УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр орж ирсэн хүмүүс олон болсон. Нутгархах байдлаар томилгоо хийж, энэ хүний эзэн хэн бэ гэдэг байдлаар ханддаг байдал төрийн албанд хавтгайрсан. Төрийн албан хаагчид иргэдэд биш эзэндээ үйлчилдэг болсон. Томилуулсан хүндээ үйлчилдэг болсон. Үүнийг хуулиар яаж хааж өгөх зорилготой байна вэ. Үүний нэг томоохон хохирогч нь АН болсон. Өнөөдөр АН-ын тамга тэмдэгтэй холбоотой асуудал бидний дотоод хагаралд огт байгаа юм биш. Зарим хүмүүстэй хуйвалдаж байгаа хүмүүсийн өргөдлөөр төрийн албаны эзэндээ үйлчилдэг ганц нэг албан хаагчид дугаар олгоод, шийдвэр гаргаснаас энэ бүхэн болж байгаа.
Төрийн албанд ажлаа мэддэг, улсынхаа төлөө сэтгэл гаргаж ажилладаг хүн ховордсон. Ажлыг яаж гацааснаар өөртөө ашигтай байлгах талаар л боддог" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн албаны хуулийн үндсэн зарчим нь төрийн бүх албан хаагчид ард түмний төлөө үйлчлэх ёстой. Нэг талаас төрийг албыг нийгмийн алба гэж ойлгож болно. Өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн алба нь илүү давамгайлах, нийгмийн итгэлийг хөсөрдүүлэх алба маягтай болоод байна. Иргэд ашиг сонирхлоо хамгаалуулах гэж энэ хүмүүсийг сонгож байгаа. Суурь зарчмыг баримтлуулахын тулд эдгээр шаардлагуудыг тавихаас өөр аргагүй. Монгол төрийн алба сүүлийн 5-10 жилийн дотор асар ихээр доройтож байна. Бодлого гаргаж, хөгжил тодорхойлж байгаа улс төрийн албан тушаалтнууд ёс зүйгүй, зарчимгүй, шалгуурт нийцээгүй мэдлэг боловсролоо нийцэхгүй байгаа" гэв.