COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар 28 шинжилгээ авснаас халдвар илрээгүй байна. Энэ нь эмнэлгүүдэд уушгины хатгалгаа гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй иргэдэд коронавирусийн халдвар байгаа эсэхийг тандан судалж буй арга юм.
Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирж, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 иргэн, Орхон аймагт тусгаарлагдсан 1 иргэнд коронавирусийн халдвар илрээгүй. Бусад шинжилгээ, тандалт судалгаа хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 иргэн ХӨСҮТ-д тандалт, судалгаа хийж байна. Халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэв.