Заавал унших ном гэж байдаггүй. Зөнгөөрөө уншигддаг ном л гэж байгаа. 2021 он цар тахалтай хүндхэн жил болж өнгөрөв. Гэхдээ уншигчдын оюуны цангааг тайлах мэдлэг, мэдээлэл олгох номуудаар тасарсангүй. Ингээд улиран одож буй 2021 онд хэвлэлтээс гарч уншигчдад хүрсэн ОНЦЛОХ номуудыг Ubn.mn танилцуулж байна.
Ташрамд дурьдахад, зөвхөн нэг сэтгүүлчийн үзэмж, мэдрэмжээр номуудаа сонгохоос зайлсхийж салбар салбарт амжилттай яваа эрхмүүдээр номын сонголтыг хийлгэв.
-П.Баятхуяг "Сэтгэл зүйн тууриуд"
-Г.Мөнх-Эрдэнэ "Дэлхийд гарсан Монголын түүхийн судалгаа"
-С.Амартүвшин "Монголын анхны тогтмол хэвлэлийн түүхийн судалгаа"
-Т.Амар-Амгалан "Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх"
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Б.Амирлан
-М.Батбаяр " Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн"
-Жорж Оруэл "1984" орчуулга. Эрхлэн гаргасан "Мон судар" хэвлэлийн газар.
-ОНЫ ОНЦЛОХ УРАН ЗОХИОЛЫН НОМ: Б.БАТХУЯГ "СЭТГЭЛ ЗҮЙН ТУУРИУД"-
1.СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУДЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
/Оны онцлох номын тухай /
Цар тахал хүн төрөлхтөний амь амьдралын төдийгүй оюун санааны том шалгуур болж өнгөрөв. Бид юунд хүрэх, юуг бүтээх, юуны тулд гэсэн олон асуултын өмнө нүүр тулсан билээ. Хариулт нь тийм ч бэлэн /зэлэн/ биш ээдрээтэй асуудлуудын хариултыг олохоор хэмжээний харьцангуй мэргэжлийн гэж хүлээн зөвшөөрөгддөг олон зохиолчийн бүтээл хэвлэгдэн гарсан нь манай үндэстний уран зохиолын хөгжлийн онц сонирхолтой үзэгдэл гэж үзэж болно.
Тэдгээр зохиолчдын бүтээлээс Ц.Буянзаяагийн “ Сэтгэлзүйн тууриуд”/2021/ сэтгэлгээ, туурвилзүйн өвөрмөц шинжээрээ эрхгүй ялгарч байна. Хэдийгээр новелла буюу туурийн зохиол дэлхийн уран зохиолд маш эртний өв уламжлалтай хэдий ч монголын уран зохиолд энэ төрлөөр бичигдсэн бүтээл тийм ч олонгүй. Б.Ренчин, Л.Түдэв, Д.Маам, П. Баярсайхан гээд тун цөөхөн зохиолч туурь/novella/ бичжээ.
Хэдийгээр хүүрнэл зохиолын богино төрөлд багтах ч хүн нийгмийн хамгийн эмзэг хурц “цэгүүдийг” хатгаж байдаг шинжээрээ богино үгүүллэгээс илт ялгардаг. Магадгүй зарим нийтлэг шинжээрээ богино үгүүллэгтэй /short story/ төстэй байж болно. Харин уран сайхны өвөрмөц шийдэл, зохиолын үйлийн хэлхээ давхар шугамаар өрнөх, учир шалтгааны зүй тогтлыг гэнэтийн “эргүүлэг” хийх замаар төгсгөх, хурц зөрчил, уран сайхны дүр, үйл явдлыг чухалчлах бус зохиолчийн үзэл санаа, зохиомжийн бүрдүүлбэр хэсгүүдийн “цөм” болдог өвөрмөц онцлогтой. Энэ л чухал шинжүүдийг хадгалан бичсэн нь зохиолч, яруу найрагч, судлаач Ц.Буянзаяагийн “ Сэтгэлзүйн тууриуд/2021/ түүврийг онцлон үзэхэд хүргэнэ.
