Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Учрал: Олон удаа үр хөндүүлэх нь хөхний хорт хавдрын томоохон шалтгаан болдог

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
14 минут 42 секунд

Хөхний хорт хавдрын өвчлөл, нөхцөл байдал, эрт илрүүлэг зэргийн талаар ХСҮТ-ийн хими эмчилгээний тасгийн их эмч Ц.Учралтай ярилцлаа.

-Монгол улсад хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдраар өвдөх нь нэмэгдэж байгаа албаныхан хэлдэг. Манай хүн амын дунд хөхний хорт хавдрын талаар ойлголт мэдээлэл нь дутмаг байна уу?

-Эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор тохиолдлын тоогоороо зонхилон тохиолдох таван хорт хавдрын нэгд хөхний хавдар багтдаг. Тохиолдол өндөртэй хавдар гэсэн үг. Мөн хожуу шатандаа оношлогдох тохиолдлууд их. Хожуу оношлогдоно гэдэг нь эмчилгээний сонголт багасах эрсдэл бий болж эхэлнэ гэсэн үг. Тухайн эмэгтэй эрт үедээ хорт хавдраа оношлуулсан бол мэс заслын эмчилгээ хийлгэх боломжтой байдаг. Гэвч хожуу оношлуулснаас эмчилгээний магадлал, сонголт багасана. Харин химийн эмчилгээ хийгдсэнээр тухайн хүний хавдрын хэмжээг багасгаад, үндсэндээ мэс засал хийх болгох эрт үе рүү оруулах зорилгоор хийгддэг эмчилгээнүүд гэсэн үг.

-Хожуу шатандаа оношлогдох нь элбэг талаар та дурдлаа. Хорт хавдраа хожуу шатандаа оношлуулах хүртэл хугацаа алдахад юу нөлөөлж байна вэ. Магадгүй хорт хавдрын эмнэлзүйн шинж тэмдэг удаан илэрдгээс аль эсвэл өөр хүчин зүйл байна гэж харж байна уу?

-Хөхний хорт хавдрын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа. Ямар ч төрлийн хорт хавдрын эхэн үед эмнэлзүйн шинж тэмдэг огт мэдэгдэхгүй байх тал бий. Тиймээс иргэд маань төдийлөн анзаарахгүй явсаар эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж эхэлсэн үед нь үзүүлэхэд хожуу үе шатдаа оношлогдоод байгаа юм.

Монгол Улсад ойролцоогоор нийт оношлогдож буй хорт хавдрын 75-80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх шаардлагатай. Мөн эмэгтэйчүүд хөхөө өөрсдөө шалгаж хэвших хэрэгтэй. Ойр ойрхон хугацаанд хөхөө хэрхэн шалгах талаар сурч, тогтмол хэвшил болгох нь хөхний хорт хавдрын эрт илрүүлгэд чухал ач тустай.

-Сүүлийн жилүүдэд манай улс эрт илрүүлэг тал дээр нэлээн ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Тэгвэл хорт хавдрын эрт илрүүлэгт одоогийн нөхцөлд хэрхэн хамрагдах боломжтой байна вэ?

-Иргэн хамгийн түрүүнд өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Өрхийн эмчдээ үзүүлээд шаардлагатай гэж үзвэл тодорхой маягтаар хоёр болон дараагийн шатлалын эмнэлэгт ирж үзүүлж, эмчилгээ хийгддэг. Мөн манай эмнэлэгт эрт илрүүлгийн багц шинжилгээнүүд хийгддэг. Тухайн багц шинжилгээнүүдийг мөн өгөх боломжтой.

-Хөхний хорт хавдар аль насныханд зонхилон илрэх хандлагатай байна вэ. Олон улсад болон манай улсын хувьд насны түвшин адил байдаг уу?

