Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны уяачдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө. Хуралд 21 аймгаас ирсэн 90 гаруй уяачдын төлөөлөл оролцсон юм.
Хуралдааны гол зорилго нь үндэсний их баяр наадмын шинэчилсэн найруулгийн төслийг өргөн барих цаашлаад өв соёлоо хамгаалж үлдэх бөгөөд энэ үеэр Монголын эрийн гурван наадмын холбоодууд хамтарч ажиллахаар боллоо. Тодруулбал, хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Монгол Наадам” түүний биет бус соёлын өвийг унаган төрхөөр нь хадгалах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой хамтран ажиллах санамж бичигт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван нар гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн "Анх 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан. Энэ үеэс хойш үндсэндээ долоон удаа уг хуулинд өөрчлөлт орсон. 2019 оноос хойш тус хуулинд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж явцын дүнд нэмэлт өөрчлөлтөөр Монгол наадам бөх, сур, морьтой холбоотой асуудлыг хуулийн төслийг боловсруулах явцад тогтоогдон өргөжиж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулаад явж байна. Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэгдэнэ.
Монголын Үндэсний спортын уралдаан Уяачдын холбооны зүгээс Монгол наадам морь, бөх, суртай холбоотой ёс жудгаас давсан маргаан болоод байгаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үүднээс Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний сурын холбоодод хамтран ажиллах санал тавьсан. Үндэсний холбоодууд нийлж байгаа хамгийн гол зорилго нь энэ хуулиа намрын чуулганаар батлуулах, гажуудсан асуудлыг шийдвэрлэх, яаралтай хууль тогтоомжоо баталж өгөх саналыг тавьж буйгаараа ач холбогдолтой" гэв.
Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Магалжав, Монголын Үндэсний Сурын холбооны дэд Ерөнхийлөгч Хүрэлбааатар нар уг саналыг хүлээн авч хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү 1990 оноос хойш анх удаагаа Монголын морин уралдаан, уяачдын холбооноос монголын үндэсний бөхийн холбоо, монголын үндэсний харваачдын холбоотой хамтарч ажиллах санал санаачлага гаргаж, өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж үйл хэргээ нэгтгэлээ.
Тус холбоод Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, УИХ-ын гишүүдэд хандаж уриалга гаргах, хамтарсан хүсэлт шаардлага хүргүүлэх, монгол наадам соёлын өвтэй холбоотой Засгийн газрын чиг үүргийг үндэсний холбоодуудаар гүйцэтгүүлэх, баяр наадмыг тасалдуулах байх, ард иргэдийнхээ наадах эрх, оролцох оролцоог хангах зорилгын хүрээнд хамтран ажиллах юм байна.
Тэгвэл УИХ-ын 2021 оны намрын чуулганаар “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм. Энэхүү хуулийн төслийг Шадар сайд болон ХЗДХЯ-аас санаачлан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо зэрэг үндэсний холбоод, судлаачдын саналыг авч нэгтгэн уг хуулийн төсөлд тусгажээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс үндэсний морин уралдаантай холбоотой саналыг энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулжээ. Тодруулбал, монгол адууг геномын өвөрмөц дарааллаар нь генетик фондыг тогтоож, улмаар уралдах морьдыг генетикийн түвшинд ил тод цахим бүртгэлжүүлэх, баяр наадмаар монгол зургаан насны ангиллаар монгол үүлдрийн адуугаар уралдах, унаач хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах заалтуудыг боловсруулж, санал өгөн тус шинэчилсэн найруулгад тусгажээ.