Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч, 100 жилийг ардаа үджээ. Унаж, боссон хөгжил дэвшлийнхээ замаар чимээгүй хэр алдаа, оноотой нь цуг гэтэлж яваа энэ салбарынхныг бид цагаан нөмрөг өмссөн “баатрууд” хэмээн тодотгодог. Шинэ оны босгон дээр эрүүл мэндийн салбарынхан шинэхэн гавьяатаа өлгийдөн авсан. Тэр бол ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл. Эрүүл мэндийн салбарт 36 жил зүтгэсэн түүнийг төр үнэлсэн нь энэ. Түүнийг бид “Антикорона” багийн гишүүн, өдөр бүрийн 11.00 цагийн мэдээллээр нь авгайлах үе ч байв. Тэгвэл Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолыг энгэртээ гялалзуулаад удаагүй байгаа түүнтэй бидний тийм ч сайн мэддэггүй Д.Нарангэрэлийн амьдралын талаар хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.
Удам дагасан эмч
Хийж бүтээснээ төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлэх шиг бахдам зүйл үгүй. Бид баярынх нь “халуун” дээр сэтгэгдлийг нь асуувал тэрбээр “Шагнал авах болсон тухай мэдээг урьд орой нь л мэдсэн. Урьд шөнө нь сэтгэл догдлоод нойр муутай хоносон. Их л гэнэтийн юм болсон доо. Эрүүл мэндийн салбарынхан болоод ард иргэд маань энэ нэр хүндтэй шагналыг зөв эзэнд нь хаяглажээ гэх урмын үг, эерэг сэтгэгдлийг ирүүлэхэд нь маш их баярласан” гэв.
Д.Нарангэрэл Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд гэр бүлээрээ шахуу эрүүл мэндийн салбарт тангараг өргөсөн хүмүүс гэнэ. Түүний ээж эх барих, эмэгтэйчүүдийн эмч. Харин дүү нь дотрын эмч. Хүргэн дүү нь мөн адил мэс заслын эмч бөгөөд гэр бүл дундаас төрж буй хоёр дахь Гавьяат нь би хэмээн тэрбээр ярих. Ингэхдээ хүргэн дүү нь Эрүүлийг хамгаалах Гавьяат эмч аж.
Таныг мэргэжил сонгоход гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү гэх асуултад тэрбээр “Ээж, аав хоёр минь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүмүүс. Ээж маань эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй хүн л дээ. Нэгдүгээр төрөх, Эх нялхсын төв, Хүүхдийн сувилалд махлаг цагаан эх барих эмч гэхээр салбарынхан ч андахгүй. Эмч болох сэдэл ээжээс минь эхлэлтэй. Ээж минь намайг гар жижигтэй учраас эмэгтэйчүүдийн эмч болох хэрэгтэй юм байна гэж их хэлдэг байв. Учир нь эмэгтэй хүний умайд орж байгаа гар их жижигхэн байх нь зүгээр гэж хэлж байсан юм. Багаас эмч болох ёстой гэх ухагдахууныг толгойд минь суулгаж өгсөн гэх үү дээ.
Гэхдээ би багш болох сонирхолтой байсан л даа. Их сонин. Арван жилдээ санаандгүй байдлаар ариун цэврийн дарга болчихдог юм байна. Тухайн үед ариун цэврийн дарга гэдэг бол хүүхдүүдийн ариун цэвэр, хумс хунарыг ч их нарийн шалгана шүү дээ. Энэ байдлаас өөрт эмч болох нь зөв юм байна гэж бодол төрж байсан.
Ээж минь олон мянган хүүхдийг эндэгдэлгүй эх барьж авсан хүн. Манай ээж, дүү, хүргэн дүү, ач, зээ нараас маань ч эмч нар их. Эмчийн удамтай айл.
