Олон нийтийн урлагийн өдөрлөгийг энэ сарын 18, 19-нд нээлттэй зохион байгуулахаар болжээ.
Уг өдөрлөгийг “Нүүдлийн улаан булан” төслийн хүрээнд Улиастайн гэр хороололд байрладаг “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн хажууд байгуулсан олон улсын уран бүтээлчдийн гэр резиденс, урлагийн бүтээн байгуулалт хийсэн 400 метр гудамжийг танилцуулах юм.
Өдөрлөгт уран бүтээлч С.Амарсайхан, Ц.Ариунтөгс, Ж.Ариунтуяа, Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ, С.Батсайхан, Б.Дөлгөөн, Г.Мөнхболор, Ж.Мөнхжаргал, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, С.Нарбаяргалан, Б.Номин, Ц.Түвшинжаргал, Л.Хонгорзул, Х.Цэцэн, Р.Чинзориг, Т.Энхболд нар уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн байранд дэлгэнэ. Мөн энэ үеэр гадаа болон дотор орон зайд дуу авиан экспримент, үйл хөдлөлийн болон олон нийтийн урлагийн хөтөлбөрүүд болох юм. Түүнчлэн монголын шилдэг контемпорари уран бүтээлчид бүтээлээ туурвисан Улиастайн эцсээс “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төв хүртэлх 400 метр гудамж үзэгчдэд нээлттэй байх нь.
“Нүүдлийн улаан булан” төслийг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд урлагийг ойртуулах зорилгоор “Art Space 976”-аас санаачилсан бөгөөд 2020 оноос монголын контемпорари уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран гэр хорооллын гудамж талбай, хашааг урлагтай болгох төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амжилттай хэрэгжүүлж ирсэн. 2022 оноос Гэр резиденс хөтөлбөрийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудтай хамтран ажиллаж, Улиастай хавьд урлагийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү төслийг Гёте институт болон ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санаачилсан Олон улсын тусламжийн сан, Монгол Улсын Соёлын яамны Соёл урлагийг дэмжих сангаас ивээн тэтгэж, 976 Арт галерейн хамт олон болон контемпорари уран бүтээлчид, “Ид Шидийн Орон 2” төвтэй хамтран хэрэгжүүлж буй юм.