Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд заавал эмнэлэгт хэвтэх гэж “зүтгэснээс“ болж, хүнд хэлбэрээр өвдсөн иргэдэд ор олдохгүй улам хүндэрч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 57 секунд

Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш эмнэлгийн нийт орны нөөцийн 90 гаруй хувийг ковидын хөнгөн болон хүндэвтэр өвчтөнүүд эзэлж байгаа талаар бид мэдээлсэн. Мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

Халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед коронавирус болон бусад өвчнөөр хүнд өвдсөн иргэд эмнэлгийн ор бараадаж чадалгүй гэртээ хүндрэх, цаашлаад нас барах тохиолдлууд олон байна. Коронавируст халдварын улмаас нас барсан нийт хүний 20 орчим хувь нь гэртээ өөд болж буй талаар ЭМЯ мэдээлж байв. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сард буюу халдварын өмнөх давлагааны үеэр орны асуудал мөн л сөхөгдөж байсан. Ойрын хавьтал болсон хоёр сартай нярай амьсгалж чадалгүй гэртээ нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Нярайн гэр бүлийн бусад таван гишүүн бүгд халдвар авсан хэдий ч эмнэлэгт бус гэрээр эмчлүүлж байсан учраас нярай халдвар авч амьсгалж чадахгүй байснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй нас барсан.

Мөн өнгөрсөн долдугаар сарын 3-нд халдвар авсан иргэн рентген зургаа барьсаар эмнэлгийн гадаа нас барсан тохиолдол ч гарсан. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон “Энэрэл” эмнэлгийн аль аль нь орны тоо дүүрсэн гэх шалтгаанаар тухайн иргэнийг хоёр тийш буцаасаар эцэст нь “Энэрэл” эмнэлгийн гадаа амьсгал хураасан харамсалтай явдал болсон.

Энэ мэт тохиолдлууд нэг талаас эмч, эмнэлгийн ажилтнуудын алдаатай үйлдэл боловч нөгөө талаас үнэхээр эмнэлгийн ор дүүрсэн тохиолдолд өвчтөний биеийн байдлыг үл харгалзан шууд орноос чөлөөлөх эрхгүй. Тухайлбал, тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд "Таны бие хөнгөн учраас гэртээ эмчлүүлнэ үү" гэж хэлж чадахгүй. Тиймээс иргэд бид ухамсартай байж, өөрийгөө хамгаалахын тулд таниас илүү хүнд өвдсөн бусад хүмүүсийн эрхийг хааж болохгүй.

Өчигдрийн байдлаар Монгол Улс коронавирус халдварын улмаас нас барсан 1001 дэх хүнээ бүртгэлээ. Хөнгөн болон хүндэвтэр өвчтөнүүд гэрээр эмчлүүлэн эдгэх бүрэн боломжтой учраас хүнд өвчтөнүүддээ боломж олгон гэрээр эмчлүүлэх уриалгыг хүргэж байна. Ингэснээр хүнд хүмүүс нэн хүнд рүү шилжих, нэн хүнд хүмүүс нас барах тохиолдлоос урьдчилан сэргийлэхэд иргэд бидний оролцоо чухал болоод байна.

Мөн өрхийн эмнэлгийн эмч сувилагчид ковидын үед 2000-2500 хүнд хүрч ажиллаж байна. Нэг, хоёр дугаар зэрэглэлтэй эмнэлгийн эмч нар ч гэсэн өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь үнэн. Тиймээс нэгэнт эмч, эмнэлгийн байгууллагын хүрэлцээ дутмаг, эрүүл мэндийн систем нь бүрэн төгс ажиллаж чадахгүй нөхцөл байдалд иргэд бид ч гэсэн зарим боломжит хувилбаруудаа ашиглаж, эмчийн заавар зөвлөгөөний дагуу ковидоо эмчлүүлэх шаардлагатай болоод байна. Хэрвээ эмч, эмнэлгийн байгууллага таны ковидын хэлбэрийг хөнгөн гэсэн тохиолдолд аль болох гэрээр эмчлэх арга замыг сонгоорой. Таныг гэр бүлийн гишүүдээ хамгаалж эмнэлэгт очиж хэвтэх үед чинь хүнд хэлбэрээр өвчилсөн хэн нэг иргэн эрсдэлд орж хайртай гэр бүлээ орхих магадлалтай гэдгийг санах нь зүйтэй.

Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.