Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халаадаг тамхин бүтээгдэхүүн нь утаат тамхинаас гарах дөт зам мөн

Ангилал
Бусад
Огноо
Унших
22 минут 1 секунд

Тамхины хяналтын суурь конвенцийн “ТХСК” оролцогч талуудын есдүгээр бага хурал энэ оны арваннэгдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Никотины талаарх шинжлэх ухааны судлаачид, бодлого боловсруулагч болон практик ажилтнуудаас бүрдсэн нэг зуун мэргэжилтнүүд тус бага хуралд ил захидал ирүүлжээ.

Утаат тамхинаас үүдэлтэй нас барах явдлыг нэн даруй багасгах шаардлагын тухай:

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс “ДЭМБ” тамхины талаарх бодлогыг шинэчлэн өөрчлөхийн тулд тамхи болон никотины талаарх эрдэм шинжилгээний болон бодлогын ажилд оролцдог хөндлөнгийн мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү захидлыг бичиж байна.

ТХСК-ийн оролцогч талуудад хандаж тус конвенцийн хүрээнд тамхины хор хөнөөлийг багасгах асуудалд ДЭМБ-ын дэмжлэгийг авах, туслалцаа хүсэх зорилгоор үүнийг бичив.

Сүүлийн 10 жилийн дотор тамхи болон никотиныг хэрэглэх зах зээлийн хүрээнд шинэ бүтээгдэхүүн, шинэ санаачилгууд нилээн гарч улмаар тамхины ургамлын навчийг шатааж, утааг нь уушиглан хэрэглэх явдлыг бүрэн солиод байна. Вэпинг, никотин бүхий хүлхдэг бүтээгдэхүүн, халаадаг тамхин бүтээгдэхүүн болон утаагүй нитросамин багатай бүтээгдэхүүнүүд сүүлийн үед зах зээл дээр нэвтрэв. Дэлхий даяар тамхинаас үүсэлтэй нас баралтын ихэнхи нь янжуур болон бусад утаат тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаатай холбоотой. Утаат тамхинаас үүдэлтэй хор уршгийг багасгах ирээдүйтэй арга зам бол утаагүй, никотин бүхий бүтээгдэхүүнийг санал болгох явдал болж байна. Сүүлийн үед гарч буй судалгаанаас харахад утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь янжуур болон бусад утаат тамхитай харьцуулахад хор хөнөөл нь маш бага, тамхи хэрэглэгчдийг тамхинаас гаргахад үр дүнтэй хэрэгсэл болох нь нотлогдож байна.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал нь урт хугацаандаа ямар сөрөг болон эерэг үр нөлөөтэй болохыг бид тодорхой судалж амжаагүй байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой тодорхой эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байгаа бөгөөд үүнд болгоомжтой хандах ёстой. Гэвч өнөөгийн нөхцөлд цуглараад байгаа нотлох баримт дээр үндэслэн цаашид тамхин бүтээгдэхүүн хэрэглэгчдийг эрсдэл багатай бүтээгдэхүүнд шилжих боломж байхад үхлийн аюултай утаат тамхин бүтээгдэхүүнтэй адилтган хэт сэрэмжилж, хязгаарлах нь сөрөг үр дагавартай гэдгийг бид бодолцох ёстой.

Харамсалтай нь ДЭМБ өндөр эрсдэлтэй тамхин бүтээгдэхүүний зах зээлийг бага эрсдэлтэй түвшинд бууруулах боломж байхад үгүйсгэн, үл тоомсорлож байна. Олон зуун сая хүн тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс нас барах явдлыг урьдчилан сэргийлэх ач холбогдолтой олон нийтийн эрүүл мэндийн стратегиас ДЭМБ татгалзаж байна. Бид дараах долоон зүйлд та бүхний анхаарлыг хандуулж, улмаар зургаан зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Тамхины хор хөнөөлийг багасгах нь олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад үлэмж ач холбогдолтой боломж буй болгож байна.

