Сүүлийн үед бага насны хүүхдүүд суулгаж, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр их өвчилж байна. Эмнэлгийн орнууд энэ төрлийн ханиадаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрч байгааг албаны хүмүүс анхаарууллаа. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг энэхүү вирусээс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах талаар анхааруулахын тулд дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Тус ротавирусээр улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба есдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг аж.
Манай сурвалжлах баг Сүхбааатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр орж, ротавирусээр өвчилсөн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа болоод энэ өвчлөл ямар цар хүрээтэй байгаа талаар тодрууллаа. Тус хоёр эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн бараг 90 гаруй хувь нь ротавирус болон ханиадтай хавсармал байдлаар өвчилж хүндэрсэн байдалтай ирж байгааг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмч Б.Баяржавхлан ярилаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд гүйлгэж халуурдаг, бөөлждөг ханиадаар их өвчилж байна. Энэ ротавирус гэх вирусийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ротавирус нь цоо шинэ өвчин биш. Дэлхий нийтэд түгээмэл байдаг гэдэс суулгах өвчин. Тус өвчин нь нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Халдвар авсан хүн бөөлжиж суулгах үед эмч нар вирусийн гаралтай суулгалт гастроэнтерит гэж нэрлэдэг. Ротавирус нь ихэвчлэн 0-6 насны хүүхдэд вирусийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Энэ нь гадаад орчинд тэсвэртэй. Агаарын замаар дамжиж байгаа учраас уушгинд үрэвсэл үүсгэх юм шиг боловч гэдэс ходоодны замд үрэвсэл үүсгэдэг. Гэдэсний хананд байрлах өнгөр гэх ашигтай нян бактерыг устгах аюултай. Мөн улайлт үрэвсэл үүсгэдэг өвчин юм.
-Танай эмнэлэгт ротавирусаар өвчилсөн хүүхэд өдөрт хэд бүртгэгдэж байна вэ?
-Манай Сүхбаатар Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт 50 гаруй хүүхэд үзүүлж байна. Үүнээс 10 гаруй хүүхэд нь ротавирусийн халдвараар өвчилж хүндэрсэн байдалтай байна.
-Танай хүүхдийн тасгийн орны хүрэлцээ хэр байна вэ?
-Орны хүрэлцээ бол хэвийн байна.
-Хүүхдүүд ихэвчлэн хаанаас халдвар авч байна вэ?
-Хамгийн гол халдвар авч байгаа газар нь ахуйн хүрээнээс авч байна. Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх мөн бохир гараар хоол хүнс идэж, ууснаар уг өвчин халдварладаж байна. Ихэвчлэн мөлхөж, алхаж сурч байгаа хүүхдүүд энэ халдвараар өвчлөх тохиолдол элбэг байдаг. Яагаад гэвэл мөлхөж байхдаа, алхаж байхдаа гар нь дандаа бохирдож түүгээрээ хоол хүнсэндээ хүрдэгээс шалтгаалж байна гэсэн үг.
-Ротавирусийн үед бага насны хүүхдээ халдварласан гэдгийг хэрхэн мэдэх вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь ротавирусийн халдвартай байна. Хүүхдүүд 38-40 хэмээр халуурч, өдөрт 15-20 удаа бөөлжиж, суулгаснаар шингэний дутагдалд орж, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн. Нарийн хэлбэл, бөөлжих, усархаг зүйлээр суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн огцом халуурах, хоол унд идсэний дараа шингэн зүйл уухаараа бөөлжиж эхэлдэг. Хүүхэд бөөлжиж, эсвэл суулгаж байна гэдэг их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Нярай хүүхэд шингэн алдалтад орсон үед зулай нь хонхойж харагддаг. Энэхүү халдварын суулгалтын онцлог нь амархан хордлогонд оруулахаас гадна бусад эрхтэнүүд шингэн дутагдаж эхэлснээр хүндрэлүүд үүсдэг. Хүүхэд нэг удаа бөөлжихөд 10 суулгацтай тэнцдэг гэдэг. Гэтэл эцэг эхчүүд нэг л удаа бөөлжсөн. Нэг удаа гэсэн утгаар нь гайгүй гэж бодоод хүүхдээ хүндрүүлэх тал их байна. Энэ халдварын үед эрт эмнэлэгт хандаж илрүүлэг хийлгэх хэрэгтэй. Шууд хүүхдийг хараад ротавирусийн халдвартай гэж хэлэх боломжгүй. Хүүхдийг үзэж, илэрч байгаа шинж тэмдэг, зовиурт үндэслэн ротавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх эсэхийг хэлнэ. Эхлээд эмчид хандах нь л хамгийн зүйтэй.
"Хүндрүүлсэн тохиолдолд шоконд орно. Цаашлаад амь насанд ч эрсдэлтэй байж болзошгүй"
-Ротавирусийн халдвар хүүхдийн амь насанд эрсдэл учруулах уу?