Чухамдаа “Шар харганы туурь”,”Эрдэмтний үхлийн туурь”,” Ромео, Жульетта хоёрын туурь” зэрэг нь хүний оршихуй, түүний ээдрээт нөхцөл, эрх чөлөөний бие даасан хүчирхэг байдлыг тунхаглаж, улмаар зурвасхан үйлийн “хэмжээнд” эргэлдэх ч далд агуулгын багтаамж нь асар том ”орон зайг” эрхшээж байна. Сэтгэлгээний чөлөөт тэлэлт, уран сайхны хэлбэршил нь зохиолч Ц.Буянзаяагийн энэхүү туурийн түүвэрт илүү тодорхой илэрнэ. Зохиолч Г.Аюурзаны тодорхойлсноор ” Зохиогч нь “сэтгэлзүйн туурь” хэмээн тодорхойлсон 18 притч-өгүүллэгээс бүрдэх эл түүвэр тун сонирхолтой санагдлаа. Ялангуяа “Аалзны торон дахь хааны туурь”, “Үүдэл эцгийн туурь”, “Хоёр нохойны зургийн туурь”, “Булингарт голын туурь”, “Мөнгөн торхны туурь”, “Бүлэг иргэний туурь”-д дүрслэгдсэн далд бэлгэдлүүд, дүр бүрт нь тохиож буй хувь заяаны егөө их таалагдав” гэсэнтэй бүрэн санал нийлэх үндэстэй.
Илэрхий агуулгын хавтгай дээр тоочин бичсэн энгийн өгүүлэмжтэй зохиолуудаас ялгарах шинж ньЦ.Буянзаяагийн ” Сэтгэлзүйн тууриуд/2021/-ийн гүн сэтгэлгээ, дахин давтан бодоход хүргэх “оршихуйн” томьёололууд, юунд хүрэх, юуг бүтээх тухай бодлогшролын үүдэл болно. “Сэтгэлзүйн тууриуд/2021/-ийн доторх новеллиуд бие биентэйгээ нөхцөлдсөн” хажлагат “ туурийн бүтэцгүй ч энэ ном бүхэлдээ өнөөгийн бидний хуурмаг байдлыг илчилсэн нэгдмэл үзэл санааны цогц юм.
-Г.МӨНХ-ЭРДЭНЭ: ДЭЛХИЙД ГАРСАН МОНГОЛЫН ТҮҮХИЙН СУДАЛГАА-
2. МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнийн онцолж буй ном бол "Дэлхийд гарсан Монголын түүхийн судалгаа"
Батмөнх Даян Хаан Монголыг нэгтгэсэн бус харин ч улам бутаргасан... Лигдэн Хутагт Хаан Манжийн цэргээс зугтаж яваад Шар талд цэцэг өвчнөөр нас бараагүй... Лигдэн хааны дараа Ордосын Эринчэн жонон Чакраварти цолтой Их хааны сууринд 1649 он хүртэл суусан... гэх мэт мэдээ танд ямар уншигдаж байна.
Сүүлийн арваад жил монголын судлаачид Барууны нэр хүнд бүхий хэвлэлийн газраар нэгэн сэдэвт бүтээл буюу номоо хэвлүүлж чадахгүй байсан "хар цуврал" ард хоцорч, антропологич Л.Мөнх-Эрдэнэ өөрийн номоо дэлхийд алдартай Brill хэвлэлийн газраар хэвлүүллээ. Энэ нь зөвхөн хувь судлаач Л.Мөнх-Эрдэнийн гэхээсээ илүү нийт монголын нийгэм-хүмүүнлэгийн ухаанд том амжилт болсон үйл явдал юм. Учир нь Барууны чансаа өндөр хэвлэлийн газраар номоо хэвлүүлсэн судлаач гарын арван хуруунд багтахаар цөөн юм. Энэ хэрээр ч манай улсын судалгааны чанар, цар хүрээгээ ямархан зэрэгт явааг харж, дүгнэж болмоор.
"Тайжийн Төр хийгээд Дайчин Улсын Мандалт: Чингийн гүрний тогтолцооны бүрдэл" нэртэй тус бүтээлээс та Дайчин улс гэдэг нэр нь монгол хэлний дайчин гэсэн үг болохоос хятадын Дай Чин (Их Чин улс) гэсэн үг биш. Даян хааны удмынхан Лигдэн хутагт хаантай бус Манжийн Нурхач, Хунтайж нартай гэрээ байгуулдаг нь өөрсдийн "тайжийн засгийг" хамгаалах гэсэн оролдлого байсан.
