Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намын дотоод улс төр “гацаанаас” гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

Ардын нам ээлжит Их Хурлаа ирэх 12 дугаар сарын 6-ны өдөр хийхээр товлов. Удирдах зөвлөл нь өчигдөр гэнэт хуралдаж ийм шийдвэрийг гаргасан нь Ардын намын дотоод улс төр “гацаанаас” гарч, элдэв “дайн, самуун” гарахгүйгээр асуудал эвээр шийдэгдэхийн дохио гэлтэй. Энэ дохио мэдээж тэдний хувьд саар гэхээс илүүтэй сайны дохио байх болов уу.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс гадна өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн Миеэ фракцийн томилгоо, өнөөдөр болох гэж байгаа ИНЕГ-ын дээрх генсек Д.Амарбаясгалан талын томилгоо зэргээс талууд тохироонд хүрсэн нь харагдаж байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн “Богд Зонхова”-гийн асуудал ч гэсэн улс төрийн ямар нэгэн зорилго цаанаа агуулсан байх магадлалтай. Товчхондоо, ойлголцохтой нь ойлголцоод, дарамтлахыг нь дарамтлаад явчихсан гэсэн үг.

Ямартаа ч Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож, улмаар засагт яаж ийгээд өөрийгөө болон өөрөөлийг шингэхээр санаархаж суусан нөхдүүдийн хүсэл Г.Адьшаа, Н.Ганибал нарын ачаар биелэхээр байгаа. Цэц энэ хоёр гишүүний гомдлыг хэлэлцээд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл Ардын намынхан энэ дүгнэлтийг дуун дээр нь хүлээж аваад Цэцийн “санаачилгаар” Үндсэн хуулиа засч, “давхар дээл”-ний асуудлыг бүрэн хална. Энэ өөрчлөлтийн дараа Л.Оюун-Эрдэнэ илүү хүчтэй бөгөөд илүү “дархлаатай” Засаг газрын жолоог атгах болно.

Үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам доторх фракц, бүлэглэлүүдээ бүрэн хайрцаглаж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс У.Хүрэлсүхийг явахад намын Их Хурлаа хуралдуулах гэж оролдсон ч дотоодын “бослого, тэмцлээсээ” эмээсэндээ чадаагүй. Улмаар өөрийгөө У.Хүрэлсүхийн бүтээсэн Бага хурлаас намын даргаар томилуулснаар “гал”-ыг түр унтраасан. Мөн намын дүрмийн дагуу энэ 11 дүгээр сардаа багтаж Ардын намынхан Их Хурлаа хийх байсан ч мөн л улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хурлаа хийж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Тиймээс УИХ-ын гишүүд дунд тун саяхан эхэлсэн сайд болох “марафон”-ыг Ардын намын дарга хамгийн сайн ашиглах болно. Өөрөөр хэлбэл, сайдын суудал хуваарилах замаар талуудын эрх ашгийг нэгтгэж, өөрийнхөө төлөө санал өгүүлж, Их Хурлаа өөрийнхөө талд авах байх.

Ардын намын дарга бол маш их хүчийг гартаа атгадаг. Энэ хүчийг Их Хурлаараа дамжуулан атгаж авсан намын даргын улс төрийн нас илүү хол явдаг. Дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдах дүрэмтэй Их Хурлаас сонгогдсон эсвэл батламжилагдсан намын дарга өөрийн Бага хурлаа байгуулж бүрэн эрхийнхээ хугацаанд нам дотроо бүтэн засаглаж чадна. Намын дарга байх хугацаандаа сонгуульд нэр дэвшүүлэх, сандал суудлын томилгоо, намын дотоод дүрэм журам гээд бүхий л асуудлыг Бага хурал нь шийдвэрлэдэг. Ер нь бол Их Хуралдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй МАН-ын дарга нарын улс төрийн хүч жулдаж, засаглах хугацаа нь харьцангуй богиносдог түүхтэй. Тэдний хамгийн том жишээ бол Ө.Энхтүвшин, С.Батболд зэрэг намын даргууд юм. Энэ талаарх өмнө бичиж байсан нийтлэлийг энд дарж сонирхоорой.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.