"Ubn story" булангийн ээлжит дугаарын зочноор "Voice of Mongolia" шоунаас хойш ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан дуучин Э.Дашнямыг урьж оролцууллаа.
-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед ардын дуунууд дээр ажиллаж байна. Баян монгол гээд хувьсгалч алдартай, сайхан уртын дуучин хүн байдаг. Энэ хүний аялгуугаар зохиосон Баян Монгол гэсэн сайхан ардын дууг найруулаад клипжүүлэхээр ажиллаж байна.
-Таны уран бүтээлүүдийн онцлог нь ахуйтайгаа их ойрхон санагддаг. Ер нь уран бүтээлийн тань гол амин сүнс нь юундаа оршиж байна?
-Миний өөрийн үндсэн мэргэжил бол уртын дууч. Энэ чиглэлээ барьж ажиллах зорилготой байна. Гэхдээ орчин үеийн дуу хэллэг нь байгаа.
-Таныг уран бүтээлчээс гадна хувь хүн талаас нь хүмүүс арай бага мэддэг болов уу. Ер нь та хаана ажилладаг вэ?
-Би Нийслэлийн Улаанбаатар чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна.
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний бага нас ерөнхийдөө хөдөө л өнгөрсөн дөө. Би хоёр настайгаасаа морь унаж эхэлсэн. Ээж, аав хоёр маань одоог хүртэл хөдөө малаа маллаад байж байгаа малчин хүмүүс бий. Малчин айлд өссөн дөө. Манай аав Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Надтай ер нь их төстэй. Бор царайтай том сайхан шүдтэй тийм л хүн байдаг даа. Харин ээж маань махлаг шар хүн. Би одоо ээжийг дуурайгаад жоохон махлаад л байна. /инээв/
-Таны уран бүтээлд дотоод хүч нь их гоё мэдрэгддэг?
-Дуу дуулахдаа ч, хүнтэй харьцахдаа ч сэтгэлээсээ харьцах, сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх их сайхан. Тэрнээс биш хуурамч "Сайн байна уу, баярлалаа" гэдэг үг чин сэтгэлийн илрэл биш. Сэтгэлээс гарч байгаа хүч зүрх сэтгэлд л очно.
-Өөрийг тань Дамдинсүрэн гуайн ач гэж сонсож байсан юм. Та энэ талаар ярихгүй юу. Өвөө тань ямар хүн байсан вэ?
-Манай өвөөг Монголын ард түмэн бүгд Төрийн дуулал, Учиртай гурван толгой зэрэг олон сайхан аялгууг Монголын сонгодог хөгжмийн түүхэнд бичсэн. Манай өвөө 12 сарын гэж яригддаг юм. Би 1993 оны 12 сарын 13-нд төрсөн. Гэхдээ намайг төрөхөөс өмнө бурхан болсон.
-Хувь хүнийхээ өнцгөөс нийгмийн байдалд эмзэглэж явдаг зүйл байдаг уу эсвэл гэгээлэг өнцгөөс ч юм уу?
-Сайхан бүтэж байна. Амжилттай явж байна. Хийж байгаа сайхан уран бүтээлүүдийг маань ард түмэн даган дуулаад, сэтгэлийн урмын үг өгч байгаа нь урлагийн хүний хувьд авч буй хамгийн сайхан шагнал шүү дээ. Сайхан уран бүтээлээ ард түмэндээ хүргэх, түүнийг нь сонссон олон хүн сэтгэлийн жаргал, таашаал авч даган дуулах юм шүү дээ.
-Чамгүй олон хүнд танигдсан Тэрнээс өмнөх Э.Дашням гэдэг хүн ямар байв. Уран бүтээлч хүн ер нь ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Хүн ер нь байгаагаараа л байх нь сайхан. Нэг л амьдарна. Үүлэн чөлөөний наран адил хүний амьдрал гэдэг богинохон. Сайхан үнэн үлдэх нэртэй, үр хойч нартаа хүнд тусархуу нийтэч илүү сайхан байхыг л хичээж явдаг.
-Та аав, ээжийн дуу сонсоход ямар сэтгэл хөдлөлийн мэдэрдэг вэ?
-Урлагийн хүмүүс чинь уярамтгай болчихсон байдаг юм шүү дээ. Өөрсдөө аав, ээжийн дуу дуулсаар байгаад юмыг их хурдан ойлгож хүлээж авдаг болдог. Аав ээжийн тухай ярих дуулах чинь их хүнд сэдэв шүү дээ. Энэ орчлон дэлхий дээр бие хүнийг бүтээж бий болгосон ижий, аав гэдэг бол юугаар ч орлуулшгүй үнэт эрдэнэ. Цаг хугацааны эрхээр алсрах тусам ижий, аав холдож байдаг. Тийм болохоор хэцүү байдаг. Аавынхаа арван жилийн уулзалтад очиж, дуучин Г.Ариунбаатарын "Аавдаа" дууг дуулж байгаад өөрийн эрхгүй уйлсан даа. Хүмүүс ч уйлаад, би өөрөө уйлаад хэцүү юм байна лээ. Аав, ээжийн дууг өөдөөс нь хараад дуулахаар уйлчих гээд хэцүү шүү.
-Анх яаж урлагт татагдаж, уран бүтээл туурвих болсон талаар ярьвал?
-Ер нь өсөж торнисон орчин хүний амьдралд их нөлөөлдөг юм байна лээ. Ээж, аав хоёр бол их сайхан урлагт дуртай, урлагт хайртай, байнга л дуулж байдаг хүмүүс. Тэгээд ийм сайхан ээж, аав, ахан дүүс дуу хөгжимд дуртай орчинд өссөн учраас сайхан л явна. Би Төв аймгийн Алтанбулаг суманд 10 жилээ төгссөн. Манай дуу хөгжмийн н.Даваадалай багш маань урлаг руу орох замыг зааж өгсөн. СУИС-д ардын дууны Дэсэрмаа багш маань олон сайхан хүний ажил, амьдралын гарааг нээж өгсөн дөө. Сайн, сайхан зүйл бодож явбал хүний амьдрал их гэрэл, гэгээтэй байдаг юм шиг байгаа юм. Монгол хүн амны бэлгээрээ гэж.
-Та Д.Отгонбаяр ахтай хамтарч хэр уран бүтээл хийж байна вэ?
-Байнга л хамт байх юм дөө. Отгоо ах маань намайг их дэмжиж тусалж замчилж явдаг хүн дээ. Хурдын ганц нэг дуунуудыг үргэлжлүүлэх санаатай л байгаа. Цогоо ахтай хамтарч "Хурд" хамтлагийнхаа олон сайхан дууг түгээнэ дээ.
-Та одоо нэг хүний дууг дуулчихлаа. Анх дуулсан хүн нь таныг яаж үнэлдэг вэ?
-Их гоё хүлээж авдаг юм шүү дээ. "Гоё дууллаа" гээд л. Өөрсдөө их гоё хүмүүс шүү дээ. Залуу үеээ сайхан дэмжинэ.
-Залуу үеийхэндээ хандаж үг дайх уу?
-Монгол орныхоо өв соёл, газар, ахуй соёл өв уламжлал, зан заншил гээд юм болгоныг хайрлаж хамгаалж яваарай. Энэ их даяаршиж байгаа том том гүрнүүдийн соёлын довтолгооны үед өөрсдийнхөө гэх бүхнийг гаргаж, өвөг дээдсийн үлдээсэн мэдлэг баялгаа түгээн дэлгэрүүлж гаргаасай гэж боддог. Монгол хүн өөрөөрөө бахдвал сайхан шүү дээ. Хүний юмаар биш өөрийнхөө юмаар бахархаж байвал сайхан. Үндэсний өв соёлоо тэр чигээр нь хадгалаад яваасай л гэж хэлье дээ. Ээж, аав шигээ хүндэлж яваасай.