Манжийн Хунтайж болоод монгол ноёдын холбоо анхны дайралтаараа Лигдэн Хутагт хааныг дийлээгүй тул дахин цэрэглэсэн. Батмөнх Даян хаан улсаа үр удамдаа хуваан өгсөн нь Тайшийн төрийг Тайжийн төрөөр сольсон хэрэг байв. Энэ нь яваандаа монголыг бүр ч олон хэсэг болон хуваагдаж, дов довоо шарлуулсан, бие даасан олон тооны, Даян хааны удмынхны эзэмшил болгосон.
Харин Лигдэн Хутагт хаан энэ мэт толгой даасан өөрийн удмынхныг хүчээр захирах гэж хэд хэдэн амжилттай дайн хийж, олон тайжийг шахамдуулсан тухай.
Зарим ялагдагч тайж Манжийн төрийг түших болсон учир. Лигдэн Хутагт хаан Манж-монголын цэрэгт ялагдаж байсангүй. Мөн тэднээс дутааж яваад Шар талд цэцэг өвчнөөр ч тэнгэрт хальсангүй. Харин Ордосын Эринчэн жонон, Саган сэцэн нарын зэрэг ноёд урвалга гаргаж түүнийг хороон, Эринчэн жонон Чакраварти цолтой (Хубилай хаан, Түмэдийн Алтан хан нар шиг) Их хаан болж, 1649 он хүртэл бие даан оршиж байв.
Гэвч тэрээр Хутагт хааны их хатан, хүү Эрх Хонгорын хамт өөрийн ойрын хамаатан Манжийн хаан Хунтайжид очин хоргодож, эвдэршгүй төрийн хасбуу тамгыг тэнд тушаахаас сэргийлж чадаагүйгээс Их хаан гэж бусдаараа хүндлүүлэх боломжгүй болов. Урвалга гаргасан тэрээр бусад тайжаасаа дэмжлэг авч чадсангүй гэх мэтийг мэдэх болно.
Мөн Хунтайжийг Манж-монголын хамтарсан Дайчин улсын хаанд өргөмжлөх ёслолд Даян хааны удмынхан гэхээсээ илүү Хорчин, Харчины буюу Хасар, Зэлмийн удмын ихдээ 27 ноён оролцсон. Мөн Өмнөд монголын голлох 49 ноён оролцсон гэдэг нь хожмын засварласан мэдээ болох тухай. Манжийн их цэрэг Тэнгис вангийн араас явж, Халхтай тулсан ч ялсан удаагүй, ухарч байжээ гэх мэт урьд өмнө монголын түүхийн судалгаанд гарч байгаагүй цоо шинэ дүгнэлт саналыг уншиж болно.
Тус бүтээл нь Манжийн захиргаанаас өмнөх монгол нутгийн төр захиргаа, соёл заншил, дэг ёс ямар янзтай байсныг бусад судлаачдаас илүү дэлгэрэнгүй, шинээр тайлбарласан давуу талтай бүтээл болжээ.
-ОНЫ ОНЦЛОХ СЭТГҮҮЛ ЗҮЙН НОМ: С.АМАРТҮВШИН "Монголын анхны тогтмол хэвлэлийн түүхийн судалгаа"-
Сэтгүүлч хүн уншихгүй бол хөгжихгүй. Тэгвэл энэ онд гарсан сэтгүүл зүйн онцлох номыг МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшин онцоллоо.
"СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮССЭН ӨДРИЙГ ҮНЭНЭЭР ТОГТООСОН БҮТЭЭЛ"
Сэтгүүл зүйн түүхийн нэгэн чухал асуудлыг хөндсөн шинэ бүтээлийг онцлох нь чухал. Учир нь Монголын сэтгүүл зүйн хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болох сэтгүүл зүй үүссэн өдрийн талаарх цаг тооллын зөрүү эндүүрэл хийгээд анхны гэгддэг “Шинэ толь хэмээх бичиг” сонины агуулгыг уйгаржин монгол бичгээс хөрвүүлэн буулгахад гарсан зарим алдаа мадаг зэргийг илрүүлэн судалгаа шинжилгээний үндэслэлтэй няцаан залруулсан бүтээл юм.
