ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл Омикрон хувилбарын талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Омикроныг улиралын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна, таван хоногт эдгэнэ ч гэх шиг. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй. Омикрон суурь өвчнийг нь бариад л авна, юун 5 хоног. 5 жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй.
Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Жаахан хөрсөн дээрээ буугаад зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байна даа. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах … гэх мэт. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе" гэжээ.
Мөн Тэрбээр "Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь Ковид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа. Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна даа. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ" гэсэн байна.