Түлхүүр мэдээлэл:
- Итали улсад Ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 3406 хүрлээ.
- Ингэснээр халдварын анхны голомт болох Хятадын үзүүлэлтийг давж, дэлхийн хамгийн их эндэгдэлтэй улс боллоо.
- Тус улс өндөр настай иргэдийн хүн амд эзлэх хувиар дэлхийд Японы дараа ордог.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын улмаас 427 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 3,406 хүрснээр дэлхийн хамгийн их эндэгдэлтэй улс боллоо. Халдварын анхны голомт болох Хятадын эх газар, Хонг Конг, Макао, Тайваньд нийлээд өнөөдрийг хүртэл 3,250 хүн Ковид-19 өвчлөлөөр нас бараад байгаа юм. Харин Итали улс дээрх эндэгдлийн үзүүлэлтээрээ Хятадыг давлаа.
Итали улс 60 сая орчим хүн амтай бол Хятадын хүн амын тоо 1.3 тэрбум. Гэхдээ Итали нь өндөр настай иргэдийн хүн амд эзлэх хувиар дэлхийд зөвхөн Японы дараа жагсдаг юм.
2017 онд НҮБ-аас гаргасан тоо баримтаар бол Италийн хүн амын 30 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байжээ.
Дэвсгэр мэдээлэл: Ковид-19 өвчний улмаас дэлхий даяар нийтдээ 9,600 гаруй хүн амиа алдаад байна. Харин Итали улсад илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 41,035 хүрсэн нь дэлхийд зөвхөн Хятадын (80,928) дараа орох муу үзүүлэлт юм. Италид халдварын улмаас нас барсан хүмүүсийн дотор таван эмч байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters