“Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг угтан “Парламентийн мэтгэлцээн” зохион байгууллаа. Энэхүү мэтгэлцээн нь залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгааг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Энэхүү парламентийн мэтгэлцээний 1-р байрт МУИС-ийн "Berkeley-88" баг, 2-р байрт ИЗОУИС-ийн "Ethic" баг, 3-р байрт МУИС-ийн "Change" баг, Тусгай байрт ДХИС-ийн "Консенус" баг тус тус шалгарлаа. Мэтгэлцээний шилдэг оролцогчдын ярилцлагыг хүлээн авч уншина уу.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан "Berkeley" багийн гишүүд Б.Ууганболор, Б.Маргад-Эрдэнэ /1-р байр/
-Сайн байна уу, өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Манай багийн нэрийг "Berkeley-88" гэдэг. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний, илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клубийн гишүүд болох Б.Ууганболор болон Б.Маргад-Эрдэнэ нар байна.
-"Эрх биш ээлтэй" аяны хүрээнд зохион байгуулсан парламентын мэтгэлцээнд хэдий хугацаанд бэлдсэн бэ?
-Манай баг тус тэмцээнд оролцохоор 5 өдрийн өмнө клубээсээ сонгогдсон. Ийнхүү тэр өдрөө удирдамжаа хүлээн авч шууд бэлтгэлээ хийсэн.
-Энэхүү мэтгэлцээнд танай баг ямар аргументыг дэвшүүлж, гол баримтлалаа болгосон бэ?
-Бэрх биш ээлтэй аяны хүрээнд зохиогдож буй тус парламентийн мэтгэлцээний тэмцээний шийдлүүд ихэвчлэн бодлогын шийдлүүд байсан тул манай багийн зүгээс ихэнх шийдлүүд дээр гурван аргумент бэлдсэн. Бидний зүгээс тэмцээнд орохдоо ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж, эдгээр иргэдийн эрхийг хамгаалах асуудлуудыг шийдвэрлэх гарцын аргументыг голчлон бэлтгэж оролцсон.
-Мэтгэлцээнээр ямар байр суурьтайгаар, ямар асуудлыг хөндөж чухалчилсан бэ?
-Манай багийн хувьд ихэнх тохиолдолд засгийн газар талаас буюу байр сууриа нотлох тал дээр мэтгэлцсэн. Тэмцээний зохион байгуулагчдаас зарлагдсан шийдлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд байсан тул хамгийн чухалчилсан асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлгүй иргэдтэй адил хөдөлмөрлөж, суралцаж, авьяас чадвараа ахиулан, амжилтанд хүрэх бүрэн боломжтой бөгөөд үүнд нийгмийн хандлага, бизнесийн байгууллагын дэмжлэг, иргэдийн оролцоо, засгийн газар, хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагын оролцоо зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль мөрдөгдөж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт, бусад салбар хуулиудын уялдаа холбоо байхгүй байгаа тул хангалттай түвшинд хэрэгжихгүй байна гэж харж байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хэр олдоцтой, хангалттай байсан, хаанаас мэтгэлцээний сэвэдтэй холбоотой мэдээллээ цуглуулж бэлдсэн бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар гэхээс илүүтэйгээр бодлогын шинжтэй судалгааны ажил, холбогдох тайлан мэдээлэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн банктай хамтран гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх дэлхийн тайлан зэрэг материалууд байсан. Гэхдээ гадаад эх сурвалж дээр байгаатай адил хэмжээний эх сурвалж байхгүй санагдсан. Мөн дан ганц судалгаа, дүгнэлтээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар,
ХНХЯ, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Бэрх биш ээлтэй аяны албан ёсны хуудсуудаар дамжуулан мэдээлэл авсан. Бэрх биш ээлтэй аяны албан ёсны хуудсуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх статистик, мэдээлэл, шинэлэг контент гаргаж байгаа нь маш талархмаар байсан.
-Цаашид ХБИ-ийг бэрх биш ээлтэй нийгэмд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангахын тулд ямар шийдвэр гаргах ёстой гэж бодож байна?
