Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага хурлаас сонгогдсон МАН-ын дарга нар хүчгүй, ирээдүйн улс төр нь тодорхойгүй байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 24 секунд

Улс төрийн хүрээнийхэн сонгуулийн өмнө МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байсан ч сонгуулийн дараа У.Хүрэлсүх “хайрцагласан” Бага хурлын гишүүдээрээ Л.Оюун-Эрдэнийг намын даргаар шууд томилуулсан. Их хурлаа хийж Л.Оюун-Эрдэнийг ном ёсоор нь “залах” байсан ч хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эрсдэлд орсон тул Бага хурлаа хуралдуулсан. Л.Оюун-Эрдэнэ дүрмээрээ алдаа гаргаагүй хэдий ч “хүлээн зөвшөөрөгдсөнгүй” гэдэг агуулгатайгаар даргын суудалд суусан юм.

Ардын нам дүрмийн дагуу Их Хурлаа хуралдуулахдаа бүх намын үүрүүдээсээ төлөөлөгчдөө шинээр цуглуулж хуралддаг. Өөрөөр хэлбэл өмнөх намын даргын үед сонгогдсон Их Хурлын гишүүд шинэчлэгдэнэ. Харин Бага хурлын гишүүдийг өмнөх намын дарга Их Хурлаараа батлуулдаг юм. Ардын намын дарга бол бусад намын дарга нараас хав илүү эрх мэдэл, улстөрийн повертой байдаг. Харин энэ хүчийг Их Хурлаараа дамжиж атгасан дарга л улс төрийн хүчтэй байдаг тал бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тохироо ёсоор 80-аад оны дүү нараа дэмжиж тамгаа үлдээсэн. Одоо МАН дотор өрнөх үйл хэрэгт урьдынх шигээ тултал оролцож чадахгүй. Оролцох байлаа ч ирэх зургаан жилийн улс төрөө бодож төдийлөн улайрч зүтгэхгүй. Ерөнхийдөө хүчний тэнцвэрийг ажиглах, бас ашиглах гэж л оролдох болов уу. Тэр хийдгээ хийсэн. Одоо юу болохыг нь дүү нар нь л мэднэ.

Тэгвэл Их Хурлаас биш Бага хурлаас сонгогдсон дарга нарын “хувь заяа” тогтворгүй бас хүчгүй, ирээдүйн улс төр нь тодорхойгүй байх хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл намын аппараттыг бүхэлд нь базсан хүчгүй учраас тогтвор муу байдаг. Монголын хамгийн том мега төслийг хөдөлгөж чадсан С.Баяр Засгийн газраас огцруулж, Ерөнхий сайд болон намын даргаа өгөхдөө Бага хурлаа ашиглаж дараагийн даргаа томилуулж байв. Дараа нь эдийн засгийг өмнө байгаагүйгээр тэлсэн Сү.Батболд сонгуулийн дараа ажлаа өгөхдөө мөн л Бага хурлаа хуралдуулж Ө.Энхтүвшинд тамгаа шилжүүлсэн. Тэд намын Их Хурал хуралдуулвал эрсдэлтэй гэж тооцсон учраас Л.Оюун-Эрдэнэ шиг хуучин даргынхаа байгуулсан Бага хурлыг түшсэн хэрэг. Нам доторх хүч сул тул ямар нэгэн огцруулах, унагах оролдлогод амархан өртчих гээд байдаг муу талтай. Мөн аливаа ажил нь гишүүд болон намын бүх түвшинд олигтой урагшилж өгдөггүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Их Хурлаа хуралдуулж 100 хувь хүлээн зөвшөөрүүлээгүй нь тун удалгүй асуудал болон дэгдэж ч мэдэх юм.

Үеийн үед Ардын нам гаднаа хичнээн эв нэгдэлтэй харагддаг хэдий ч дотроо бол юу юугүй шатахад бэлэн “уугиж” байдаг билээ.

Г.Лхагвадорж

ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах 21 байршил
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах 21 байршил
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.