Номын нэр "Монголын анхны тогтмол хэвлэлийн түүхийн судалгаа", зохиогч нь МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Одмандах, редактор нь СГЗ, сэтгүүлч Б.Галаарид.
“Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа” хэмээн ёгтлон хэлдэг дээ. Тэгвэл баримтыг түшиж, үнэнийг шүтэж явах сэтгүүлчид бид өөрийн салбарын түүхийг үнэн зөвөөр танин мэдэх, бахдан тэмдэглэх учиртай. Үүнийг тайлсан бүтээл бол тус ном мөн.
Сэтгүүлч та эл номыг нэг удаа сөхөөд өнгөрөх бус ширээндээ тавиад учрыг тунгаан уншиж байх аваас жил бүр бахархан тэмдэглэдэг өдрийнхөө талаар бодит ойлголтыг авч, зуун дамнан төөрөлдсөн алдаа, эндүүрлийг залруулах итгэл үнэмшилтэй болох буй за. Мөн анхны сониныхоо агуулгыг зөвөөр тайлж унших нь сонирхолтой болоод мэдлэгт нэмэртэй билээ.
Товчхондоо монголд сэтгүүл зүй үүссэн түүхэн өдөр яг хэзээ вэ? “Шинэ толь хэмээх бичиг” сонины агуулгыг бичвэр судлалаар хэрхэн тайлан уншиж, танин мэдэх вэ? Үүнд эл ном хариулт өгнө.
“Гэтэл цагийн эрхээр түүхэн баримт, шинэ шинэ нотолгоонууд гарч ирснээр энэхүү тогтсон үзэл хандлагад засвар орох хэрэгцээ гарлаа. Ялангуяа хаант Оросын төрийн нууц зөвлөх, дипломатч, Богд хаант Монгол улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулах Оросын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэл хэвлэгдсэнээр “Шинэ толь хэмээх бичиг” сонины түүхэнд холбогдох хэд хэдэн асуудлын учиг тайлагдах нөхцөл бүрдэв. ... Доктор М.Одмандахын ““Шинэ толь хэмээх бичиг” сонины судалгааны зарим асуудал” нэг сэдэвт бүтээл нь Нийслэл хүрээнээ хэвлэгдсэн анхны монгол сонины бодит түүхийг тодлоход үнэтэй хувь нэмэр оруулсан, манай судлаачдын өмнө гаргасан эндүүрэл алдааг шүүн нягталсан, тодорхой хүмүүсийн үүрэг оролцоог нарийвчлан үнэн зөвөөр тогтоосон шинэлэг бүтээл болсон гэж дүгнэж байна” гэсэн редакторын өмнөх үгийг эшлэхэд л үүнээс өөр илүүц тайлбар шаардлагагүй биз ээ.
Жил бүр тэмдэглэдэг Монголд сэтгүүл зүй үүссэн тэмдэглэлт өдрөө эргэн нягталж, хэлэлцэн залруулах талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, бусад эвсэл холбоод, хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд, сэтгүүлчид бид анхаарах шаардлагатай болж байна.
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшин
-ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДИЙН НОМ: Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх-
Манай улсад хүүхдэд зориулсан ном, уран бүтээл гэдэг улам л ховордож байна. Гэхдээ сүүлийн үед энэ сул байсан орон зай шинэ салхи салхилж эхэлж буй гэж хэлж болно. Энэ оны онцлох хүүхдийн номыг 2020 оны Цагаан Уул хайрын шүлгийн тэргүүн байрын шагналт шүлэгч Т.Амар-Амгалан онцоллоо.
"Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх"
***
Арваад гишгүүр бүхий өндөр довжоотой, ногоон дээвэртэй, ихэр юм шиг хөөрхөн байшингуудын нэгэнд өвөө, эмээ хоёр нь амьдардаг. Үлгэрийн юм шиг энэ байшинд зочилно гэдэг Бархасын хувьд жилийн хамгийн баярт үйл явдлуудын нэг ээ...
"Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх" номын эхлэл хэсгээс...