Нэг салбарынх болохоор уулзах бүртээ мэргэжлийн зан хөдлөөд ярьж өгнө шүү дээ. Тэр бүрт нөхөр маань гайхаад л. Өөрсдөө ч анзаардаггүй юм билээ. Бие биедээ тусалж, дэмжиж, зөвлөгөө өгч чаддаг учраас энэ салбарт олуулаа зүтгэхийн сайхныг байнга мэдэрдэг” хэмээв.
Сумын ГАНЦ
... Сумын ганц их эмч учраас бүх зүйлд л явна. Одоо бодоход залуухан ч байж. Нөмгөн дээл өмсөж, мод бариад л явчихдаг байлаа шүү дээ. Сумын эмч учраас шөнө нэг хоёр цагт явж байхад ч ямар ч согтуу хөлчүү хүн байсан айлгадаггүй. Харин айлгах ганц зүйл нь нохой л байсан юм...
Бидний мэдэхгүй цаг үе. Хатуу ч байж дээ хэмээн уулга алдахаас хэтрэхгүй үйл явдлуудын талаар бид хэсэг ярилцав. Их сургуулиа дөнгөж төгссөн залуухан эмч Д.Нарангэрэл. Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг төгсөнгүүтээ эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Баянчандмань суманд их эмчээр томилогдон, очиж ажиллахаар болов. Өөрөөр хэлбэл, сумын ГАНЦ их эмч. Залуухан сумын их эмчид их л хариуцлага оногдсон байх.даа гэхэд тэрбээр “Сумын их эмчээс ажлын гараагаа эхэлж, дөрвөн жил ажилласан. Хотод хүүхдээ дөнгөж төрүүлчхээд нэг сар өнгөрч байхад сумаас дарга ирээд “Танай хүүхэд төрөөд 30 хонож байхад өргөн түмний төрөөд нэг хонож байгаа үрсийг чи яах юм” гэж хэлж байв. Хатуу ч нийгэм байж. Ээждээ хүүхдээ үлдээгээд сум руугаа ажиллахаар явсан юм. Хүүхдээ гурван настай байхад нь ирэхэд хүүхэд маань аав гэж хэлж хэлд орсон байв. Аргагүй л дээ. Хажууд нь аав, эмээ хоёр нь байсан. Би гэдэг хүн ажилтай учраас хааяа хааяа л өвчтөн оруулж ирэх далимаар гэртээ ирдэг байсан.
Хүүхэд дээрээ ирчхээд буцаад сум руугаа явах бүрдээ уйлна. Жолооч ах маань их настайвтар хүн байсан л даа. “Хүү минь уйлаад яах вэ, дараа дахиад л давхиад ирнэ дээ хоёулаа” гэж хэлээд тайвшруулдаг байв.
24 цагаар л ажиллана шүү дээ. Шөнө ч эх төрнө. Ямар нэгэн хүндрэл, яаралтай дуудлага болоход их эмч маш хариуцлагатай байх ёстой. Тэр үед янз бүрийн л юм болдог байж. Хөгжилтэй ч гэмээр. Шөнө хүүхдүүд унтахгүй уйлаад л байна. Шөнө 02.00 цагт сувилагч маань ирээд хүүхдүүд унтахгүй байна л гэв. Тариа хийнэ, массаж хийж үзнэ. Сүүлдээ ширгэлж ч үзнэ шүү дээ. Хамгийн гол нь эмнэлэг 15-хан ортой учраас нэг л хүүхэд уйлахад эмнэлгээрээ л унтахгүй гэсэн үг. Нэг удаа настай сувилагч маань тархи нь хөдөлсөн хүүхэд байна гэж хэлэхэд нь би ч массаж хийв. Гэтэл өнөө уйлж байсан хүүхэд маань тайван гэгч нь унтчихав. Маргааш нь манай шинэ ирсэн сумын эмч бариач юм билээ гэх яриа гарчихсан байсан шүү. Социализмын үе тул би ч бариач биш, Анагаахад л сурсан юм гээд л. Сонин нь сүүлд аавын минь ах нутагтаа алдартай бариач хүн байсныг олж мэдсэн. Бодох нь ээ, надад удмын “юм” байж шүү гэж бодогдсон шүү /инээв/.