Энэхүү салбар дах томоохон судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллага болох Никотин болон тамхины судалгааны нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан 15 хүн нийлээд эрсдэл багатай бүтээгдэхүүнийг ашиглаж, тус салбарт тэнцвэртэй байдал буй болгох талаар шинжлэх ухааны нийтлэл бичсэн билээ. Энэхүү нийтлэлийг зохиогчид нь салбартаа хамгийн нэр хүндтэй, мэргэжлийн хүмүүс бөгөөд олон нийтийн эрүүл мэнд, шинээр илэрч буй нөхцөл байдал, залуучууд хамрагдаж буй байдал болон донтолтын тухай буруу зөрүү ойлголт байгааг цохон тэмдэглэсэн билээ. Уг нийтлэлийн эцэст ийнхүү дүгнэжээ: “Вэпинг болон бусад утаагүй тамхи хэрэглэх нь утаат тамхи хэрэглэх явдлыг зогсооход шууд үр нөлөөтэй байна гэдэг нь нотлох баримтаар нотлогдсон. Хэрэв эрүүл мэндийн байгууллагууд тамхичдыг тамхинаас гаргахад шууд нөлөөтэй энэ нөхцөл байдалд анхаарал хандуулсан бол, тамхичид ердийн тамхи болон орлуулах бүтээгдэхүүний хоорондын ялгааны талаар оновчтой мэдээлэл авч байсан бол, тамхичдыг тамхинаас гаргахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлсэн бол үр дүн маш өргөн хүрээтэй байх байлаа. Харамсалтай нь ийм үр дүнд бид хүрч чадсангүй” гэжээ.

ДЭМБ мөн энэ талаар анхаарал хандуулахгүй байна. Үүнийг өөрчлөх ёстой. Хэрэв ДЭМБ өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэх хүсэлгүй эсвэл чадваргүй байгаа бол ТХСК-ийн оролцогчид энэ талаар санаачилгыг гартаа авч тэргүүлэх хэрэгтэй байна.

2. Тамхинаас гарахад электрон тамхин бүтээгдэхүүн нь дөт зам мөн.

ТХСК-ийн оролцогчдын наймдугаар бага хурлаас хойш цугларсан нотлох баримтыг харахад электрон тамхин бүтээгдэхүүн нь утаат тамхи хэрэглэх явдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг баталж байна. 2021 оны 9 дүгээр сард, дэлхий нийтийн хэмжээнд эмнэлгийн байгууллагуудад хийсэн Кокрэйний тойм гэж нэрлэгдсэн судалгаанаас харахад дараах зүйл ажиглагджээ:

“Тамхичид наад зах нь зургаан сар утаат тамхи татахгүй байхад никотин бүхий электрон тамхи хэрэглэсэн нь гол нөлөөтэй байжээ. Никотиныг орлуулах эмчилгээ, никотингүй электрон тамхи зэрэг арга хэмжээний хажууд энэ нь үр дүн илүүтэй байсан байна. Тамхинаас гарахад чиглэсэн сургалт дэмжлэг, сэтгэл зүйн зөвлөгөөтэй харьцуулахад энэхүү электрон тамхи хэрэглэх явдал нь өндөр үр дүнтэй байжээ.”

Энэхүү судалгааны нотлох баримтыг мэргэжлийн хүмүүсийн ажиглалт, хүн амын дотор явуулсан тоон судалгаа, зах зээлийн борлуулалтын мэдээлэл болон хэрэглэгчдийн өөрсдийнх нь өгсөн ярилцлага дээр үндэслэжээ. Ингээд бүхэлд нь авч үзвэл янжуур татахын оронд утаагүй тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь тамхи татах явдлыг шууд халж болох үр нөлөөтэй байна. Никотин болон тамхины судалгааны нийгэмлэгийн хүрээнд ажилладаг Тамхичдын эмчилгээний сүлжээ гэх салбараас дүгнэхдээ:

“Шинээр гарч ирж буй бүтээгдэхүүнийг утаат тамхины оронд хэрэглэх стратеги баримтлах, тамхи хэтрүүлэн хэрэглэх эмгэгийг эмчлэх талаарх зөвлөмж нь эрүүл мэндийн хувьд хор хөнөөлийг багасгах зарчимд үндэслэх ёстой бөгөөд ийм орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал руу шилжих хэрэгтэй байна” гэжээ.

3. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод тамхины хор хөнөөлийг бууруулах явдал тууштай нийцэж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2015 онтой харьцуулахад 2030 он гэхэд халдварт бус дөрвөн өвчнөөс нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах зорилт тавьсан билээ. Дэлхийн олон орон энэхүү зорилтоос хэт хоцорсон хэвээр байна. Наад зах нь тамхинаас үүдэлтэй өвчнийг хязгаарлаж, тамхины хяналтыг үр дүнтэй болгоё гэвэл тамхи татах явдлыг энэ хугацаанд нэн даруй зогсоох хэрэгтэй байна. ДЭМБ-ээс баталсан MPOWER буюу тамхины хяналтын зургаан зарчмын арга хэмжээ болох (хяналт, хамгаалалт, туслалцаа, сэрэмжлүүлэг, хориг болон татвар)-аас гадна утаат тамхинаас утаагүй тамхинд шилжих нь богино хугацаандаа хамгийн үр дүнтэй арга хэмжээ болоод байна. Никотины зуршлын эсрэг тэмцэж үлэмж зардал гаргахын оронд дээрх хандлага нь өвчин эмгэгийг хурдан хугацаанд үр дүнтэйгээр багасгах давуу талтай юм. Тамхитай холбоотой өвчлөлийн цар хүрээ болон үхлийн цар хүрээтэй холбоотой судалгааг харахад утаагүй тамхи хэрэглэх нь олон нийтийн эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой байна.

4. Дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт болон туршлагаас харахад халаадаг тамхин бүтээгдэхүүн чухал үр нөлөөтэй байна.

Вэпинг болон бусад төрлийн утаагүй тамхин бүтээгдэхүүнтэй харьцуулахад халаадаг тамхин бүтээгдэхүүн нь хорт бодис илүү их агуулдаг байж болох ч утаат тамхи хэрэглэгчдийн хувьд маш бага эрсдэлтэй бүтээгдэхүүн болох нь батлагдсан. АНУ-ын Хүнс болон эмийн асуудал хариуцсан захиргаанаас 2 сая гаруй хуудас бүхий нотлох баримтыг судалж дүгнэлт гаргасан. Тус захиргаанаас халаадаг тамхин бүтээгдэхүүнийг “олон нийтийн эрүүл ахуйг хамгаалахад нийлэмжтэй бөгөөд цаашид дэмжвэл зохих” бүтээгдэхүүн гэж дүгнэсэн бөгөөд хордуулагч бодис үлэмж бага байна гэж үзжээ. 2005 оноос 2020 оны хооронд Япон улсад хийсэн зах зээлийн судалгаанаас харахад утаат тамхи буюу янжуур, нарийн ширхэгтэй янжуурын борлуулалт 40 хувиар буурчээ.

Гэтэл ТХСК-ын есдүгээр бага хуралд зориулсан ДЭМБ-ын илтгэлд иймэрхүү чухал баримт мэдээллийг орхигдуулсан байна. Тэр ч байтугай олон нийтийн эрүүл мэндэд ач холбогдолтой байдлыг үл харгалзан ДЭМБ дараах дүгнэлт өгжээ. “Тамхины салбарынхан болон тэдгээртэй холбоотой бизнес эрхлэгчдийн тактик болон шинэ бүтээгдэхүүнийнх нь маркетингийн нөлөөнд бодлого боловсруулагчид болон хууль тогтоогчид автагдах ёсгүй юм” гэжээ.

