Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Хичээлийн хоцрогдолд дэд бүтэц, интернэт, гар утас компьютер дутмаг байдал нөлөөлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ гишүүдийн асуусан зарим асуултад тэрбээр хариулт өгсөн юм.

Тодруулбал, тэрбээр "2021 оны хичээлийн жилийн онцлог нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосонтой холбогдуулан 1-5 дугаар ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж эхэлсэн. Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг Засгийн газраас 1500 төгрөг болгосон. Гэхдээ нэг хүндрэл байгаа. Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байна. 1500 төгрөгт тооцоо судалгаа хийж үзэхээр 800-900 төгрөг нь түрээслэгчдийн халаасанд орж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд ерөнхий боловсролын сургууль түрээсийн гал тогоотой байхыг хориглосон. Нэгхэн жилийн дотор бүх сургуулийг гал тогоотой болгох боломжгүй тул энэ байдлыг үе шаттайгаар бууруулж, өөрийн гал тогоогүй сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудалд салбарын яам бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна.

Хүүхэд нийт авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас танхимын сургалт 40 гаруй, цахим зайны сургалт нь нийт сургалтын 60 хувийг эзэлсэн тул үүнээс үүдэн сурлагын хоцрогдол үүсээд байна. Хичээлийн хоцрогдолд дэд бүтэц, интернэт, гар утас компьютер дутмаг байдал нөлөөлж байна. Олон улсад боловсролын салбарын гол үзүүлэлтийг нэг хүүхдэд хэдэн компьютер ногдож байгаагаар тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс нэлээд хойгуур байна. Манай улсад нэг компьютерт 23 хүүхэд ногдож байгааг дурдаад энэ жилийн хувьд 3 тэрбум төгрөгийн төсөвтөө тааруулаад 670 сургуулийн шилэн кабелийг шинэчилж, интернэтийн хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн.

Улсын хэмжээнд 180 мянга, нийслэлд 40 мянган хүүхэд эрчим хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн улмаас хичээлийн хоцрогдолд орсон тул өнгөрсөн жилийн намар Эрчим хүчний яамнаас Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр нүүж ирсэн айлуудыг эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн энэ жилийн хувьд 10 тэрбум төгрөгийг сайдын багцад тусгасан. Энэ хүрээнд интернэтийн сүлжээний асуудлаа шийднэ гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгохын зэрэгцээ нэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр, багш нарыг компьютержүүлэхгүйээр цахим сургалтын асуудлыг ярих боломжгүй. Улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютержүүлэхэд 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авна. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн тул энэ хүрээнд багш нарын өөрсдийн мөнгөөр хичээлд зарцуулсан хэрэгсэл, дата, интернэтийн зардлыг олгох, компьютерын танхимгүй байгаа сургуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар нэн яаралтай 100 орчим сумын сургуулийн интернэт компьютерийн асуудлыг хувьсах зардлын аргачлалаар шийдвэрлэнэ" гэсэн юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Төрийн ордонд болж байна
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Төрийн ордонд болж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.