Сумын эмчээр дөрвөн жил ажилласан үеэ маш их бахархаж боддог. Тэнд л би эмч хүн гэж ямар хүн байх, хүн гэгч амьтан хорвоогоос хэрхэн явж, яаж хүнийг хорвоод тосож авдаг вэ гэдгийг анх удаа мэдэж, мэдэрсэн газар минь. Сумын ганц их эмч учраас бүх зүйлд л явна. Одоо бодоход залуухан ч байж. Нөмгөн дээл өмсөж, мод бариад л явчихдаг байлаа шүү дээ. Сумын эмч учраас шөнө нэг хоёр цагт явж байхад ямар ч согтуу хөлчүү хүн байсан айлгадаггүй. Харин айлгах ганц зүйл нь нохой л байсан юм/инээв/” гэлээ.
Сумын ганц их эмч байсан учраас ард түмнийх нь хайр, хүндлэлд өлгийдүүлдэг байж дээ гэхэд Д.Нарангэрэл
“Цагаан сарын баяр хоёрдугаар сард болдог шүү дээ. Гэтэл аль хойно гурав, дөрөвдүгээр сард л айлаар очиход “Эмчдээ цагаан сарын бэлэг өгнө өө” гээд л сүйд болцгооно. Тийм л сайхан сэтгэлтэй ард түмэн. Суманд ажиллах хугацаандаа их ч зүйлийг сурсан. Анагаах ухааны дээд сургуульд зургаан жил, мэргэжил дээшлүүлэх курст суралцсан хэдий ч жинхэнэ эмч болох гараагаа сумын эмчээс эхэлсэн гэж боддог доо” хэмээв.
“Хэзээ хойно ээж маань намайг эх барих эмч болох байсан юм хэмээн ярьж суусан”
Д.Нарангэрэл эмчийн мэргэшсэн чиглэл бол халдварт өвчний тархвар судлаач. Түүний ээж өөрийн мэргэжлийг охиндоо өвлүүлж, эх барих чиглэлээр явуулахыг хүссэн талаар өмнө ярьж байсан. Тэгвэл та яагаад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээс “хол” чиглэлийг сонгосон юм бэ гэхэд тэрбээр “Эмэгтэйчүүдийн эмч чиглэлийн мэргэших курст суралцахаар Анагаах ухаан сургуульд иртэл элсэх оюутны тоо дүүрчихсэн байсан. Гэтэл халдвар судлаач буюу тархвар судлаачийн анги л байв. Курсээ ч төгссөн. Сумандаа дөрвөн жил ажиллачхаад Улаанбаатар хотод Анагаахын сургуульд интер биологийн багш мэргэжлээр ажиллах болсон. Ингэж л халдварт өвчин, тархвар судлал гэх чиглэлтэй 30 гаруй жил холбогдож ажиллажээ.
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч их хүнд мэргэжил. Хэдийгээр эрүүл эх төрж байгаа хэдий ч тухайн хоромд хоёр хүний амьдралыг хариуцдаг ажил шүү дээ. Хариуцлагатай. Нөгөөтээгүүр, нэр хүнд нь сайхан л даа. Цагаан сар, баяр ёслол болоход хүйн ээждээ ирлээ гээд л 20,30 настай залуус зориод ирнэ шүү дээ. Тэр бүрт мэргэжлийнх нь сайхныг нүдээр харж өссөн. Гэхдээ маш хүнд мэргэжил.