Түүнчлэн ТХСК-ын нарийн бичгийн дарга нарын газраас халаадаг тамхины үр дагавар болох аэрозолийг “тамхины утаа” гэж алдаатайгаар тодорхойлсон бөгөөд үүнийг үргэлжлүүлэн нотолдог байна. Иймэрхүү алдаатай үйл ажиллагаа нь жинхэнэ утаат тамхин бүтээгдэхүүний хор уршгийг үгүйсгэж утаат болон утаагүй тамхин бүтээгдэхүүний хоорондох ялгааг бүрхэгдүүлж байна. Уламжлалт тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд эдгээр шинэ бөгөөд хор нөлөө багатай бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрлэж байгааг ашиглан ТХСК-ын гишүүн орнууд олон нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой талыг нь умартах ёсгүй юм. Угаасаа янжуур тамхи үйлдвэрлэгчтэй өрсөлдөхийн тулд хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ойлгомжтой юм. Төрийн зохицуулагчдын хувьд хүн ам болон олон нийтийн эрүүл мэндэд аль болох эрсдэл багатай, хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилгыг дэмжих нь чухал байна.

5. Хориглож хязгаарлах бодлого нь төлөвлөөгүй үр дүнд хүргэдэг.

Утаат тамхийг орлох, эрсдэл багатай бүтээгдэхүүнийг хорих бодлогыг ДЭМБ баримталж, ийм бодлого хэрэгжүүлсэн улс орныг дэмжиж байна. Жишээлбэл, ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шагналыг Энэтхэг улсын Эрүүл мэнд болон гэр бүлийн сайн сайхан асуудал эрхэлсэн сайд Доктор Харш Вардханд олгохдоо дараах зүйлийг дурджээ:
“2019 онд Энэтхэг улсын Засгийн газрын зүгээс электрон тамхи болон халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хориглон халах талаар гаргахад тэргүүлсэн хүчин зүтгэлийг нь үнэлэн доктор Харш Вардханд энэхүү шагналыг олгож байна” гэжээ.

Иймэрхүү байдлаар хориг хязгаар тавихын бодит үр дагаврыг бодлого боловсруулагчид бодолцох ёстой. Энэтхэг улсын 100 сая тамхи хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн хэрэглэх боломж байсныг хязгаарласны үр дүн нь юу байх вэ? Залуучууд хор хөнөөл багатай, электрон тамхийг хэрэглэхийн оронд утаат тамхи хэрэглэхээс өөр арга замгүй болвол яах вэ? Хууль бус наймаа буй болвол яах вэ? Энэтхэг улсын төрийн өмчийн мэдэлд байдаг тамхины компанийн эрх ашгийг хамгаалсан хэрэг үү?

Лондонд байршилтай Хатан хааны эмч нарын коллеж хэмээх байгууллагаас 2016 онд дараах дүгнэлтийг хийсэн байдаг: “Хэрэв электрон тамхийг хориглож, худалдаж авах боломжгүй болгож, хүмүүст сөрөг ойлголт төрүүлж, өртөг зардлыг нь нэмэгдүүлж, эрүүл мэндийн хувьд хортой гэж ойлгуулж, энэ талаарх шинэ бүтээгдэхүүн буй болгох инновацийг хязгаарлаж, чанарыг нь бууруулах юм бол хэрэглэгчдийг буцаад уламжлалт утаат тамхи хэрэглэхэд хүргэснээрээ хор хөнөөлийг нь харин ч үргэлжлүүлэн нэмэгдүүлэх юм. Энд зохих тэнцвэрийг олох нь мэдээж бэрхшээлтэй” гэжээ.

