1970-аад онд болсон явдал гэдэг. Дархан цаазтай газрын янгирын сүргүүд төл цөөтэй, өсөлт муутай болчихож. Эрдэмтэд учрыг нь олдоггүй гэнэ. Гэтэл нэгэн анчин хөгшин хамгийн данагар, хамгийн том тэхнүүдийг нь агнаж, бөөн дуулиан тарьж. Хулгайн ан хийлээ гээд хашир анчинд ял өгч, шоронд хорьж гэнэ.
Гэтэл дараа жил нь янгирын сүрэг маш олон төлтэй болчихсон гэдэг. Учир юу гэвээс хэдэн хөгшин тэх өөрсдөө чадахгүй ч, залуу тэхнүүдээ айлгаж хөөчихөөд сүргээ хураагаад байж. Хээлтэх чадваргүй хөгшин тэхэнд хураагдсан сүрэг төлгүй, өсөлтгүй байсныг хашир анчин ажаад тэсгэлгүй хэдэн хөгшин данагарыг нь түүж агнасан хэрэг байв.
Энэ түүхийг бичсэн учир гэвэл манай “Болор цом” хэмээх яруу найргийн наадамд яг л ийм үйл явц болоод байна.
Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байгаа аж.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө энэ сарын 24-нд өрсөлдөх юм байна. Шалгарсан 25 яруу найрагчийн нэрс ч тодров. Гэтэл шалгаруулалт “маапаантай” болсон хэмээн уран зохиолын хүрээнийхэн маргаан дэгдээгээд амжив. Арга ч үгүй биз. Шүүж, шалгаруулах ёстой эрх бүхий хүнийх нь шүлэг шилдэг 25-д цохиж яваа юм чинь.
Уг нь наадамд ирсэн шүлгүүдийг Монголын зохиолчдын хорооны шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, Яруу найргийн үндэсний төв болон Шүүмж судлалын үндэсний төвөөс томилогдсон уран бүтээлчид шалгаруулдаг аж.
"Болор цом" яруу найргийн наадам дээхэн үедээ залуу шүлэгчдийн дунд гал авалцсан ширүүхэн тулаан өрнүүлдэг байв. Залуучууд нэгнээ хурцалж ёстой л нөгөө онгод хийморь нь хөглөгддөг байсан биз. Гэтэл сүүлийн жилүүдэд шүүлт, шалгаруулалт нь архины ширээний ард тохироо маягаар шийдэгдчихдэг ч гэж амьтан хүн хэлэлцэх нь бий. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй гялайж гялтаганах цөөхөн хэдхэн залуус л шилдэг 25-д байв.
МЗЭ-ийн УЗ-ийн дарга Б.Ичинхорлоо өчигдөр хэвлэлийн хурлын үеэр "Туурвил зүйд тасралтгүй бичдэг яруу найрагчид цөөрсөөр байна" хэмээн ярьсан. Гэтэл яг үнэндээ тасралтгүй бичдэг, хэл найруулга, мэдрэмж, мэдлэгтэй олон залуу шүлэгч, уран бүтээлчид бий л дээ. Жишээ нь Мө.Батбаяр, Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрмаа гээд олон залуус бий. Харин энэ залуус соц үеийн сэтгэлгээнээсээ салаагүй, реалист, хоцрогдсон наадамд шүлгээ явуулахгүй байхаар "мань даргад" цөөрөөд байгаа юм шиг санагдах нь зөв.
Уул нь үзэгч олон цугладаг ийм наадамд Монгол хэл сайтай шүлэгч, уран бүтээлчдийн шүлэг уншигдвал хаа, хаанаа л хэрэгтэй.
Нэг жишээ дурдъя л даа. Энэ жилийн "Болор цом"-д өмнө нь тэргүүн байр эзэлж байсан зургаан шүлэгч байгаа гэж Ичинхорлоо хэлсэн. Шүлгээ явуулах явуулахгүй нь хувь хүний эрхийн асуудал л даа. Гэхдээ шүлэг уншдаг өөр олон яруу найргийн уншлагууд болдог шүү дээ. Заавал дахин, дахин залуусаа хааж, шүүлтэд "маапаан" оруулж жил болгон хэдэн усан шүлэг өгч уншихаасаа ичих хэрэгтэй. Цаашдаа "Болор цом" гэх наадам шударга явагдаг, шинэчлэл хийгдэхгүй бол зохиогдоод ч хэрэг алга гэдгийг олон хүн хэлж байна.
Шинэ залуу уран бүтээлчдээ таниулж, мэдүүлээгүйн балгаар номын баяраар л гэхэд Монгол зохиолчдын асар "хувхай" хоосон, орчуулгын уран зохиолын асрууд "пэг" дүүрэн байдаг гэдгийг олон нийт ч хүнээр хэлүүлэлтгүй мэднэ биз. Харин дүгнэлтийг уншигч та бүхэнд үлдээе.
Ташрамд дурдахад шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд нь Н.Минжинсайхан, М.Саруулдалай, О.Цэнд-Аюуш, Н.Батжаргал, Б.Энхтөр, Г.Ишхүү, Н.Гантулга, н.Наранбаатар нар байдаг юм байна.
Энэ жилийн "Болор цом" наадамд шалгарсан 25 яруу найрагч
С.Сувдансондор