Анх их сургуулиа төгсөөд Төв аймгийн Баянчандмань суманд очиж ажиллах үедээ эх барьж байх үйл явцыг өөрийн нүдээр харж байсан л даа. Анх сумын эмнэлэгт нэг бүсгүй төрчхөөд цус алдсан юм. Цус алдтал эхэс нь гарахгүй байхад бага эмч маань намайг үздээ л гэж байна. Тэгээд л би чинь сандарч үймээд л. “Эхэс нь гараагүй байхад ханыг нь дагуулж, хөрөөдөх хөдөлгөөн хийдэг юм” гэж хэлсэн багшийн үг санаад буув. Багш нарынхаа зааж байснаар хийтэл алга дүүрээд ирж байна шүү. Бага эмчээрээ заалгаж, гаргаад иртэл эхэс нь гараад ирсэн. Цус алдалт ч тогтчихов. Түүнээс хойш нэлээн зориг гаргаж, олон эхийг эсэн мэнд эх барьж авсан. Гэхдээ л айдас дотор минь байсаар л байсан. Ер нь ээж минь яаж энэ олон эхсийг гардаж, яаж энэ олон нярайг эндэгдэлгүй эх барьж авсан байна гэж бодох бүрт бахархах сэтгэл ч төрдөг байв.
Хэзээ хойно ээж маань намайг эмэгтэйчүүдийн эмч болох байсан юм хэмээн ярьж суусан” гэж байлаа.
Антикорона багийн гишүүн, 11 цагийн мэдээллийн Д.Нарангэрэл
Цар тахлыг дотооддоо алдалгүй арван сар барих үед бид Антикорона багийн хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэлж буй зөвлөгөө мэдээлэл олон нийтийн нүдэнд дээр байсан. Ард түмэн магтах үедээ магтаж, шүүмжлэх үедээ шүүмжилдэг байв. Одоо ч хэвээрээ. Гэхдээ дэлхий нийтэд ШИНЭ байсан вирустэй энгийн дадлаар тэмцэж чадна гэдгийг өдөр бүр, өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд хэлэхээс цааргалдаггүй байв.
Цар тахлын бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарынхан чадлаараа ажиллаж байх үед олон нийтээс ирэх хандлага, санал шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан талаар түүнээс асуухад “Ковидын хүн амд үзүүлж буй нэг нөлөө нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь энгийн дадлаас эхэлнэ гэдгийг ойлгосон явдал.
Эхний үеүдэд авсан арга хэмжээ нэлээн хэцүү байсан. Бидэнд алдаа, оноотой зүйл ч байсан нь үнэн. Дэлхий нийтэд шинээр гарч ирсэн вирус учраас бүх зүйл л тодорхойгүй байсан цаг үе. Тухайн үед хамгаалах тактикийг л барьж ажиллаж байлаа шүү дээ. Нэг хүнийг ч болтугай вирусээс хамгаалахын тулд ажилласан.
Өнөөдөр бид хамгаалахын сацуу халдварт өвчинтэй тэмцэх буюу урагш давших тактиктай ажиллаж байна. Энгийн дадлууд биднийг хамгаалж чадна гэдгийг хурдан хугацаанд олон нийтэд хүргэж чадсан. Олон нийт маань ч амны хаалтыг маш сайн хэрэглэж, дадал зуршил болгосон.
Яг энэ үед заримдаа магтуулдаг, заримдаа шүүмжлүүлдэг 11 цагийн мэдээ хийж эхэлсэн. БНХАУ-д нэг Монгол оюутан халдвар авсан байхад бид түүнийг шуурхай мэдээлдэг хэмнэлтэй ажиллаж байсан. Эрсдэлийн үеийн харилцаа холбоо маш чухал болохыг тухайн үед ойлгосон. Эрсдэлийн харилцаа холбоо, мэдээ мэдээллийг хүргэсний дүнд бид дотооддоо алдалгүй арван сар барьж чадсан. Вакцинтай ч залгасан. Хэрвээ вакцинтай залгуулж амжаагүй бол бид цар тахлаас шалтгаалан хэчнээн хүн эндсэн байхыг бид хэлж мэдэхгүй” гэв.
