Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан эл өдрүүдэд улс нийтээрээ шахуу өвөл өмсөх дулаан хувцсаа бэлддэг. Тиймээс хил хаалттай эдгээр өдрүүдэд өвлийн хувцас хэрэглэлийн үнэ, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжилахаар Олон улсын худалдааны төв Нарантуул захыг зорилоо.
Нарантуул худалдааны төвийн хаалгаар ороход түмний хөлд дарагдаж, худалдан авахаар зэхсэн барааныхаа үнийг сонсоод эргэж буцсан иргэд, худалдан авчихаасай хэмээн горьдон харах худалдаа эрхлэгчид угтлаа. Мөн том, том хайрцагтай барааг уул овоо мэт овоолон чирсэн тэрэгчид “Зам тавь, Зам тавь, Холдоорой, Холдоорой" хэмээн чанга чанга дуугаран зөрөлдөж байлаа.
Худалдаа эрхлэгч болоод, үнэ буулгах гэсэн иргэдийн хооронд “Тав, арван цаас татаач хө” “Хаа хаанаа амьдрал хэцүү байна аа, За яахуу хэлсэн үнэндээ ав, ав гэх мэт үгс хөвөрч байгааг “Эдийн засгийн тулаан өрнөж байна” хэмээн хэлж болохоор байлаа.
Хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэг нь өвлийн гутал, куртка, эсгий болон гар хийцийн гутал зардаг хэсэг, мөн малгай ороолт дотуур өмдний хэсэг байв.
"Хил хаагдсанаас болж өвлийн хувцас зардаг зарим лангуунууд хоосорчээ"
Биднийг хамгийн их гайхшруулсан зүйл бол куртка зардаг ихэнх лангуунууд хоосорсон байдалтай байлаа.
Энэ талаар худалдаа эрхлэгч Т.Энхцэцэгээс тодруулахад “Хил хаагдсанаас болж энэ төрлийн лангуу эрхлэгчид бараагаа зарж дуусаад амарсан байна. Иргэдийн худалдан авалт муу байна. Би ч гэсэн өнөөдөр энэ хэдэн бараагаа зарж дуусаад маргаашаас гэртээ л байх байх даа. Куртканы үнийн хувьд 90 мянгааас эхлээд 200 гаран мянган төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм.
Харин хүүхдүүдийнхээ өвлийн хувцсыг бэлдэхээр Хэнтий аймгаас орж ирсэн Ч.Мөнгөнхуягийн хувьд “Хөдөөнөөс орж ирээд хоёр хоног захаар тэнэлээ. Юмны үнэ ингэтлээ нэмэгдсэн байгааг сая л анзаарлаа. Өмнө хоёр хүүхдийн өвлийн хувцсыг 400 мянган төгрөгөнд багтаагаад авчихдаг байсан. Гэтэл одоо 700 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй бололтой. Юмны үнэ өсөөд байхад төр засаг нь цалин цавуугаа нэмдэггүй юм байх даа. Зарим хүмүүс өвөл хөлдөхгүйн тулд зээл ч авч байна. Ямар хөлдөж үхэлтэй биш одоо авдаг л байх даа. Наанадаж л нэг малгай авъя гэхэд 50 мянга гээд буухгүй байх юм даа” гэлээ.
"Лидрен буюу дуураймал гутал 100 мянгаас дээш байгаа бол арьсан гуталны үнэ 200-350 мянган төгрөгийн үнэтэй байна"
Гуталны үнийн өнгөрсөн жилүүдээс бас л нэмэгджээ. Иргэн Д.Эрдэнэ "Хэдэн мал борлуулж Архангайгаас орж ирлээ. Гэрийнхээ хэдэн хүний өвлийн хэрэглээг хангахаар ирсэн чинь юмны үнэ тэнгэрт хадсан байх шив. Хоёр төлөгний мөнгөөр нэг гутал авахад бараг хүрэлцэхээргүй болсон байна. Хаа хаанаа л амьдрал хэцүү байна даа. Махны үнэ өсөөд л гээд байдаг. Яг ченжүүдийн гарт малчид бид нар чинь хямдхан өгдөг юм шүү дээ. Цаашдаа хүмүүс яаж амь зуух учраа ч олохоо байж байна даа. Зарим өмнө жил өмсөж байсан хэдээр нь зүтгүүлнэ дээ" хэмээн учирлалаа.
Гуталны үнэ,
- Дуураймал арьсан гутал 100мянга+
- Арьсан гутал 200-350 мянга
- Годон гутал 1,100мянга+
- Бор эсгий гутал ноднин жил 30мянга байсан бол одоо 50мянга
- Цагаан эсгий гутал 40мянга
- Хөх түрийт 200мянгаас 400 мянган төгрөгийн хооронд
- Малчдын голчлон өмсдөг гар хийцийн гуталнууд хил хааснаас болж материалгүй болж 100мянга + гэсэн үнэтэй байна
Гутлын худалдаа эрхлэгчид: "Бид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхөж байна"
Бид гутлын худалдаа эрхлэгчидтэй уулзаж, хил хаасан сургаар үнийн хөөрөгдөл үүссэн эсэх иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар тодруулахад, гутлын худалдаа эрхлэгч Г.Эрдэнэбат " Хил хаасан гээд үнээ нэмээд хөөрөгдүүлээд байгаа юм бол байхгүй. Ердөөсөө нөхцөл байдал ийм байна. Харин иргэдийн худалдан авалт муу муу. Бид хэд чинь ноднин хөл хорионд ороод бараа бүтээгдэхүүн зараагүй. Ноднингийн бараагаа одоо л борлуулж байна. Хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж л яваа улс шүү дээ. Бараагаа татаж чадахгүй бол ингээд л зогсонги байдалд орж түрээсээ ч төлж чадахгүй байдалд хүрэх нь" гэв.
Өвлийн барааны үнэ,
- Малгай 50 мянга
- Савхин бээлий 20мянга+
- Ноосон өмд 30 мянга
- Ноосон оймс 20мянга+
- Өвлийн куртка 100-160мянга
- Хүүхдийн гадуур хувцас 50+
"Бараа худалдан авахад сонголтгүй нэгэн хэвийн байна"
Оюутан А.Өнөрбаярын хувьд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг байна. Харин түүний цалин саяхан бууж, өнөөдөр ийнхүү захаар хэсэж яваа гэнэ. Тэрбээр "Цалин буусан болохоор баяртай байгаа хэдий ч мөнгө мөнгө биш болсон байна. Дээр нь барааны хувьд ямар ч сонголт алга нэгэн хэвийн. Гутал, бас бус юм авахаар тооцоолж гарсан хэдий ч гутлаа л арайхийж авч чадах юм шиг байна" гэсэн юм.
Ийнхүү бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөж байна. Эндээс харахад инфляци өсөж бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр иргэдийн аж амьдрал улам л доройтож байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хил хаагдсанаас болж хүнс, эмийн бүтээгдэхүүнээс гадна барааны хомстолд ч орж магадгүй болж байна. Шинэ хувцас ч хэрэглэж чадахгүй уранхай ноорхойгоо нөхөөд ч хамаагүй давна даа гэсэн Монголчууд өдрөөс өдөрт нэмэгдэх дүр зураг харагдлаа.