НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр 11 дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад 3 нь яндангийн сойлтыг хаасан, 1 нь түлшээ буруу түлсэн, 2 нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан, цууралттай, мөн угаарын хий мэдрэгчийг унтраасан байна.
“Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын 70 орчим хувийг объектын гал түймэр, шар усны дуудлага эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй гал түймрийн улмаас угаартаж нас барсан” болохыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй хэллээ.
Мөн тэрбээр “Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд зуслан руу гарах нь ихэссэн. Хашаа болон ойр орчмын газраа цэвэрлэх нэрийдлээр шар өвсийг шатаахдаа гал алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймд иргэд олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна” гэлээ.
378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 44 тээврийн хэрэгсэл нийслэл хотоор дамжин өнгөрчээ. Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэсэн болон түүхий нүүрс түлсэн зөрчил илрээгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД: