УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ковидын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн болохоо мэдээлсэн. Энэ хуулийн дагуу төрөөс явуулж буй худалдан авах ажлууд болон төрийн байгууллагуудын томилгоог шууд хийж байсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэмэлт мэдээлэл өгч, хуульд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэв.
Тэрбээр "Өнгөрсөн зургаадугаар сард тус хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр төсөв мөнгийг Засгийн газар дураараа зарцуулах эрхгүй болсон. Ковид дуусаагүй учраас энэ хуулийг сунгахаас өөр аргагүй.
Томилгоотой холбоотой асуудал бий. Үүнийг хуульд нийцүүлэх чиглэл өгч байгаа. Бидний хийсэн судалгаагаар Засгийн газрын түвшинд ГУРВАН яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн түр томилгоотой байсан. Үүнийг төрийн албаны хуульд нийцүүлж шийдвэрлэх чиглэл өгч байгаа" гэв.