УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орсон. МАН манлайлал үзүүлэн энэ өөрчлөлтийг хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тангаргын үг өөрчлөгдсөн. Тангаргад УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэг өгүүлбэр нэмэгдсэн. Энэ тангаргаасаа няцвал УИХ-ын гишүүнээсээ огцорно. Миний бие өнгөрсөн оны долдугаар сард тангаргаа өргөөд энэ асуудлыг хэлж байсан. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдгээ хэлээд байтал маргааш нь УИХ-ын хуульд өөрчлөлт ороод, УИХ-ын гишүүн ТББ-ын ажлыг хавсарч гүйцэтгэдэг болгосон.
УИХ-ын гишүүн улсын төсвийг баталдаг. Гэтэл зарим ТББ-ууд улсын төсвийг захиран зарцуулдаг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Төсвөө өөрсдөө баталчихаад өөрсдөө зарцуулна гэсэн үг. Үүнийг хязгаарлах шаардлагатай. Шинэ УИХ-аас 300 гаруй ТББ эрхэлж байгаа гэдэг судалгааг УБЕГ-аас 2020 онд гаргасан.
ТББ-ын ажлыг УИХ-ын гишүүд хавсарч хийхийг хориглох саналыг гаргавал хүлээж авах боломжтой юу" гэж асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Миний зүгээс татгалзах зүйл үгүй. Ашиг, сонирхлын зөрчлийг ганц ТББ дээр ч ярихгүй. Бидний харилцан хамааралтай этгээд, гэр бүлийн хүмүүсийн бизнес үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахад татгалздаг. Миний харж байгаагаар зарим нэг гишүүд төсвөөс дэмжлэг авч байгаа ТББ-д орж ажиллах нь зөрчил үүсгэж байгаа байх. Харин Төгсөгчдийн холбоо, аймаг орон нутгийн ТББ зэрэг байгууллагуудада орж ажилладаг байх. Санал гаргаад дэмжигдвэл татгалзах зүйл үгүй" гэв.