Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ. МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Дөл “Монгол Улсад залуучуудын байгууллага үүссэний 100 жилийн ой тохиож байна. “Монголын хувьсгал” залуучуудын байгууллагын суурин дээр үүссэн Монголын залуучуудын холбооны 30 жилийн ой мөн тохиож байна. МЗХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 24-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан. Уг шийдвэрийг гаргахаас өмнө МЗХ-той үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан шаардах бичгүүдийг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одод удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой хариуг өгөөгүй. Мөн МЗХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байсантай холбогдуулан хуралдаж, ТББ-ын тухай хуульд үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал,
МЗХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх,
Үндэсний залуучуудын холбооны гуравдугаар хуралдааны өдрийг хүртэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Нямааг томилох.
ҮЗХ-ны нэг, хоёрдугаар хурлаас хойш дахин хурал хийгээгүй. Түүнээс хойш МЗХ-ны үйл ажиллагаа доголдож, бодлого чиглэл ойлгомжгүй болсон” гэлээ.
МЗХ-ны Удирдах зөвлөлөөс тус холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг ажлаас нь түдгэлзүүлэх болсон шалтгаан нь МЗХ-ны үндсэн дүрмийг зөрчсөн,
Байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан, нуун дарагдуулсан,
Байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр уг шийдвэрийг гаргажээ.
МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Г.Чойжамц “Сүүлийн жилүүдэд МЗХ-ны үе үеийн ерөнхийлөгч нар эрх мэдлээ өөртөө төвлөрүүлж, байгууллагын эд хөрөнгийг өөрийн эрх ашигт ашигладаг. МЗХ-ны үндсэн дүрэм нь ерөнхийлөгч нарт хэт эрх мэдлийг төвлөрүүлсэн байна гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс МЗХ-ны цаашдын үйл ажиллагааг сайжруулахын тулд дүрмийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Мөн ТББ-ын тухай хуульд тухайн байгууллагын өмч хөрөнгийг УЗ шийдвэрлэх ёстой гэсэн байдаг. Гэвч манай ерөнхийлөгч МЗХ-ны үе үеийн дурсгалт түүх болсон өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан асуудал гарсан. Тиймээс энэ сарын 29-нд МЗҮХ хуралдахаар боллоо” гэв.
МЗХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичиг Г.Батбаатар "МЗХ-д үүсээд буй асуудал 2018 оноос эхэлсэн. МЗХ-ны үндсэн үйл ажиллагаа бол зорилтот бүлэг буюу 18-39 насны залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд тулгамдсан асуудлыг төр засагт хүргүүлж, хамтын ажиллагаагаар шийдвэрлэдэг. МЗХ өөрийн гэсэн дархлаатай, ямар нэг намын буюу гадны нөлөөтэй үйл ажиллагаа явуулдаггүй" гэлээ.