-Үндсэндээ нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хувьд авч үзэх юм бол нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энгийн сургалттай сургуульд явах боломжтой хүүхдүүдийг аль болох энгийн сургуульд явуулах, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсролыг чанартай олгож, ахлах болон дунд ангидаа сургуулиа сонгон суралцах боломжийг нээлттэй олгох. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр зуучлалыг сайжруулах, дан ганц биечлэн хийж болох ажлуудаас гадна онлайнаар хийж болох ажлуудын сургалтыг орох, мөн бизнес эрхлэлт нь орчин үед хүний эрхтэй салшгүй холбоотой болж байгаа тул ажил олгогч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хамгаалахад гар бие оролцож байгааг үнэлэх систем нэвтрүүлбэл гэсэн шийдэл дэвшүүлсэн.
Нийгмийн асуудлаас гадна дэд бүтцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гараад зорьсон газартаа эрүүл, аюулгүй очдог байх боломжоор засгийн газар хангаж өгөх, УИХ, Засгийн газраас баталсан хууль, дүрэм журмыг биелүүлдэг байх, барилгын компаниудад стандартын дагуу барилга барих, орц гарц хийхэд хяналт тавих, бизнес эрхлэгчид хүний эрхийг дээдэлж аж ахуйн үйл ажиллагаа явуулах талаар саналуудыг дэвшүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
МУИС-ын "Өөрчлөлт" клубын дэргэдэх "Change" багийн гишүүд Б.Мянган-Эрдэнэ, Б.Ганчимэг /3-р байр/: "Мэтгэлцээний шийдлүүдийг харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд таниулах, ойлгуулах гол зорилготой байсан. Энэ хүрээнд өөрсдийн судалж мэдсэн зүйлсээ, бусад багтаа мэдээлэл болгож, цаашид илүү гоё шийдлүүдийг гаргаж өгөх тоглолтыг илүү их гаргахыг хичээсэн. Хүмүүсийн байнга ярьдаггүй эсвэл зурагтаар тэр бүр гардаггүй санаануудыг гаргахыг хүссэн. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэх боломж нь ямар байдаг, ажил хийх орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлэх гэх мэт санаануудыг гаргасан. Манай багийн хувьд гурав хоногийн турш мэтгэлцээнд бэлдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ерөнхий тоон мэдээллийг Статистикийн үндэсний хорооноос авсан. Бусад мэдээллийг хайлтын системээс авсан. Гэхдээ хангалттай санагдаагүй, мэдээлэл хомс санагдсан. Үүнээс үүдэн мэтгэлцээний үеэр ташаа мэдээлэл өгсөн багууд байсан. Шүүгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг нь тусдаа хүмүүс биш бидэнтэй л адил хүн. Тийм учраас нийгэмд оролцож, цаашид хөгжих боломжийг нь бүх талаас нь нээж өгөх хэрэгтэй гэдгийг онцолж байсан" гэдгийг хэллээ.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Г.Нямбаяр: "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүмүүсээс зарим нэг чадвараараа дутмаг байдаг хэдий ч хувь хүн талаасаа сурах боломж нь байдаг. Дутагдаж буй зүйл нь нийгэм, хүмүүсийн хандлага, төр засгаас үзүүлж буй дэмжлэг юм. Жишээлбэл нийтийн тээврээр зорчих гэтэл тэргэнцэртэй хүмүүс өөрсдөө орох боломжгүй байдал үүсэх мөн ихэнхи барилга байгууламжид тэдэнд зориулсан орж, гарах тусгай зам байхгүй байх гэх мэтчилэн нийгмийн зүгээс тулгарах бэрхшээл их байдаг гэсэн санааг дэвшүүлж мэтгэлцсэн" гэв.
Тус парламентийн мэтгэлцээнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон МУИС хамтран зохион байгуулж 20 их дээд сургуулийн оюутнууд оролцсоноос ийнхүү шилдэг оюутнууд шалгарлаа.