Харин Антикорона багийн тухайд тэрбээр “Тухайн үед сайдын тушаалаар баг байгуулагдсан. Ковид19-ийн үед ажиллаж байгаа тул анх өөрсдийгөө “Корона баг” гээд нэрлэчихсэн байсан юм. Гэтэл нэг иргэнээс та нар ковидтой тэмцэж байгаа бол антикорона гэх ёстой гэв. Үнэн л дээ. Энэ мэтчилэн иргэд маань санал, шүүмжлэлээ хэлж байгаа нь өөрөө маш их ташуур болж өгсөн гэж боддог. Тандалт, судалгаагаа хийх гээд яамны байрандаа бараг л хонодог байсан. Шөнийн 12 цагт тарахад эрт тарж байна гэж л боддог байсан үе. Гэхдээ тухайн үед олон нийтийн өгч буй үгс нь шүүмжлэл гэхээсээ илүү зөвлөгөө мэт л санагддаг байсан” гэж хариулав. Тэгэхээр Антикорона гэх нэрийг ард түмэн өгсөн байх нь.
“Эмчилгээг хэдхэн эм тариагаар хязгаарлаж болохгүй”
...Хөдөө суманд ажиллаж байх үед нэг өвчтөн маань “Эмч ээ, би ганц сайхан амьсгал авчихъя” гэж хэлээд гар дээр минь амьсгал хурааж байв. Дэндүү харамсалтай санагдсан. Дараа нь яах гэж эмч боллоо доо гэж бодох үе ч байсан...
Амьдралд сайн, муу зэрэгцэн оршдог гэлцдэг. Эмч мэргэжлээр хамгийн сайхан бөгөөд хэцүү агшныг Д.Нарангэрэл ийнхүү тодорхойлов. “Залуухан эмч байхдаа хүн амьсгал хураахад хажууд нь тэсэлгүй л уйлчихдаг байсан. Зүрх зогссон цаг, минутыг ард гэрийнхэнд нь хэлэх үнэхээр хэцүү.
Эмч бол сайхан мэргэжил. Энэ мэргэжлээр ажилласны, ажиллахын сайхан басхүү хэцүү тал ч бий. Сэтгэлийн хатуужилтай байж эмч болно. Учир нь хүний үхэл амьдралыг атгаж, сүүлчийн “амьсгал”-ыг нь хэлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Цагаан халаад өмссөн, хүн бүрийн хүндэтгэл дунд сайхан санагдах үе байж болох. Гэвч мөн чанартаа эмч болсныхоо дараа халшрах, шантрах үе тодорхой хэмжээнд байдаг.
Хүний нөөцийн хувьд манай салбар хангалтгүй. Одоо ч хангалтгүй хэвээр. Тангараг өргөсөн гэдэг утгаараа ачааны хүндийг эрүүл мэндийн салбарынхан үүрч байгаа. Гэхдээ бүх зүйлийг өргөсөн тангарагтай холбох нь өрөөсгөл. Хүн л юм хойно ар гэрт нь асуудал гарах үе байна. Гэвч ковидын үед эрүүл мэндийн салбар ямар чухал болохыг дэлхий нийтээр ойлголоо шүү дээ. Ковид одоо ч дуусаагүй. Тиймээс эрүүл мэндийн салбар гэлтгүй ард түмэн хамтдаа нэгдэж тэмцэх хэрэгтэй.
Эмч хүнд байх хамгийн чухал зүйл бол хүнлэг чанар. Өөрийнхөө ээж, аав, үр хүүхэд шиг л санаж эмчлэх чадвар эмч хүнд байх ёстой. Эмчилгээ гэдэг зүйлийг хэдхэн эм тариагаар хязгаарлаж болохгүй. Одоогийн зарим эмч нарыг харахад компьютер харж, шинжилгээг нь уншиж онош тавьж харагдах нь бий. Зүрх сэтгэлтэй, бүхий л асуудалд өвчтөнийхөө байр сууринаас харж, ханддаг байх чухал” гэлээ.
“Гавьяаныхаа амралтад гарсан ч салбараасаа холдохгүй ээ”
-Та халдварт өвчний тархвар судлаач чиглэлээрээ хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Сумын эмчийн ажлаа хүлээлгэж өгөөд хотод ирснийхээ дараа Анагаахын сургуульд микро биологи халдварт өвчний багш хийж байсан. Түүнээс хойш Анагаах ухааны их сургууль, ХӨСҮТ, ЭМЯ гээд л ажилласан даа. Улсад 36 жил ажилласны 28 жилд нь Эрүүл мэндийн яаманд ажилласан. 40 гаруй халдварт өвчний дэгдэлтэд ажилласан байна.
