Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх МСҮТ-ийг ХНХЯ-нд ҮЛДЭЭЕ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 16 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Уг асуудлыг хэлэлцэхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсрол шинжлэх ухааны яаманд өгч боловсролын яамны багц хуульд хамруулахаар болсон. Харин уг шийдвэрт зарим гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тэгвэл МСҮТ-ийг Боловсролын яаманд өгснөөр ямар үр дагавар гарах вэ?

Нэгдүгээрт: Боловсрол Шинжлэх ухааны яам нь дээд боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий газар. Гэтэл энгийн ажилтан, мэргэжилтэн богино хугацаанд бэлтгэдэг МСҮТ-ийг БШУЯ руу шилжүүлчихвэл хэн уул уурхайд ажиллаж, хэн хүнд, хөнгөн машин механизмыг засаж сайжруулж, хэн гагнуурын ажлыг хийх вэ.

Хоёрдугаарт: МСҮТ-ийг БШУЯ шилжүүлэх нь ямар ч уялдаа холбоогүй асуудал болж хувирч байгаа юм. Тодруулбал, мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа оюутнууд үйлдвэрлэлийн дадлага жил бүр хийдэг. Энэ нь ажил олгогчдын шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд тустай байдаг бөгөөд энэ нь ч ХНХЯ-тайгаа нарийн нягт холбоотой зүйл гэж хэлж болно. Хэрэв мэргэжлийн боловсролтой залуучууд нэмэгдсээр байвал гаднаас өндөр үнээр ажиллах хүчин авчрах шаардлагагүй. Улмаар баялгийг улсдаа эргэлдүүлж, олон хүн хоолтой, орлоготой болох учиртай. Харин БШУЯ-ны эрх үүрэг энэхүү шаардлагад нийцэхгүй билээ.

"МСҮТ-ийг БШУЯ руу шилжүүлэхээр физик, математик заагаад арзетка, цахилгаанаасаа айсан хэдэн хүүхэд л бэлтгэгдэнэ шүү дээ"

Энэ талаар ч гэсэн УИХ-ын гишүүд санал бодлоо илэрхийлээд амжсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Мэргэжилтэй ур чадвартай ажилтан маш чухал. МСҮТ-ийг БШУ-ны яаманд авах уу, хөдөлмөрийн яаманд авах уу гэж БШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Хөдөлмөрийн сайд Т.Ганди нар үргэлж маргалддаг байсан. Би тухайн үед Хөдөлмөрийн яаманд шилжүүлж байсан. Гэтэл буцаагаад БШУЯ-нд шилжүүлэх гэж байх шиг байна. Энэ бол маш буруу. БШУЯ руу шилжүүлэхээр физик, математик заагаад арзетка, цахилгаанаасаа айсан хэдэн хүүхэд л бэлтгэгдэнэ шүү дээ" гэв.

"МСҮТ нь ХНХЯ-нд байх нь их зөв байсан юм. БШУЯ-нд очихоор ур чадвартай ажилтан бэлтгэгдэх үү гэдэг нь эргэлзээтэй байна"

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "МСҮТ нь ХНХЯ-нд байх нь их зөв байсан юм. БШУЯ-нд очихоор ур чадвартай ажилтан бэлтгэгдэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Гадаадаас ажиллах хүн авахад хүртэл ур чадвар л харж байна" гэв.

Мэргэжил, ур чадвар эзэмших гэдэг нь хөдөлмөрийн зах зээлтэй яалт ч үгүй холбоотой. 9 дүгээр ангиас эхлээд политехникийн коллеж, МСҮТ-д суралцах боломж нээлттэй үлдэх ёстой ч байж байна. Хэрэв ерөнхий боловсролын сургуулиа заавал дүүргээд хүүхэд бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгч байж МСҮТ-д суралцана гэвэл мэргэжлийн боловсролыг үгүйсгэсэн, дэмжээгүй бодлого гэж үзэхээр байна. Тиймээс энэ асуудал дээр өмнөх бодлогыг баримтлах нь зүйтэй бөгөөд "байсан юм байрандаа" л байсан дээр ч байж мэднэ.

Нэмэлт:

  • МСҮТ-ийн оюутнууд суралцах хугацаандаа л ажлын байраа олчихсон байдаг.
  • Ажил олгогчдын тавьсан хүсэлт, шаардлагын дагуу оюутнуудыг бэлтгэх бодлогыг ХНХЯ-аас гаргаж энэ дагуу олон ч залуус ажлын байрандаа гарсан байдаг аж.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.