Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтан ажилагсдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.
Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм. Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч "COVID-19"-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна. Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе." гэжээ.
Эх сурвалж: ЭМЯ