-Халдварт өвчин гэдэг бол маш шуурхай арга хэмжээ авахгүй бол богино хугацаанд олон хүний амь насанд эрсдэл үүсгэх өвчин гэдгийг бид сүүлийн хоёр жил бүрэн утгаараа ойлгож, мэдэрч байна шүү дээ?
-Тийм ээ. Мэдээж өвчин болгон л хэцүү. Түүний дундаас халдварт өвчин бол олон хүнийг нэг зэрэг хамардаг учраас нийгэмд асар их хор хохиролтой өвчин юм. Иймд тухайн өвчний эх уурхайг олон, зогсоох чухал байдаг. Басхүү халдварт өвчинтэй тэмцэхэд төр засгийн бодлогоос илүү хувь хүний өөрийн эрүүл ахуй, ариун цэвэр, мэдлэг ойлголт чухал болох нь цар тахлын үед ч харагдлаа.
-Ер нь халдварт өвчин чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ковид гарахаас өмнө ямар түвшинд байсан гэж та хардаг вэ. Эрүүл мэндийн салбар үүсэн хөгжиж 100 жилийг ардаа орхисон байна. 30 гаруй жил энэ салбарт зүтгэсний хувьд салбарынхаа хөгжил дэвшлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай салбар бол асар их хөгжлийн үе шатыг туулж яваа. Гэвч хөрөнгө мөнгө тал дээр улсаас тавих төсвөө л хардаг. Боловсон хүчний хувьд дэлхийн хаана ч гологдохгүй. Харин дотооддоо тоног төхөөрөмж, нийгмийн асуудал талаасаа хүндрэлтэй асуудлууд их.
Төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын хувьд халдварт өвчин анхаарал хандуулах асуудлын нэгдүгээрт байсаар ирсэн. Үүнийхээ үр дүнд сахуу, хөхүүл ханиад, бөөсний хижиг, цагаан цэцэг гэх мэт өвчнүүдийг Монгол Улс дарж чадсан түүхтэй. Вирус гепатит, бруцеллёз өвчнүүдийг устгах үндэсний программууд хэрэгжүүлж байсан. Нийт хүн амын дундах халдварт өвчний талаарх ойлголт, мэдлэг ч багатай байсан. Вакцин гарч ирж зарим халдварт өвчнийг багасгасан. Үүний үр дүнд хүүхдийн эндэгдэл буурсан гэх мэтчилэн сайхан үзүүлэлт бий.
-Халдварт өвчний тархвар судлалын чиглэлээр ажиллах жилүүдэд тань өөрөөр болоод хамт олноороо бахархах сэтгэгдэл төрж байсан үе бий юу?
-Эрүүл мэндийн салбарт зүтгэсний хувьд сайхан мөчүүд их байсан. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой тохиолоо. Үүний 30 гаруй жилд нь энэ салбарт зүтгэсэн байна. Халдварт саа өвчнийг устгасан гэрчилгээг ДЭМБ-ын индэр дээрээс н.Нямдаваа академич, Ж.Мэндсайхан докторын хамтаар гардан авлаа. Мөн улаан бурхан өвчний тархалтыг зогсоосон гэх гэрчилгээг гардан авч байв. Энэ мэтчилэн түүхэн үйл явдлуудад гар бие оролцож, 100 жилийнхээ ойн босгон дээр төр түмнээсээ Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Талархаад баршгүй юм.
-Та удахгүй гавьяаныхаа амралтад гарах гэж байгаа гэсэн?
-Гавьяаныхаа амралтад гарч байгаа боловч салбараасаа холдохгүй л гэж бодож байгаа. Судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ чиглэлээр ажиллана гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.