Ковид-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ төрлийн коронавирусийн халдвар аван эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтуун байгаа сайн мэдээг дуулгасан юм. Мөн тэрээр:
"Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм.
Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд алийг нь шинжилгээнд оруулах вэ гэдэг тактик гаргаж ажиллаж байгаа юм. Чартер нислэгээр ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Гэхдээ тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа, цаашдаа ч хийнэ" гэлээ.
Мөн 2020 оны гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин маргааш нь буюу гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр, нийт зургаан хүнийг тусгаарлаж, тандалт лабораторийн шинжилгээ хийж байна гэсэн юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байгаа аж.