-Олон улсын судалгаанаас харахад 50-аас дээш насанд хөхний хорт хавдрын тохиолдол элбэг тохиолддог гэж үздэг. Гэсэн хэдий ч манай улсын практик дээрээс ажиглахад, сүүлийн жилүүдэд насны түвшин залуужих хандлага харагдаж байгаа. Энэ талаар нарийвчлан хийсэн судалгаа байхгүй боловч практик дээр ийм байдлаар ажиглагддаг.

-Ямар ч өвчлөлд олон нийт түүний шалтгаан, хүчин зүйлийг нарийвчлан асуух тал ажиглагддаг. Хөхний хорт хавдрын тухайд үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл тал дээр судалж, тогтоогдсон зүйл байдаг уу?

-Хөхний хорт хавдар үүсч буй хүчин зүйл, шалтгааны хэд хэдэн бүлэгт хувааж авч үзэж болно. Гадаад орчны нөлөө, хувь хүний зан үйл, удамшил, дааврын нөлөө гэх мэт. Тухайлбал, гадаад орчны нөлөө гэдэгт орчны бохирдол ч их, бага хэмжээгээр нөлөөлж байдаг гэсэн үг. Хавдрыг үүсгэж байгаа шалтгаан болоод үүсч байгаа механизм нь өөрөө нарийн төвөгтэй. Иймээс хавдраас сэргийлэхэд хүндрэлтэй байгаад байгаа юм. Хэрвээ хорт хавдрыг үүсгэж буй шалтгаан нь цөөхөн, нэг хүчин зүйлийг л тогтоочихвол түүнээс сэргийлэх тал дээр анхаарлаа хандуулах боломжтой. Жишээлбэл, умайн хүзүүний хорт хавдар нь папилома вирусээр 95 хувь нь үүсгэгддэг. Тэгэхээр тухайн эмэгтэй хорт хавдартай болохоос өмнө папилома вирусээ эмчлүүлээд явбал 95 хувь тухайн хорт хавдраас сэргийлэх боломжтой гэсэн үг.

Хөхний хорт хавдрын тухайд дааврын нөлөө байдаг. Жишээлбэл, олон удаа үр хөндүүлэх нь дааврын нөлөөг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл, үр хөндөлт нь ураг бүрэлдэж эмэгтэйн даавар ялгарч эхлэх явцад түүнийг хүчээр таслан зогсоож байгаа хэрэг. Тиймээс олон удаа үр хөндүүлж аборт хийлгэх нь хөхний хорт хавдрын томоохон шалтгаан болдог. Мөн жирэмслэлтээс хамгаалах гормоны эм бэлдмэлийг удаан хугацаанд тогтмол хэрэглэх, хожуу төрөлт буюу 35-аас хойш насныхны анхны төрөлт, хүүхэд хөхүүлэхгүй байх зэрэг нь нөлөөлөх хүчин зүйлсэд ч багтдаг.

-Хорт хавдар удамшлын өвчин үү гэж асуух хүмүүс их байдаг шүү дээ. Энэ тал дээр та хариулт өгвөл?

-Хорт хавдрын өвчлөл нь өөрөө генийн өвчин. Генийн мутацид үндэслэгдэж явагддаг гэсэн үг. Тэгэхээр үүнд удамшлын нөлөө байх боломжтой.

"Биеийн илүүдэл жин хөхний хорт хавдарт томоохон эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг ОУ-ын судалгаанууд баталсан"

-Хөхний хорт хавдрын эмчилгээний талаар мэдээлэл өгөөч. Ер нь хими эмчилгээ л хийдэг мэтээр ойлголттой явдаг хүмүүс их байдаг шүү дээ?

-Хөхний хорт хавдрын үед мэс засал, хими, туяа, дааврын гэсэн үндсэн дөрвөн бүлэг эмчилгээ хийдэг. Мэс заслын эмчилгээг эрт үедээ оношлогдсон буюу 2-р үе шатаас дотогш байвал хийх боломжтой. Химийн эмчилгээг дотор нь мэс заслын өмнөх болон дараах зорилгоор нь авч үздэг. Мэс заслын өмнө зорилгоор гэдэг нь, тухайн өвчтөн мэс засалд орох боломжгүй үе шатандаа оношлогдвол хавдрын химийн эмчилгээг хийж, хавдрын хэмжээг нь багасгаад мэс засал хийлгэх боломжтой болгоно гэсэн үг. Харин мэс заслын дараах зорилгоор гэдэг нь хорт хавдрын үндсэн шинж нь үсэрхийлдэг.

