоёрдугаарт, үйлдвэрлэл хэвийн явж байгаа. Агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор өөрсдийн санаачилгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хоёр лабораториудад нэмэлт шинжилгээг хийлгэхэд хэвийн, стандартыг хангасан гэх хариу гарсан. Чийгшилт өндөр гарч байгаа нь үнэн боловч Монгол Улсын сайжруулсан шахмал түлшинд тавигдах стандартын хэмжээг хангаж байгаа" гэх тайлбарыг өглөө.

НМХГ: “Тавантолгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан

Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүртэл иргэдээс сайжруулсан шахмал түлшний илчлэг муу, уугилт их, үүрмэг ирж байна гэх гомдол ирсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байдаг байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай.

Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. “Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан" гэв.

"Сайжруулсан шахмал түлш өмнөх үеэс илүү чийгтэй, тортог ихтэй, хатаалт муу байгаа учраас утаа их гарч байгаа талаар иргэд хэлж байна"

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ч утаа нэмэгдсэн шалтгааныг иргэд рүү чиглүүлж буйг үгүйсгэж, ташаа мэдээлэл гэжээ. Тэрбээр "Баянзүрх дүүргийн гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэд түүхий нүүрс түлж утаа их гаргаж байгаа гэдэг ташаа мэдээлэл. Харин эсрэгээрээ иргэд сайжруулсан шахмал түлш өмнөх үеэс илүү чийгтэй, тортог ихтэй, хатаалт муу байгаа учраас утаа их гарч байгаа талаар иргэд хэлж байна. Бид утаа ихэсч байгаа гээд иргэдээ буруутгаж, түүхий нүүрс хэрэглэж байна гэж хардах биш, борлуулж буй түлшний чанар, стандартад анхаарах хэрэгтэй" гэжээ.

Энэ мэтээс харахад алдаа хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа сайд дарга нар болоод үйлдвэрлэгч Таван толгой түлш нь яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлага зүй ёсоор үүсээд байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгосон. Утаа ихсэж буй шалтгааны гол зангилаа хаана байгааг олж тогтоох чиглэлийг Засгийн газар, Ерөнхий сайд нь үүрэгдсэн тул мэргэжлийн албадын дараагийн удаад юу хэлэхийг нь сонсох үлдлээ.

Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжжээ
Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.