Түлхүүр мэдээлэл:
- Гэнэт дулаарсан цаг агаар, аваргуудын лигийн хөлбөмбөг, олны хөлийн газрууд зэрэг нь халдварт өвчин Европ даяар хурдацтай тархахад нөлөөлсөн хүчин зүйлс юм. Мөн тэдгээрийг угтан тухайн улсуудын ЗГ-аас эрт арга хэмжээ авч чадаагүй нь шүүмжлэлд өртөөд байна.
- Европын аваргуудын лигид 40,000 орчим Италичууд оролцож, бие биедээ халдвар дамжуулсан байна.
- Испани улсаас уг лигийг үзэхээр 3000 орчим хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Италид очиж, халдвар аван буцжээ.
Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн орнуудын эхний гуравт жагсаж, нас баралтаараа анхны голомт Хятад улсыг даван дэлхийд эндэгдлээрээ тэргүүлж буй улсууд бол Итали, Испани юм. Тэгвэл чухам яагаад тус улсуудад коронавирус ингэж хурдацтай тархаж, мөн хэдэн мянган хүн амиа алдтал ноцтой нөлөөлөв? Үүнд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.
Юун түрүүнд олон хүнийг хамарсан арга хэмжээ, цаг агаарын таатай нөхцөл зэрэг нь олон хүний бөөгнөрөл үүсч, улмаар халдвар тархахад нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр коронавирусний шинж тэмдэг тэр дороо биш, дор хаяж хэдэн өдрийн дараа илэрдэг нь халдвар авсан хүн өөрийгөө тусгаарлах, бусад хүмүүст тараахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах боломж олгоогүй байна. Мөн Засгийн газруудад ч эрт арга хэмжээ авч, хорио цээр тогтоох хугацаа олдоогүй аж. Тэгвэл халдвар тархахад нөлөөлсөн хэд хэдэн томоохон үйл явдал, хүчин зүйлсийг танилцуулъя.
Итали
Хоёрдугаар сарын 19-нд 3000 орчим Валенсиягийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Европын Аваргуудын лигийн тэмцээнд Атланта багийн тоглолтыг үзэхээр Испианаас Италийн Милан хотыг зорьсон байна. Тоглолтод 40,000 орчим Италичууд оролцсон бөгөөд тэдний олонх нь Бергамо болон ойролцоох хотуудаас ирсэн байж. Чухам энэ үйл явдал л өмнөд Европ даяар Италиас Испани хүртэл, цаашлаад Португал хүртэл коронавирусний халдвар хурдацтай тархах эхлэлийг тавьжээ. Энэ талаар Бергамо хотын захирагч Жоржио Гори хэлэхдээ:
“Тэр орой Милан хотод асар их хүний бөөгнөрөл үүсч, дуу чимээ нүргэлж байсан. Зөвхөн цэнгэлдэхэд ирсэн хүмүүс биш бусад хүмүүс ч гэртээ, бар кафед олноороо цугларч хөл бөмбөг үзсэн. Чухам тэр орой л халдвар эрчимтэй тархсан нь тодорхой байна” гэжээ.
Уг үйл явдлаас хоёр хоногийн дараа Бергамо хотоос 60 км-ийн зайтай орших Кодогно хотод эхний өвчтөн гэгддэг 38 настай эрэгтэй вирусийн халдвартай болох нь тогтоогджээ.
Италийн 20 орчим мэргэжилтний хийсэн судалгаагаар Ковид-19-ийн анхны тохиолдлыг илрүүлэх үед Ломбардийн өмнөд нутгийн ихэнх мужуудад халдвар хэдийн газар авсан байж. Ингээд цааш ойр зэргэлдээх хотуудад тархаж, тогтоон барихад хүндрэлтэй болж эхэлжээ.
Испани
Харин тэр үед Валенсиягаас хөл бөмбөг үзэхээр Италийг зорьсон Испани иргэд гэртээ буцаж ирэв. Тэдний нэг бол спортын сэтгүүлч Кик Матеу юм. Тэрбээр гэртээ эргэж ирснээс хойш 4 хоногийн дараа ханиалгаж, амьсгалахад хүндрэлтэй болж, эмнэлэгт ханджээ. Ингээд хоёрдугаар сарын 27-нд Валенсия мужийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч тус хотод шинэ төрлийн коронавирусний 6 тохиолдол батлагдсаныг зарласан байна.
Үүнээс хэд хоногийн дараа шинжилгээгээр Валенсия хотын хөл бөмбөгийн клубийн гишүүдийн гуравны нэг нь халдвар авсан болох нь тогтоогджээ.
Гэвч бусад талаараа Испанид амьдрал хэвийн үргэлжилж байв. Баар, кафе нээлттэй ажиллаж, цаг агаар ердийнхөөс илүү дулаарсан нь испаничуудыг олны хөлийн газраар явахад хүргэв. Тухайлбал, гуравдугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн жагсаалууд болж, Испанийн гудамжаар хэдэн 10 мянга, түүний дотор Мадрид хотод 120,000 орчим хүн цугларчээ. Гэтэл дараа нь уг арга хэмжээнд оролцсон Засгийн газрын хоёр эмэгтэй сайд Ковид-19 халдвар авсан нь тогтоогдов.
Ингээд тус улсын Засгийн газраас нөхцөл байдал хүндэрснийг мэдэн дараах арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхэлжээ. Тухайлбал,
- Гуравдугаар сарын 11-нээс Мадрид дахь сургууль цэцэрлэг, их дээд сургуулиудыг хаах байсан боловч төлөвлөсөн үр дүнд хүрсэнгүй.
- Испанийн ерөнхий сайд Педро Санчес гуравдугаар сарын 13-нд “Түгшүүрийн байдал” зарлав.
- Мурси, Валенси гэх мэт нутгийн удирдлагууд наран шарлагын газруудыг хааж, Мадридийн иргэдийг далайн эрэг дээр очихгүй байхыг анхааруулах зэргээр арга хэмжээ авч эхэлжээ.
Гэвч тэдгээр нь оройтсон байлаа. Учир нь тус улсад коронавирусний халдвар хэдийн газар авсан байжээ. Энэ талаар Испанийн Ерөнхий сайд парламентийн чуулганы үеэр:
“Бидний авч буй арга хэмжээ хангалтгүй байгааг ойлгож байна. Бид үүнийг арай эрт хэрэгжүүлэх ёстой байсан юм. Гэвч ердөө долоо хоногийн өмнө нөхцөл байдал харьцангуй тайван байсан шүү дээ. Тэр үед бид энэ бүх хорио цээрийг тогтоосон бол хэтэрсэн үйлдэл болох байсан. Учир нь Ардчилсан засгийн газар зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л иргэдийн эрх чөлөөнд хязгаарлалт хийж чаддаг" гэж хэлжээ.
Харин уг үйл явдлын дараа уурлаж бухимдсан олон мянган испаничуудын нэг Кик Матеу гэх иргэн Засгийн газраа “Иргэдийг тусгаарлаж хөл хорио тогтоохын оронд, гудамжинд гарч цугларахыг уриалсан" хэмээн буруутгасан байна. Тэгвэл Мадрид хотын итгэмжлэгдсэн өмгөөлөгч мөн гуравдугаар сарын 8-ны жагсаал зохион байгуулсныг буруутгаж, Засгийн газраа шүүхэд өгөөд байгаа аж.
Эх сурвалж: CNN