ТХСК-ын оролцогчдын бага хуралд зориулсан илтгэл баримт бичигтээ ДЭМБ утаат янжуур тамхийг орлох утаагүй бүтээгдэхүүнийг хорих, хязгаарлах мөн энэ талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг батлах талаар сурталчилж байна. Гэвч олон нийтийн эрүүл мэндийн өнцгөөс харвал энэ нь сөрөг үр дагавартай бодлого юм. Эцсийн дүнд ийм бодлого нь утаат янжуур тамхины борлуулалтыг дэмжиж, дээр дурдсан Хатан хааны коллежийн дүгнэснээр утаат тамхи татах явдлыг хөхүүлэн дэмжиж байна. Нотлох баримтаас харахад электрон тамхи нь хор хөнөөлтэй тамхи татах явдлыг орлож, харин электрон тамхийг хорих нь хор хөнөөлтэй тамхи татах явдлыг өөгшүүлж байна. Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хэтэрхий их зохицуулах гэж оролдох нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын хувьд шударга бус хандлага болж байна. Бид ийнхүү захидал бичиж байгаагаараа ямар ч зохицуулалтгүй зах зээл буй болгохын төлөө биш харин ч төлөвлөөгүй сөрөг үр дагавар бүхий зохицуулалт буй болох вий гэж болгоомжилж байгаа хэрэг юм.

6. Насанд хүрэгчид электрон тамхи хэрэглэх явдлыг тодорхой хэмжээнд дэмжих нь зүйтэй байна.

Электрон тамхи хэрэглэх явдал насанд хүрээгүйчүүдийн дунд газар авч байгаад бодлого боловсруулагчид санаа зовж байгаа нь зүй ёсны хэрэг юм. АНУ-д электрон тамхи хэрэглэх явдлын талаар судалж дүгнэлт гаргасан байна. Тухайлбал: (1) Насанд хүрээгүйчүүд вэпинг буюу электрон тамхи хэрэглэх явдал нь тогтмол биш, (2) тамхи болон никотинд донтох явдал ховор, (3) урд нь тамхи татаж байсан хүмүүс ихэвчлэн электрон тамхи хэрэглэдэг байна. Насанд хүрээгүйчүүд электрон тамхи татах явдал их байгаа ч никотиноос хамааралтай болох тохиолдол буурсан байна. Вэпинг болон электрон тамхи хэрэглэх болсноос хойш өсвөр насныхан утаат тамхи татах явдал эрс багасжээ. Залуучууд тамхинаас гарахын тулд зориуд электрон тамхи хэрэглэх ч болсон байна. Ер нь эцсийн дүнд залуучууд болоод байнгын тамхи татагчид тамхинаас гарахын тулд электрон тамхи руу шилжээд байна. Насанд хүрээгүйчүүд электрон тамхи хэрэглээд улмаар утаат тамхи руу шилждэг гэсэн нотолгоо алга байна.

7. Тамхины хяналтаар дамжуулан олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үр дагаврыг бууруулах чиглэлээр бүх талын сонирхогчид санал нийлж байна.

Олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой олон чиглэлээр, тухайлбал мансууруулах бодис, бэлгийн эрүүл мэнд, ДОХ зэрэгтэй холбоотой эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах олон арга хэмжээг улс орнууд авч байна. ТХСК-ын "1.д" зүйлд зааснаар эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах нь тамхины хяналтын бас нэг чухал чиглэл билээ. Тамхинаас гарах эсвэл никотиныг цаашид хэрэглэхгүй байх хүсэлтэй олон сая хүмүүсийн хувьд дээр дурдсан шинэлэг бүтээгдэхүүнүүд аюулт өвчнөөс зайлсхийх арга зам билээ. Тамхитай холбоотойгоор дэлхий нийтэд ажиглагдсан нас баралтын 98 хувь нь утаат тамхи татсанаас үүдэлтэй ажээ. Гэтэл өнөөдөр ДЭМБ-ын зүгээс явуулж буй бодлого нь харин ч тамхины хяналт, тамхинаас үүсэх сөрөг үр дагавартай тэмцэх явдалд саад учруулж байна. Эдгээр шинэ бүтээгдэхүүний үр дүнд олон нийтийн эрүүл мэнд сайжирч, тамхины хяналт чангарч улмаар олон зуун сая тамхи хэрэглэгчид эрүүл мэнд, нийгэм болон эдийн засгийн хувьд илүү үр ашигтай хэв заншил руу шилжиж байгааг ДЭМБ-ын бодлого үл хэрэгсэж байна.

