2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулахдаа хамгийн их асуудал дагуулсан нэгэн сайдыг томилсон нь Соёлын сайд С.Чулуун байв. Тэрбээр Монгол-Хятадын байгууллагад харилцан солилцох журмаар дэлхийд ганц ч байж болох 640.000 нүүр архивын баримтыг Хятадад өгсөн гэх мэдээллийг уншигчид мэдэж буй за.
Тэгвэл уг баримт бичиг нь ямар учиртай материал байсан талаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Соёлын сайд асан С.Чулуун түүхийн баримт бичгийг БНХАУ худалдсан гэх мэдээлэл гараад байгаа. Уг асуудалд та ямар байр суурьтай байна?
-Энэ бол Соёлын сайд асан С.Чулуун албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, соёл өвийн эсрэг хийсэн ноцтой үйлдэл мөн гэж үзэж байна. Чин Улсын үетэй холбогдох энэ баримт нь зөвхөн Монгол Улсад л хадгалагдаж байсан, цорын ганц, дахин давтагдашгүй, хосгүй үнэт архив байсан юм. Хятадын талын хүмүүс ч үүнийг нь чухалчлан үзэж, “Хүрээ сайдын архив нь хэмжээний хувьд маш том, бүрэн бүтэн хадгалагдсан. Чин улсын үеийн аль нь ч цэргийн жанжин, амбан сайд нарын архив Хүрээ сайдын архивын дайны бүрэн бүтэн хадгалагдаж ирээгүй” зэргээр магтаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний бүрэн архив Чин-гийн үеийн олон амбаны алинд нь ч байхгүй гэсэн үг. Хятадын өмнөд мужийн бичиг баримт ч ийм бүрэн биш юм гэдгийг хэлж байгаа хэрэг юм.
Гэтэл ийм үнэт, цор ганц, хосгүй, А4-ийн цаасаар хэвлээд дээр дээр нь давхарлаж тавихад Төв талбайн хажуу талын Централ Таурын өндөртэй дүйцэхүйц их хэмжээтэй архивын баримтыг С.Чулуун толгой мэдэн Хятадад өгсөн нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг мөнөөсөө мөн.
Аль нэг дарга гарын үсгээрээ барьцаалж зөвшөөрөл зардаг, аль нэг цэцэрлэгийн захирал газраа барилгын компанид зардаг шиг улс нийтийн өмчийг нэг эрх мэдэлтэн дур мэдэн зарсан хэрэг. Зарсан гэдэг нь Монгол Улс Хятад талаас эргүүлж архивын баримт бүү хэл зүгээр нэг ширхэг хоосон цагаан цаас ч аваагүй юм. Хятадууд манай архивын баримтын эхний 20 ботийг хэвлээд 6 сая гаруй төгрөгөөр зарж байхад сохор зоос ч манай улсад орж ирээгүй. Хятадууд дахин 1260 ботийг хэвлэх гэж байна. 20-хон боть нь зургаан сая гаруй төгрөг бол нийт 1280 боть нь хэд болох вэ?
Ийм атал С.Чулуун хэнд ч хэрэггүй хэдэн захиа л өгсөн гэж мэлзээд байгаа нөхөр. Хэнд ч хэрэггүй байсан юм бол яагаад 20-хон боть нь зургаан сая гаруй төгрөгөөр зарагдаад, бүүр дуусчихаад байгаа юм бэ, авсан хятадууд нь баярлаж, дэвхэцээд байгаа юм бэ. Энэ бол тун ноцтой хэрэг шүү.
-С.Чулууны хамтардаг Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн нь Солонгостой хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэн Солонгосын түүхийг гуйвуулсан гэсэн мэдээллийг та баримттай гаргаж ирсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дараагийн хамгийн харамсалтай зүйл нь С.Чулууны хамтран ажилладаг Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн гэдэг нь өөрөө их маргаантай байгууллага байгаа юм. Жишээ нь, уг хүрээлэн 2002-2007 онд Солонгостой хамтран хэрэгжүүлсэн “Зүүн Хойд Ази” судалгааны төслийнхөө хүрээнд Солонгосын түүхийг гуйвуулан, эртний Солонгосын Гогурёо улсыг “эртний хятадын нэг угсаатны байгуулсан зах хязгаарын жижиг улс” гэх зэргээр бичих болж, үүнийг нь ч олон хятад судлаач дэмжиж судалгаа гаргаж эхэлсэн байгаа юм. Иймд Солонгосын Засгийн газар хүртэл эсэргүүцэл гаргаж, түүх гуйвуулахаа зогсоо гэж байсанг та бүхэн доор холбоосоор орж уншаарай https://www.mofa.go.kr/eng/wpge/m_5436/contents.do
Мөн энэ асуудал одоо болтол шийдэгдэггүй Хятад, Солонгосын хоорондох маргаантай асуудал болсоор байгааг аль ч мэдээнээс унших боломжтой. Солонгосын цаашлаад Японы, бусад хөрш улсынхаа түүхийг гуйвуулж чаддаг, чадах ч ёстой, бүүр ийм зорилготой энэ хүрээлэнтэй хамтран ажилладаг С.Чулуун яг ямар санаатай хүн бэ. Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүйгээр өөр ямар ажил хамтарч хийсэн бол.
