Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хурлын үеэр Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьсан байх зорилт дэвшүүлж буй талаараа мэдээлсэн. Түүний санаачилгыг иргэд сайшааж хүлээн авсан ч 2030 он гэхэд тэрбум мод тарина гэхэд эргэлзэж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байгаа юм. Тиймээс энэ талаар Монгол орны ойжуулалтын салбарт сүүлийн 30 жил ажилласан ойн мэргэжилтэн, агрономич Ч.Одсүрэнтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих санаачилга дэвшүүлсэн. Ойжуулалтын ажилд 30 жил ажилласан мэргэжилтний хувьд энэ тоо хэр бодит вэ?
-Нэг тэрбум гэлтгүй хэдэн 10 тэрбумаар нь тарьж, ургуулах хэрэгтэй. Бид дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй нөхцөл байдалд орчихлоо. Монгол орны цөлжилт говь гэлтгүй хангай руугаа ороод эхэлсэн. Тиймээс энэ бол дэлхий нийтийн санааг зовоосон асуудал. Бид хэзээ бүрэн цөлжөөд дуусахыг хүлээгээд сууж болохгүй. Тиймээс тэрбум гэж тоо заагаад дорвитой санаачилга гаргаж байгаа нь маш зөв. Ойжуулна гэдэг бол нэг хүний эсвэл нэг байгууллагын хийдэг ажил биш. Энэ үйл бол бүх ард түмний оролцоотойгоор ажил хэрэг болдог. Бүх нийтээр энэ ажилд оролцож байж ирээдүй хойч үеэ эрүүл, цэвэр агаарт амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ.
Ерөнхийлөгч энэ үгийг хэлж хүсэл тэмүүлэл, зорилго байгаагаа илэрхийлсэн нь хамгийн чухал зүйл. Хүн бол сэтгэлийн амьтан учраас бид хүсэж л байгаа бол хийж чадна. Тиймээс үүнд зөв зохион байгуулалт хэрэгтэй. Бэлтгэл ажлаа сайн хангах ёстой. Мэдээлэл харж байхад ганц манайх ч биш, хөрш Казакстан улс хоёр тэрбум мод тарих зорилт тавьсан байсан. Иргэд маань Ерөнхийлөгчийн санаачилгыг хараад суух биш, бүх шатандаа үүнийг хийхийн тулд говь хангайгүй зүтгэж хамтын хүчээр хийх ёстой. Ингэж гэмээн бид сайхан ирээдүйтэй золгох боломжтой.
-Монгол орны ойжуулалт сүүлийн жилүүдэд бага багаар өсөж байгаа гэж дуулсан. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ олон жилийн турш Монгол орны ойн салбарынхан болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам зүгээр суугаагүй шүү дээ. Улсын төсөв бололцоондоо тааруулаад жил болгон ойжуулалтаа хийгээд, арчилгаа хамгаалалтаа давхар гүйцэлдүүлээд мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. Тиймээс мэдээж тодорхой үр дүнгүүд гарч байгаа.
-Ойжуулалтын хамгийн чухал зүйл нь тарьсны дараах арчилгааны талаар мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Энэ талаар тайлбарлавал?
-Ойт хээрийн бүс тэлэх гол нөхцөл бол хур тунадас. Хангалттай хэмжээний хур тунадас орж байвал ойтой талбай байгалийнхаа жамаар тэлж л байдаг. Тэр тусмаа говь, хээрийн бүс нутгуудад хангалттай хэмжээний хур тунадас ордоггүйн улмаас байгалийнхаа аясаар төдийлөн сайн ургаж чадахгүй байгаа юм. Тиймээс тэдгээр ой модыг нөхөн сэргээх, ойт талбайг нэмэгдүүлэх ажилд мод тарих хүсэлтэй хүмүүс ханцуй шамлан орох цаг нь болсон.
-Говийн бүс нутаг бол ойжуулалтын хамгийн хүнд нөхцөлд оршдог бүс нутаг. Говийн бүсэд ямар мод тарьж, ургуулбал зохих вэ?
-Манай улс говь, хангай, хээрийн гурван бүсүүддээ тодорхой хэмжээний ойтой. Говийн бүс нутагт ойн санг бүрдүүлдэг заг хэмээх сайхан ургамал бий. Энэ бол говийн нутагт ойн санг бүрдүүлдэг ганц ургамал.
-Ойжуулалтыг эрчимжүүлэхэд техник хэрэгслийн хэрэгцээ өндөр байдаг байх. Энэ талаар тодруулбал?
-30 жилийн хугацаанд ойжуулалтын ажилд гар бие оролцоход хамгийн хэцүү ажил бол хөрс боловсруулалтын ажил. Өөрөөр хэлбэл модны нүх ухах. Ойролцоо стандартаар ярихад 50 см гүнтэй, 50 см диаметртэй нүхийг хүн гараараа ухах, машин техникээр ухах хоорондоо маш том зөрүүтэй. Нүх ухах машин техникээс гадна нэмэлт усалгаа шаардлагатай. Хангайн бүсийн зарим нутгуудад нэмэлт усалгаа шаардлагатай байхад говийн бүсэд ямар байх нь ойлгомжтой. Тиймээс тариад орхих бус дараагийн арчилгаа, усалгаанд анхаарах хэрэгтэй.
-Нэмэлт усалгааны хувьд бүс нутаг болон модны төрөл зүйлээсээ хамаараад өөр өөр байх. Жишээ нь говийн бүс нутагт нэг модыг ямар давтамжтайгаар услах шаардлагатай вэ?
-Говийн бүс нутагт бол нэмэлт гэлгүй 100 хувь усалгаа шаардлагатай. Хангайн бүсэд тарьсан модноос хоёроос гурав дахин их усалгаа шаардлагатай. Говьд дор хаяж долоо хоногт хоёр удаа хангалттай хэмжээгээр услахгүй бол хангалттай хэмжээгээр услахгүй бол модны амьдрал хэвийн явагдах боломжгүй.
-Ярилцсанд баярлалаа.