*
Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн хүүхдэд зориулсан бүтээлийг шимтэн санаа алдаж, догдлон дотуур нээрэн л хөдөө буйд дахь орон суурин, хүүхэд насандаа очоод ирэх шиг болж, тэгснээ ухааруулан ойлгуулах, хайрлан энэрэх танин мэдэхүйг хүүхэд багачуудад хэрхэн зөв үлгэрлэн хүргэх тухай ч сайхан бичсэн байна шүү хэмээн өөртэйгөө нэг, охинтойгоо нэг ярилцаад авлаа.
-Б.АМИРЛАН: "А-Я ХҮРТЭЛХ АЯЛАЛ"-
Харин манай сайтын хамгийн бяцхан уншигч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "ТИТЭМ" сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Б.Амирлан оны онцлох номоо гараараа бичиж бидэнд илгээжээ. Түүний хувьд оны онцлох номоор "А-Я хүртэлх аялал" номыг онцолсон юм. Хичээнгүйлэн бичсэн бичвэрийг хүлээн авч уншина уу.
-ОНЫ ОНЦЛОХ УЛС ТӨРИЙН НОМ: ЖОРЖ ОРУЭЛ "1984"-
Олон хүмүүс Жорж Оруэллийн "1984" романыг уншсаны дараа чичрэх мэдрэмж төрдөг. Энэхүү роман нь Дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дуусч, Сталины агуу их цэвэрлэгээ дуусч, Хятадад үзэл суртлын шинэчлэлийн хөдөлгөөн дөнгөж эхэлж байхад бичигдсэн юм. Гэсэн хэдий ч уг зохиолд үзүүлсэн үзэгдэл, таамаглал нь олон уншигчдыг, ялангуяа өнөө үед тоталитар улс орнуудад амьдарч байгаа хүмүүсийг гайхшруулсаар байна. Магадгүй Жорж Оруэллийн "1984" "Амьтны ферм" хоёр номыг уншчихвал одоогийн нийгэм, улс төрийг ойлгоход илүү дөхөм болж магадгүй учраас онцоллоо.
-МИНИЙ ОНЦЛОХ НОМ: ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН-
Орчуулагч Ж.Нэргүй: Баян тансаг Монгол хэл, найруулга мартагдахад хүрч байгаа ширүүн, хуурай мэт санагдах энэ цаг үед утга агуулга нь гэхээсээ илүү уран үгтэй зохиол их хэрэгтэй байгаа юм. Монголчууд уран тансаг хэлээ мартаж байна.
...хэдхээн жинхэнэ сайн зохиолч байвал болно гэж бодох боллоо. Бүр атаархаж үхтэл нь бичдэг тийм зохиолч ядаж ганц, хоёр байг судлаачид нь тэднийгээ олж хараг. Тэр хүмүүсээ тэгээд сайн дуурайг л дээ.
Би ямар ч том хүн байсан санал нэгдээд байдаггүй юм л даа. Өөрийнхөөрөө үнэлж дүгнээд бодчихдог юм. Гэхдээ энэ дээр Ж.Нэргүй гуайтай санал яг тав нийлэв.
Монгол зохиолчдын асар хоосорч, орчуулгын номыг их багагүй уншдаг болсон өнөө цагт Монгол хэл найруулгын хувьд хамгийн "Жика" байж чадсан ном бол "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" ном билээ.
Үргэлж ийм хэл найруулга сайтай ном гаргаад байвал бусад нь атаархаж даган дуурайх хэрэгтэй. Хүний уран бүтээлийг дүгнээд "цүл пал "хийтэл биччихнэ гэж юу байх вэ. Гэхдээ дүр дүрслэл, хэл найруулга, ахуйлаг чанар гэх мэт зүйлсийг ярихаас ч өөр аргагүй ном юм билээ.
Орох цас орчлонгийн налуу руу шуурна, Намрын гань, Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн, Зүгээр л даарах гэж би тийшээ... гэх мэт зөвхөн нэрийг нь уншихад л ямар нэгэн зүйл мэдрэгдээд байгаа биз.
Мөн түүнчлэн уг номд сэтгүүл зүйн сэдэв болгохуйц санаанууд тун ч олон бий...