ДЭМБ-ын тамхины талаар баримталж буй бодлогыг ТХСК-ын оролцогч талууд эргэн харж дараах арга хэмжээг авахыг бид зөвлөж байна:

• НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогын эрүүл мэндийн чиглэлээрх стратегийг хэрэгжүүлэхийн тулд, тухайлбал халдварт бус өвчнийг бууруулах тухай заасан 3.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэхийн тулд тамхины хор хөнөөлийг бууруулах явдлыг тэргүүн зэрэгт авч үзэх;

• Тамхи хэрэглэгчид болон ирээдүйн хэрэглэгч болох өсвөр насныханд тамхин бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлөх, ялангуяа эрсдэлийн талаар ДЭМБ аль болох ул суурьтай судалгаа хийж байхыг шаардах;

• Аливаа бодлогын санал гаргахдаа, ялангуяа хориг тавих тухай шийдвэр гаргахдаа төлөвлөөгүй эрсдэлийг тооцох, тухайлбал тамхи татах явдлыг нэмэгдүүлэх буюу бусад сөрөг үр дагавар гарч болох эсэхийг судлах;

• ТХСК-ын 5.3 дугаар заалтыг хэрэгжүүлэхдээ буюу тамхины салбарын компаниуд буруу үйл ажиллагаа явуулах асуудлыг хянахдаа олон нийтийн эрүүл мэндэд үр ашигтай бүтээгдэхүүнд саад тотгор тавихгүй байх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тамхи үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн талаарх судалгаа шинжилгээ явуулах асуудлыг хязгаарлахгүй байх;

• Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад, хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хувь хүмүүс, эрдэм шинжилгээний ажилтнууд болон тамхины хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас илүү мэдээлэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг ТХСК-ын хүрээнд явагдаж буй яриа хэлэлцээрт түлхүү оролцуулах;

• НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ДЭМБ болон ТХСК-ын зүгээс явуулж буй тамхины хяналтын бодлогыг хөндлөнгийн байр сууринаас хянаж үзэх. Ийм хяналтын хүрээнд шинжлэх ухааныг хэрхэн ашиглаж байгаа, бодлогын зөвлөгөөний чанар, сонирхогч талуудыг хэрхэн оролцуулж байгаа, хариуцлага тооцох болон зохицуулалт хийх чадвар бололцоо хэр байгааг судлах хэрэгтэй юм. Тухайлбал Ковид 19-ийн цар тахалтай холбоотойгоор, уг өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаар саяхан Цар тахалтай тэмцэж, хариу арга хэмжээ авах асуудлаар томилогдсон бие даасан комиссыг энд жишээ болгон дурдаж болно.

Цаашид тамхины хор хөнөөлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, үүнд тулгуурласан дэлхий нийтийн бодлого боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогын зорилгод хүрэх, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс дэлхий нийтэд учруулж буй ачааллыг бууруулах, эрт нас баралтыг аль болох хурдан бууруулахын тулд эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллага, бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчид хамтран ажиллана гэж бид найдаж байна.

Энэхүү ил захидлыг бид сонирхогч бүх талуудад хандаж илгээж байна.
Энэхүү захидалд гарын үсэг зурагчид нь тамхины салбарын компаниудтай ямарваа нэгэн ашиг сонирхлын холбоогүй бөгөөд ТХСК-ын 5.3 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Б.Төгөлдөр

Контемпорари урлагийн өдөрлөг энэ амралтын өдрүүдэд болно
Контемпорари урлагийн өдөрлөг энэ амралтын өдрүүдэд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.