Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 172 мянга гаруй иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн талаар албаныхан мэдээлээд буй Тэгвэл томуугийн дархлаажуулалтын талаар СБД-ийн 13 дугаар хорооны Өрхийн эмнэлгийн дарга Б.Алтансувдаас тодрууллаа.
-Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан иргэд томуугийн вакцинд ямар заалтаар хамрагдах вэ?
-Томуугийн хүрээний үүсгэгчийн эсрэг вакцин учраас жирэмсэн эх, хүүхдүүддээ түлхүү хийж байгаа. Коронавирусийн вакцин хийлгэсэн тохиолдолд хоёр сарын зайтай томуугийн вакцинаа хийлгэж болно Хэрвээ коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй тохиолдолд томуугийн вакцинаа шууд хийлгэх боломжтой гэсэн үг. Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хийлгэх боломжтой юм.
-Товлолын вакцин хийлгэсэн хүүхдүүд хэд хоногийн зайтай томуугийн вакцинд хамрагдах боломжтой вэ?
-Хоёр вакцины хоорондох зай нэг сар л байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцаж буй сургууль, цэцэрлэгийн дархлаажуулалтыг явуулын байдлаар зохион байгуулж байгаа. Хэрвээ тухайн хүүхэд товлолын вакциндаа хамрагдаад нэг сар болчихсон бол томуугийн вакциндаа хамрагдаж болно. Харин 30 хоног дотор гүйцээгүй байвал вакцин хийлгэхгүй.
-Вакцины татан авалтаас шалтгаалан өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакцин хангалттай хүрэлцээтэй бий юу?
-Вакцины татан авалтаас шалтгаалаад тогтоосон хэмжээгээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан. Түүнчлэн эхний ээлжинд хамруулах бүлгээ тодорхойлчихсон байгаа шүү дээ. Хуваарилагдсан тундаа тохируулж л вакцинаа хийнэ.
-Вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах хүсэлтэй иргэд хандаж байна уу?
-Ахмад настнууд томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Гэхдээ эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулах ёстой.