Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Олон жилийн өмнө батлагдаад дуусаагүй царцсан төслүүд тэр тусмаа боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн барилгууд байна. 4-5 жилийн өмнө батлагдсан өртөг өнөөдөр ямар ч ач холбогдолгүй болсон. Барилгын материал, ажлын хөлсний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан өртгийг нь нэмэгдүүлж орж ирж байгаа төслүүдийн нийлбэр дүн хэд байна вэ? Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадгийг яаж өөрчлөх вэ?

Төрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж байгаа. Өнөөдрийн бүтэц, зардлын хэмжээгээр төрийн өмчит компаниуд ийм хэмжээний ногдол ашиг төлж чадахгүй. Төрийн өмчит компаниудын бүтцэд ямар өөрчлөлт оруулах вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа төслийн шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт тал дээр онцгой анхаарах ёстой. Засгийн газрын хувьд УИХ-ын гишүүдтэйгээ хавраас эхлэн 2022 оны хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хамтран хийсэн. Бидний өргөн барьсан төсөвт аудит хийгээд хөрөнгө оруулалтын бэлтгэлгүй, зураг төсөвгүй зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол том ахиц.

Олон жил зарцсан хэд хэдэн төслүүд байгаа. Эдгээрийн магадлалын ерөнхий дүгнэлт хуулийн хүрээнд гарсан. Нийт 184.7 тэрбум төгрөгийн шилжих хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдэж 2022 оны төсөвт тусгаж өргөн барьсан. Нийт 120 төсөл байгаа. 103 нь шилжих төслүүдэд багтаж орсон.

Төрийн өмчийн компаниудын хувьд дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон. Эдгээр компаниудын нийгмийн өгөөж багассан байна. Тийм учраас компани нэг бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Үнэхээр стратегийн ач холбогдолтой бол төр 100 хувь аваад явна. Биржээр гарган хувьцаат компани болгож нийгмийн өгөөжийн засаглалыг сайжруулах боломжтой бол энэ замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Гуравт, үнэхээр төр авч явах шаардлагагүй бол шууд татан буулгах юм" гэлээ.

Г.Амартүвшин: Төрийн өмчит компаниуд 2022 оны төсөвт 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэх төсөөллийг боломжгүй гэж харж байгаа
Г.Амартүвшин: Төрийн өмчит компаниуд 2022 оны төсөвт 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэх төсөөллийг боломжгүй гэж харж байгаа
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.