Сүүлийн хорин жилд шүүхийн шинэчлэлийг хоёр ч удаа хийх гэж оролдоод нэг л болж өгөхгүй хий эргэж байна. Эхнийх нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шүүхийг шинэчилнэ гэж ярьж байгаад “хонгилын механизм”-ыг угсарчихсан. Үүнийх нь горыг хэдэн арван хүн амсаж, “хонгил”-оор чирүүлсэн гэх түүхийг бичиж үлдээв. Тэгвэл хоёр дахь удаагийн шинэчлэх оролдлого яг одоо үргэлжилж байна. Уг нь Б.Энхбаяр тэргүүтэй хуульч гишүүдийн хийхийг зорьж буй шинэчлэл нэлээд ахицтай урагшилж байлаа. Гэвч “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр эрх баригчид ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний орон тоонд өрсөлдсөн хамгийн өндөр оноотой Д.Эрдэнэчимэгийг чуулган дээр унагаж, оронд нь өчигдөр Д.Зүмбэрэллхамыг хүч түрэн томилуулав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ томилгоог ихээхэн шүүмжилж, хууль зөрчсөн томилгоо хийгдэх гэж байгааг анхааруулсан ч, намынхаа улс төрийг дийлсэнгүй. Арга ядахдаа Ш.Раднаасэд гишүүн “таныг ШЕЗ рүү орж гэж ятгасан уу. Та ШЕЗ-ийн даргад битгий өрсөлдөөрэй” гэж гуйгаад дуусав.
Уг нь МАН-ынхан өөрсдийгөө хамгийн их боловсон хүчний нөөцтэй, 220 мянган гишүүд дунд маань алт ч бий, мөнгө ч бий томордог. Гэвч ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгоонд Ш.Раднаасэд гишүүний хэлснээр алдаад байх зүйлгүй шахуу нэгнийг зүтгүүлж ширлэсэн нь хуулийн талын боловсон хүчний нөөцгүй нам гэдгийг нь илчилж орхив. Хэдийгээр нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж байгаа ч гэсэн эцсийн “виз”-ийг УИХ олгох тул энэ хүмүүсийн ард олонхыг бүрдүүлж буй Ардын намын улс төр заавал явж байгаа. Ялангуяа өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүнийг томилно гэсээр байхад хууль зөрчин байж томилсон нь Д.Зүмбэрэллхам улс төрийн том “даалгавар”-тай байж мэднэ гэх хардлагыг газар авахуулж байна. Товчхондоо МАН-д хүний эрхийн мэдрэмжтэй, шинэ цагийн залуу, боловсролтой хуульч алга. Хүний эрх, шударга ёс, зарчим ярьдаг гайгүй хуульчид бүгд МАН-аас дөлж байна. Азаар Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар зэрэг ганц хоёрхон гайгүй хуульч боловсон хүчин үлдсэн нь зол гэлтэй.
“Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Д.Зүмбэрэллхам хэмээх эрхмийн хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдож Ардын намынханд төрийн албыг төрлийн алба болгох суурийг тавьж өгсөн “гавьяат”-нуудын нэг. Түүний үед л төрийн албаны сонгон шалгаруулалт дампуурч, дарга нарын хүүхэд дарга болдог балиар жишиг тогтож эхэлсэн. Ерөнхийдөө Ардын намын улс төртэй бүхий л амьдрал нь холбогдож яваа хүн бол Д.Зүмбэрэллхам. Яалтчгүй улс төрийн зорилготой томилгоо гэж хардахгүй байхын аргагүй баялаг намтар, түүхтэй хүн мөн.
Ер нь Ардын намынхан сүүлийн үед дэвшүүлээд байгаа хүний эрхийг дээдэлдэг нам болно гэдэг марзан уриа лоозонгоо хүүхэд нохойн доог болохоосоо өмнө болих хэрэгтэй. Сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан нэгнийг намын бодлоор унагаад, өөрсдийн хүнийг хүчээр тавьж байгаа намаас бид яг ямар ардчилал хүсэх ёстой юм бэ. Залуучуудаа дэмждэггүй, бүхнийг “хайрцаглаж” даргынхаа бодлогоор явуулдаг. Гишүүдийнхээ эрхийг хэн нэгэн даргын үгээр бяц дардаг, дотоод ардчилал нойл заачихсан намынхан гишүүн бус хүмүүсийн эрхийг хамгаална гэдэгт эрүүл ухаантай хүн бүр эргэлзэнэ.
Одоо хяслантай юм шиг Д.Зүмбэрэллхам нь ШЕЗ-ийн даргад нэр дэвшээд томилогдох байх. Харж л байгаарай.
Г.Лхагвадорж