Хорт хавдрын дараа мэс заслаар хавдрыг авхуулсан хэдий ч үсэрхийлэх магадлал байдаг. Иймээс хавдрын дараа үсэрхийлэхээс сэргийлэх зорилгоор химийн эмчилгээг хийдэг. Гэхдээ энэ нь тодорхой үе шатны заалттай. Хүн бүрт хийгдэхгүй. Мэс заслын дараа химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй хүмүүс ч байдаг.

Хими эмчилгээний дараа даавар эмчилгээг хийнэ. Мөн бай эмчилгээ гэж бий. Бай эмчилгээ нь хөхний хорт хавдартай иргэдэд түлхүү хийдэг. Байн эмчилгээний тариаг хийдэг. Энэхүү эмчилгээ нь тухайлсан заалттай тул хөхний хорт хавдартай хүн бүрт хийгдэхгүй гэсэн үг. Тодорхой шаардлагатай өвчтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь даагаад эмчилгээг хийдэг.

-Химийн эмчилгээний үеийн өвчтөнд илрэх гаж нөлөө хэр өндөр байдаг вэ?

-Химийн эмчилгээ нь өөрөө эс хордуулах үйлдэлтэй. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын эсийг устгаж, үхүүлж байгаа гэсэн үг. Иймдээ ч маш хүчтэй эс хордуулах эмчилгээ. Хорт хавдарт нөлөөлж, тухайн эсийг устгаж байх явцад эрүүл эд, эсэд нөлөөлөх тал байдаг. Хөхний хорт хавдартай байлаа гэхэд захын судсаар тариаг хийдэг. Тэгэхээр хавдарт очих хүртлээ эрүүл эд, эсэд нөлөөлнө. Тиймээс тухайн хүнд дотор муухайрах, бөөлжих, үс унах, ядарч сульдах, хууч өвчин сэдрэх, зовиурууд гардаг. Гэхдээ тухайн зовиураас сэргийлэхийн тулд хордлого тайлах, дархлаа дэмжих бүх эмчилгээг химийн таритайгаа хавсарч хийдэг.

-Эмчилгээнүүд хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

-Хөхний хорт хавдрын химийн эмчилгээ нь удаан хугацаанд үргэлжилдэг. Нэг удаа хийгээд орхихгүй гэсэн үг. Хөхний хорт хавдар нь дотроо эсийн төрөл, үе шатаасаа хамааран ямар эмчилгээ хийлгэх нь хүн бүрт өөр өөр байдаг. Дунджаар хамгийн багадаа дөрвөн курс, 4-8 курс ба түүнээс дээш хугацаанд үргэлжилэх тохиолдол байна. Тухайн хүнд хавдрын дараах үсэрхийлэл бий болсон тохиолдолд дахин эмчилгээний сонголтоо өөрчилж, дараагийн шатны хими эмчилгээ үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл эмчилгээнд тогтсон хугацаа гэж байдаггүй.

-Хөхөө авхуулах нь эмчилгээний аль түвшинд хамаатдаг вэ?

-Хөхний хорт хавдрын мэс заслын эмчилгээ нь хөхийг бүтэн авах, хэсэгчилж авах, хөх хадгалах гэсэн мэс заслууд хийгддэг. Хөх хадгалах мэс засал нь гаднаас харахад хөхтэй мэт харагдана гэсэн үг.

