Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Төрийн өмчит компаниуд 2022 оны төсөвт 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэх төсөөллийг боломжгүй гэж харж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нэмж байгуулахыг хэлэлцэхийг дэмжив.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Эдийн засгийн хүнд хэцүү үед шинэ яам байгуулах нь зөв, буруу гэсэн шүүмжлэл их байна. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв. Эдийн засгаа өсгөх, экспортын урсгалаа нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс энэ бодлогийг Засгийн газрын түвшинд нэг яам базаад, хариуцаад явах нь зөв. Харин бүтцийг нь эргээд харах хэрэгтэй. Учир нь эдийн засаг ийм хүнд байхад нэг яам байгуулаад, данхар бүтэцтэй, зардал нь нэмэгдээд байвал утгаа алдана. Дөрвөн шинэ агентлаг байгуулах асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Цагаа олоогүй шийдвэр үү гэж харж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам яг одоо хэрэгтэй юу, үгүй юу. Хариуцах ажил, асуудал нь юу байх юм. Бүтэц, эрх мэдэл нь ямар байх вэ гэдгийг нарийн судлах хэрэгтэй. Аль болох зардлаа танах чиглэлд анхаарах хэрэгтэй байна.

Төсвийн нөхцөл байдлыг харахад 2015 оноос хойш төсөвт суугдсан хэрнээ царцсан маш олон төсөл байна. Түүнийгээ 2021 онд 300 гаруй тэрбумаар өртгийг нь нэмэгдүүлээд оруулаад ирж байна. Ийм байдлаар төсвийн алдагдлаа нэмэгдүүлэхээр учир дутагдалтай байна. Жишээ нь, манай ХУД-т 2, 3 цэцэрлэг хэдэн жил царцчихсан балгас байдалтай байна.

-Дөрвөн агентлаг байгуулахад нэг агентлагийн жилийн төсөв нь 15 тэрбум төгрөг байна гээд гишүүд шүүмжлээд байгаа?

-Би санал нэг байгаа. Төрийн өмчит даатгалын санг удирдах корпораци гэж байгаа. Энэ ямар шаардлагатай юм. Бүхэл бүтэн Даатгалын салбар байхад төрийн өмчит даатгалын санг ямар зорилгоор байгуулж байгааг ойлгохгүй байна. Өчнөөн олон төрийн өмчид компани байна. 2022 оны төсөвт 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэсэн төсөөлөл орж ирж байна. Үүнийг би боломжгүй гэж харж байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниуд тийм ашиг гаргаж чадахгүй. Тиймээс зардлыг нь танах хэрэгтэй. Компани болгон том удирдлагын багтай, данхар бүтэцтэй байх шаардлагагүй.

“Илрүүлэлт Оргодол-2021” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон“
“Илрүүлэлт Оргодол-2021” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.