-Энэ баримт бичгүүдийг өгснөөрөө Монгол Улсад дээрх улсуудын жишээ шиг ийм төрлийн асуудал гарах уу?
-Хангалттай гарна. Одоо хятадууд манай түүхийг юу гэж бичихийг бид таашгүй. Солонгосын хувь заяа биднийг хүлээж байна. Ер нь манайхан Хятад улс сүүлийн хэдэн жил хөрш улсуудынхаа архивын зорилготойгоор цуглуулсанг, ялангуяа Шинжааны асуудалтай холбоотой, тэнд юу юу хийж байгааг жаахан судалж үзээсэй билээ.
Тэнд болж байгаа зүйл Өвөрмонгол, цаашлаад манай түүх соёлд давтагдах нөхцлийг С.Чулуун бүрдүүлж өглөө. С.Чулууны дотно найз, манай архивын баримтыг авахад голлон оролцсон, Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн захирал Лишен гэж хүн үнэхээр сэжигтэй нөхөр. Тэрбээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны Шинжааныг зохицуулах бүлгийн мэргэжилтэн. Угсаатны хэрэг эрхлэх хорооны гишүүн, Үндэсний аюулгүй байдлын бодлогын хорооны судлаач зэрэг дандаа ЦӨӨН ТООТ ҮНДЭСТНИЙ асуудлыг мэдэж, зөвлөдөг нэгэн.
Хятадын дарга Си Жиньпин хятадын 56-н үндэстэн хятад болох ёстой гэсэн бодлого баримталдаг. Түүнийх нь үр дүн Өвөр монголчуудын бичиг үсэг, соёлыг хязгаарлахаар илрээд байгаа бид бүгдээрээ мэдэж байгаа. Лишен энэ ажлыг хийдэг хүмүүсийн нэг. Мөн тэрбээр "Хятадын тухай түүхэн ойлголтын үүднээс, Хүннү улс бол дотоод юм. Өөрөөр хэлбэл, Хүннү улс бол Цинь, Хань улсуудын үед Хятад улсыг бүрдүүлж байсан нэг хэсэг мөн (对于历史上的中国而言,匈奴是“内”, 即匈奴是秦汉时期中国的组成部分)" гэж ил цагаан бичдэг хүн. Одоо хятадын тал тэр их баримтыг яаж судалж, юу гэж бидний түүхийг гуйвуулахыг С.Чулуун ч таах аргагүй болжээ.
-Хэрвээ С.Чулууны гэм буруутай нь хуулиар тогтоогдвол зарагдсан түүхийн чухал бичиг баримтыг Монгол Улсаас эргүүлж авах ямар нэг оролдлого санал санаачлага гаргах уу?
-Одоо бидэнд цорын ганц арга байгаа нь С.Чулууны гэм буруутайг тогтоож, архив өгсөн ажил нь буруу байсан гэж шийдэх. Тэгсэн нөхцөлд хууль зөрчсөн, буруу зүйл тул хуулбарласан архивын материалаа буцааж авах үндэслэл үүснэ.
Хэрвээ С.Чулуун буруугүй гэх юм бол архивын хэрэг ч зөв зүйтэй болж, хятад ч тэр бүхнийг ашиглах бүрэн дүүрэн эрхтэй болно гэсэн үг. Төр засгийн эрх бүхий байгууллагууд энэ бүхэнд анхаарч, холбогдох арга замаараа архивын баримтаа авах болов уу гэж найдаж байна. Ингэж л байж манай Монгол Улс улс шиг улс гэдэг нь нотлогдох юм. Төрийн хамгийн чухал үүргийн нэг шударга ёсыг тогтоох буюу гэмтний гэмийг үүрүүлэх, гавьяатын гавьяаг хөхүүлэн шагнах билээ.
-Ер нь түүхч, судлаач хүмүүс ямар ёс зүй, ёс суртахуун баримтлах ёстой юм бэ?
Их олон зүйл хэлж болно. Үгүй ядаж бусдын оюуны бүтээлийг эрхийг зөрчихгүй байх ёстой. Залуу, эмэгтэй судлаачдын эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Бусдын бүтээлийг өөрийн нэр дээр бичихгүй байх ёстой.
Хамгийн гол нь худлаа ярьж, хулгай хийхгүй байх учиртай. За ер нь С.Чулууны хийж байгааг хийхгүй, түүний яг эсрэг дүр нь байхад л та ёс зүйтэй, ёс суртахуунтай хүн болчихно доо.
-Өөр нэмэлт мэдээлэл танд байна уу?
-Энэ С.Чулуун мэтийн албан тушаалаа ашиглан, аль нэг даргын өмгөөлөлд орсон өчүүхэн дарга нарын үг, үйлдлийг байнга хянаж байгаарай. Тэд боломж л гарвал хулгайлах, хуурах гэнэ шүү.
С.Чулуун өөрийнх нь гэмийг илчилсэн хүмүүсийг ажлаас нь халуулж, ална гэж дарамталж, агсан согтуу тавьж зүйл бүрээр зовоосон. Гэвч шударга үнэн хэзээд ялдаг жамтай. Энэ мэт дарамтнаас айлгүй, элдэв янзын бусармаг үйлдлийн эсрэг дуугарч байгаарай. Та ганцаардахгүй, танд хүч байгаагүй шүү гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа
Х.Умаахан