Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Монголхүү: Энэ жил цагдаагийн салбарыг шинэчлэх АКЦ хийнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 25 секунд

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн өөрчлөлт болон хүний эрхийн сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор "NoDoubleStandard" хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Таны хувьд жагсаал цуглаан, цагдаа шүүхийн асуудлаар дүүрэн жил болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийг товч дүгнэвэл?

-Шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст яалт ч үгүй жагсаал, цуглааны асуудлуудад татагдаж орсон. Надад тулгараад байгаа асуудлууд Монголын бүх хүмүүст тохиолдож, хувийн амьдралд нь мэдрэгдэж байсан гэж би бодож байгаа. Иргэдийн амьдралын норматив хэм хэмжээ алдагдаж бүгд ажил орлогогүйгээр хоёр жилийг үдлээ. Тиймээс сүүлдээ тэсэхээ байж, гарч дуу хоолойгоо илэрхийлсэн минь тэр.

-Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж буй. Таны зүгээс хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэргүй. Тэр хуулийг бүхэлд нь устгаж байгаад шинэ хууль батлах шаардлагатай.

-Энэ хууль бүхэлдээ өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна уу?

-Жагсаал цуглааны журмын тухай хууль нь өөрөө процессын маш олон зохицуулалт байхгүйн улмаас аливаа харилцааны асуудал үүсэхэд хууль нь зохицуулж чадахгүй байгаа юм. Жишээ нь, жагсаж байгаа иргэд нэг албан тушаалтанд шаардлага өгч байгаа. Шаардлагыг хүлээж авсан хүн эргээд хариу өгөхгүй бол ямар хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байдаггүй. Мөн жагсагч нарын эрхийг хамгаалсан хуулийн заалт байхгүй.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрүүд ямар ч байж болно. Медиа чиглэлээр эсвэл самбар бариад зэрэг аль ч хэлбэрээр илэрхийлж болно. Энэ хэлбэрүүдийг нь цагдаа нар хориод байна. Хар ууттай макет талбай руу оруулахгүй хураагаад л, хүүхдийн гутал оруулахгүй байх зэргээр зөрчил үүссэн. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрүүдийг баталгаажуулж, хамгаалсан хуулийн зохицуулалт байхгүйг илтгэнэ. Энэ мэтчилэн хуульд маш олон асуудал байгаа. Тиймээс тэрхүү бичиг өгдгийг болиулах заалтыг хасаад нэмэргүй.

-Асуудал хуульдаа байна уу, цагдаагийн алба хаагч нарын эрх зүйн мэдлэгт байна уу?

-Аль аль талдаа асуудал байна. Хуульдаа ч, цагдаа нарын мэдлэг боловсролд ч байна. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлахад, цагдаа даргын өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт хуульд байдаг. Цагдаа нар үүнийгээ хэрэглэхээс айдаг. Даргынхаа үгнээс гарвал ажилгүй болно гэдгээс айдаг. Цагдаа нар хуульд заасан үүргээ хамгаалж чадахгүй байхад биднийг хамгаална гэдэг юу л бол. Хууль хэрэгжүүлэгч субъект хуулиар өөрийгөө хамгаалж чадахгүй байж юун иргэнийг хамгаалах тухай ярих билээ дээ. Тиймээс "NoDoubleStandard" хөдөлгөөний зүгээс энэ жил YesPoliceReform уриатайгаар цагдаагийн салбарт шинэчлэлт хийх хэрэгтэй талаар акц хийхээр явж байгаа.

-Шинэ хууль шаардлагатай гэж та хэллээ. Тэр хуулийн үндсэн зарчим, зорилго нь ямар байх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, нэрнээсээ эхлэх хэрэгтэй. Соц үеийн журам гэдэг нэршлээсээ салах хэрэгтэй. Бид хүний эрхэнд суурилсан Үндсэн хуультай улс. Жагсаал цуглааны журмын тухай хуулийг байхгүй болгоод Иргэний эрх чөлөөний тухай эсвэл Иргэний үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт нэртэй жагсагчдыг хамгаалах зарчимтай хууль л хэрэгтэй. Жагсаал цуглааны журмын тухай хуулиар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаагаад байна. Хааж боосон бус, иргэн үзэл бодлоо илэрхийлэхэд нь аль болох дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг, боломжоор нь хангаж өгдөг хууль байх хэрэгтэй.

-Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн талаар болон Хүний эрхийн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Энэхүү сонсголд жагсагчдын төлөөлөл оролцоогүй талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн. Яагаад оролцсонгүй вэ?

-Сонсголтой холбоотой үндсэн гурван асуудал байгаа юм.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд нийцээгүй сонсгол явуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах тухай концепцыг хангаж чадаагүй. Нээлттэй сонсгол хийх хуулийн хэд хэдэн заалтыг хангаагүй. Журмаа ч зөрчсөн.

Хоёрдугаарт, Жил бүр олны анхаарал өөр тийшээ чиглэсэн баяр ёслолын үеэр хор найруулж хууль баталдаг. Яг тэр технологийг сая ашигласан. Хүн бүр шинэ жилдээ анхаарал хандуулсан үеэр нээлттэй сонсгол зохион байгуулсан. Нөгөө талаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгол хийх ёстой. УИХ-ын 19 гишүүн гарын үсгээ зурсан л бол сонсголыг чуулганы хуралдаанаар хийх ёстой. Байнгын хорооны хуралдаанаар хийж байгаа нь ач холбогдлыг нь унагаж байгаа юм.

Гуравдугаарт, иргэдэд ердөө 10 хүний квот өгч байгаа юм. Тэдгээрийн тав нь ажиглагчийн үүргээр оролцох. 10 иргэний тав нь л хуралд юм ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 10 иргэн оруулсан болгоод иргэдийг тайз болгож ашиглах гэж байсан. Арванхоёрдугаар сарын 30-нд болсон сонсголоор өөрсдийгөө магтсан, өмөөрсөн зүйл л ярьсан.

-Та бүхний зүгээс сонсголыг нэгдүгээр сард хийх санал гаргаж байгаагаа арванхоёрдугаар сарын 30-наас өмнө аман байдлаар илэрхийлсэн. Гэтэл албан бичгээр нэг ч санал хүргэгдээгүй гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хуралдааны үеэр хэлсэн. Ямар ч албан бичиг хүргүүлээгүй гэж үү?

-Тэд ийм л худалч. Н.Учрал гишүүнийг яг тэгж хэлсний дараа Д.Ганбат гишүүн "УИХ-ын гишүүн Н.Учрал чамд болон УИХ-ын дарга Г.Занданшатарт, УИХ-ын Тамгын газарт хаяглаад та бүхэнд хүргүүлсэн" гэж хэлэхэд нь микрофонийг нь тасласан. Ингэж л биднийг гөрдөж байна. Бид тэдний тавьж байгаа жүжгийн туслах дүр баймааргүй байна. Бид хамтарч ажиллаад, хуулийн төсөл дундаасаа гаргаж авмаар байна. Иргэд, хууль хүчнийхэн, иргэний нийгмийн байгууллагууд, хууль боловсруулагчид бүгд нийлж ярилцаад хүний эрхийн час хийсэн хуультай л болоод авмаар байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.