-Хүндрүүлсэн тохиолдолд шоконд орно. Цаашлаад амь насанд ч эрсдэлтэй байж болзошгүй. Гэхдээ айж сандах зүйл биш. Шинж тэмдэг илэрсэн бол эмнэлгийн байгууллагад хандахад л болно. Мөн иргэд эхлээд хорооны эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Шууд дүүргийн юмуу, олон хүүхэд бөөгнөрсөн газарт ирэхээр эндээсээ ханиад томуу авах, цаашлаад ротавирусийн халдвар авах тохиолдол гарч байна.
-Хэрвээ ротавирусаар өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?
-Дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Энэ вирусээр өвчилсөн үед шингэн их алддаг учраас "Хорсол" уулгах хэрэгтэй. Мөн хөхөөр хооллодог бол хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтад орсон бол хамгийн түрүүнд эмчид хандах нь зөв.
"Ихэвчлэн ротавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь үр дүнтэй гэж үздэг"
-Ротавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Ихэвчлэн ротавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь үр дүнтэй гэж үздэг. Ротавирусийн вакцин хоёр төрөл байна. Вакцины төрлөөс хамаарч хоёр, эсвэл гурван удаагийн тунг тодорхой хугацааны давтамжтайгаар хийдэг.
-Ровавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинийг хаана хаана хийлгэх вэ. Танай эмнэлэг дээр хийж байна уу?
-Улсын эмнэлгүүд хийхгүй байгаа. 2-3 эмнэлэг дээр л хийж байна. Интермэд эмнэлэг дээр лав хийж байгаа. Гэхдээ үнэ төлбөртэй хийгддэг.
-Ротавирусийн үед хэрэглэгддэг эм бэлдмэлүүдийн нөөц хэр байгаа бол?
-Байгаа байх аа. Одоогоор эм бичүүлээд явсан иргэд эм тариа олдохгүй байна гэж эргэж ирсэн тохиолдол гараагүй байна.
-Эцэг эхчүүдэд захих, анхааруулах зүйл байна уу?
-Хүүхдийн ариун цэврийг сайн сахих, эрүүл мэнд, дархлаанд нь илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ротавирус гэхээр айж сүрдэх шаардлагагүй суулгалт өвчин л гэж ойлгох хэрэгтэй. Эмчээс нарийн зөвлөгөө аваад гэртээ эдгээж болох зүйл шүү гэж хэлье.
"Би л хүүхэдтэй гэсэн шиг хамаг юмаа тараагаад заваараад байж болохгүй"
Харин БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20 гаруй хүүхдийн 90 хувь нь ротавирусээр өвчилжээ. Үзүүлэхээр ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь ротавирусээр оношлогдож байв. Ингээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ээжүүдээс зарим зүйлийг тодруулахад,
"Тоглоомыг нь содатай усаар ариутгах, ахуйн ариун цэврийг сахих хэрэгтэй"
Э.Нямгэрэл "Манай хүүхэд гэрээсээ гардаггүй. Гэхдээ хаанаас халдвар авсан бэ гэж бодохоор, гадуур гардаг томчууд нь тээгч болсон байх гэж бодож байна. Дархлаа муутай болохоороо хүүхэд аваад үлдчих шиг боллоо. Гэртээ цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Би л хүүхэдтэй гэсэн шиг хамаг юмаа тараагаад заваараад байж болохгүй. Тоглоомыг нь содатай усаар ариутгах, ахуйн ариун цэврийг сахих хэрэгтэй шүү. Гүйлгэж суулгаад тогтохгүй болохоор нь эмнэлэгт ирсэн чинь халдвар авсан байсан. Хүүхдүүд бас нэг нэгнээсээ халдвар аваад байдаг юм билээ. Сайн анхаарах нь л зүйтэй шүү эцэг эхчүүдээ" хэмээлээ.
Харин БЗД-т байрлах нэгэн цэцэрлэгээр орж, энэ өвчнөөр өвчилсөн хүүхэд байгаа эсэх талаар тодруулахад, "Өөр цэцэрлэгүүдээр мэр сэр гарч байгаа дуулдсан. Манайд одоогоор гараагүй байна. Гэхдээ жил бүр л гардаг өвчин. Урьдчилан сэргийлэх вакцинаа хийлгээд, гар хөлийг нь сайн угаалгаад байвал нэг их гараад дэлгэрээд байхгүй" гэдгийг хэллээ.
"Ротавирусийн эсрэг вакцины нэг тун 50.000 төгрөг"
Урьдчилан сэргийлэх вакциний хувьд, Интермэд эмнэлэг дээр хийж байгаа бөгөөд дараах мэдээллийг хүргэж байна.
- Таны хүүхэд ротавирусийн вакцинд 12 сард хамрагдсанаар 1 сарын зайтай 3 удаагийн бүрэн тунд хамрагдахад гурван сард бүрэн дархлаа тогтсон байх болно.
- Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба товлолт вакцин хийлгэх гэж байгаа бол тэр өдрөө хийлгэж болох ба товлолт вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.
- Насны хязгаар: Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд нэг сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооноох аж
- Үнэ: Вакцины нэг тун 50 000 төгрөг /Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан байх аж/