-Хөхний хорт хавдар залуужих хандлагатай байна гэлээ. Тэгвэл залуу үеийнхний дунд ямар буруу дадал хэвшил байна гэж та харж байна. Басхүү хорт хавдраас сэргийлэх чиглэлд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бидний хоол хүнсэндээ хэрэглэж буй зүйлээс л эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хүн хэчнээн залуу байлаа гээд биеэ тоолгүй, түргэн нитриттэй бүтээгдэхүүн, даршилсан бэлэн бүтээгдэхүүнүүд нь хорт хавдрын өвчлөлийг бий болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тиймээс хоол ундандаа анхаарч, эрт илрүүлэг, хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй.

Маш энгийн зүйлс биднийг хорт хавдраас сэргийлэхэд ач холбогдолтой. Хоол хүнсэндээ анхаарах, ногоон тод өнгийн жимс хүнсийг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Биеийн илүүдэл жин буюу хэт таргалалт нь хөхний хорт хавдарт томоохон эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг олон улсын судалгаанууд баталсан байдаг. Тиймээс дасгал хөдөлгөөн тогтмол хийх, биеийн тохирсон жиндээ байх зэрэгт анхаарах хэрэгтэй.

"Хөхний хорт хавдар ба системийн химийн эмчилгээ” ном нь хөхний хорт хавдрын талаар мэдээлэл авах хүсэлтэй хэн бүхэнд зориулж бичигдсэн"

-Саяхан ХСҮТ-өөс “Хөхний хорт хавдар ба системийн химийн эмчилгээ” нэртэй ном гаргасан юм байна. Номны агуулгын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Энэхүү ном нь 2021 оны арваннэгдүгээр сард буюу өнгөрсөн сард нээлтээ хийж, хэвлэлтэд орж байгаа ном юм. “Хөхний хорт хавдар ба системийн химийн эмчилгээ” нэртэй тус ном нь дотроо 12 бүлэгтэй. Хөхний хорт хавдрын молекул генетик, молекул биологи зэргээс авхуулаад эмчилгээний үр дүн, хяналт хүртэл бичигдсэн ном байгаа юм.

Энэхүү номыг хавдар судлалын мэргэжил эзэмшихээр суралцаж буй суралцагчид болон төрөлжсөн мэргэжлийн эмч нар, аймаг нийслэл, дүүрэг орон нутагт ажиллаж буй хавдрын хими эмчилгээний эмч гэлтгүй хөхний хорт хавдрын талаар мэдээлэл авах хүсэлтэй хэн бүхэнд зориулж бичигдсэн.

Редактороор ХСҮТ-ийн захирал, анаагах ухааны доктор, профессор Н.Эрдэнэхүү ажилласан. Харин ХСҮТ-ийн хими эмчилгээний тасгийн таван эмч хамтарч бичсэн.

-Ном бичих урьдач шалтгаан нь юу байв?

-Монгол Улсад ажиллаж буй эмч нар ихэнхдээ англи орчуулгын ном болон олон улсын удирдамжуудыг ашигладаг. Тэгэхээр манай тасагт хийгдэж буй эмчилгээнүүд нь олон улсын удирдамжийн дагуу хийгддэг гэсэн үг. Энэ талын монгол хэл дээр бичигдсэн ном гэдгээрээ давуу талтай. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед олон улсад хэрэглэгдэж буй удирдамжуудыг нарийн мэргэжлийн эмч нарт зориулсан чиглэлээр бичигдсэн хөхний хорт хавдрын анхны ном болж байгаа юм.

Хөхний хорт хавдар дундаа дааврын хамааралтай хөхний хорт хавдар нь залуу насны бүсгүйчүүдэд тохиолдох нь элбэг байдаг. Хөхний хорт хавдрын химийн эмчилгээний дараагаар жирэмсэлж болох уу аль эсвэл эмчилгээний дараа биед гарч болох өөрчлөлт шинж тэмдгүүдийн талаар номонд оруулж өгсөн. Мөн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл ба түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар багтсан.

-Ярилцсанд баярлалаа.

АТГ: 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна
АТГ: 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.