Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, намын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр "2024 оны УИХ-ын сонгуульд хаяанд ирсэн. МАН эрх баригчдын хувьд 2020 оны долдугаар сарын 1-нээс дараагийнхаа сонгуульдаа бэлдээд явж байгаа. Харин АН бүтэн хоёр жилийг алдчихаад байна. Тэгэхээр бид МАН-аас 2-3 дахин хурдтай, илүү цаг зарцуулж ажиллахгүй бол 2024 оны сонгууль ээдрээтэй болно.
Ингэхийн тулд маш тодорхой үйл ажиллагааг хийнэ. АН ажил хэрэгч улстөрийн хүчин байна. Ковид цар тахлын үр нөлөөгөөр маш олон айлын амьдрал сүйрч, олон өрх ядуу гэх эгнээ рүү орж, олон мянган бизнес эрхлэгчид дампуурч байна. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Тиймээс АН ажил хэрэгч байж, асуудалд хандах болно. Монгол орныг хамарсан ядуурал ажилгүйдэл ямар нөхцөл байдалд оруулж байгааг бүгд харж байгаа. Өнөөдрийн нийгмээ судална. Судалгааны төвүүдтэй хамтарч ажиллана. Нийгэм, эдийн засаг болон монголчуудын оюун ухааны хөгжил дэвшил, залуучуудын хүсэл бодол сонирхол зэрэг олон зүйлийг судална.
АН-ын бүлгээ бид дэмжиж ажиллах болно. Бусад улстөрийн хүчнүүддээ хэрхэн яаж хамтрах талаар ярина. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар судална, хамтарч ажиллана. АН ямар ч хэрүүл, маргаанд оролцохгүй, ардчиллаар овоглодог бүх хүмүүсийг нэгтгэнэ" гэлээ.